Ш.Сайхансамбуу: Мөнгөнд ташуурч гэр бүлээ эвдээгүй цөөхөн хүний нэг нь би » page 11 » Tonshuul.mn

Ш.Сайхансамбуу: Мөнгөнд ташуурч гэр бүлээ эвдээгүй цөөхөн хүний нэг нь би

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
 Монголын тэргүүн баячуудын нэг Ш.Сайхансамбуу улс төрд хүчээ үзэж, Их хурлын гишүүнээр томилогдон ажиллаж байсан. Тэгвэл энэ дуу түүний улс төржөөгүй яриаг та бүхэндээ хүргэж байна.
-Та Дэнжийн мянгын захыг яаж худалдаж авсан юм бэ? Тухайн үедээ их л өндөр үнээр зарагдсан гэж ярьдаг?
-Тэр үед өглөө босоход л захын тухай яриа хөвөрч бүх хэвлэлээр захын тухай бичдэг байлаа. Багталцахгүй байна, явж болохгүй байна, тоос шороо ихтэй байна, нохой хүн хоёр нэг дор хоол идэж байна гээд л. Би машин зарж, ганзага хөөгөөд зах дээр гарахаа болиод бүр хөндийрчихсөн байсан. Гэтэл Улаанбаатар сонин дээр Дэнжийн мянгын захыг хувьчилж, дуудлага худалдаа явуулах тендер зарласныг үзээд оролцохоор шийдсэн. Би өөрөө олигтой төсөл хийж чадах биш АН-ын буурал Г.Ганхуяг агсанаар төслөө хийлгэсэн. Миний багш байсан хүн л дээ. Их сургуульд байхдаа Гончигдорж Хатанбаатар, Батсүх, Ганхуяг  зэрэг залуу багш нараар хичээл заалгасан. Одоогийн  АН-ын шилдэг лидерүүд. Тэр үед надад машин зарж, түүхий эд бугын ясан цусан эвэр, чив засаа цуглуулж байж хуримтлуулсан  29 сая төгрөг л байсан. Зах тэр үеийн ханшаар хоёр сая найман зуун мянган төгрөгөөр л дуудагдсан. Хөрөнгө гэхээр юм байхгүй.  Нэг хашаа, наана нь хоёр дүнзэн байшин тэгээд л болоо. Уурын зуух ч байхгүй. Урьд талын цагдаагийн байрнаас халдаг байсныг сүүлд би уурын зуухтай болгосон.  Муудаад хагарчихсан цементэнд тал талбайтай. Ерөөсөө хөрөнгө нь тэр. Тендерт хоёр компани шалгарсан нь "Женко” Баттулга бид хоёр. Баттулга орохгүй гэж байснаа гэнэт орж намайг сандаргадаг юм. Дуудлага худалдаанд орлоо. Тав таван зуун мянгаар нэмж явсаар өрсөлдөгч маань 47 саяыг дуудаад зогссон. Манайх 49 саяар ялсан. 1995 оны 49 сая гэдэг одоогийн ханшаар дөрвөн зуун миллиардтай тэнцэх байх шүү. Бинзен хоёр төгрөг байсан гээд бод л доо. Би өөрөөсөө айж байсан. 49 сая төгрөгөө алдчихвал яана гэж бодогдож дотор эвгүйрч байсан шүү. Хотын захиргааны Өмч хувьчлалын  комиссынхон хамгийн анхны хамгийн өндөр үнэтэй хувьчлал боллоо гэж өөрсдөө тэмдэглэж байсан. Тэгэхэд зах жилд 700 мянган төгрөгийн татвар улсад өгдөг байсан гээд бодохоор дэндүү ашиггүй наймаа. Хувьдаа 29-хөн сая төгрөгтэй, халаас хоосон шахуу дуудлага худалдаанд оролцчихсон хүн чинь банкнаас зээл авлаа. Найз нөхдөөсөө зээллээ. Бөөн юм болж байж мөнгийг нь эвлүүлж өгсөн.
-"Нарантуул” захыг  480 сая доллараар боссон гэж сонсч байсан санагдана. Энэ хэр бодитой тоо вэ? Машины наймаанд хамтарч байсан герман нөхдүүд рүүгээ хандсан уу?
-Хөрөнгө оруулалтаа татахын тулд байдлыг газар дээр нь харуулах  шаардлага гарсан. Манай зах  муухай, үзүүлэхгүй гэлтэй биш. Дэнжийн мянгын зах наашаа ч үгүй цаашаа ч үгүй нам түгжирчихдэг болохоор ойролцоо уулан дээр нь гарч дээрээс нь "Энэ манай Монголын төв зах” гэж харуулж байсан юм.  Нарантуул захыг 500 сая доллароор барьсан. Хүмүүс хашаа нь газраас ургаад зам нь өөрөө төвигдаж, байшин, барилга нь ургаад ирсэн юм шиг л боддог. Энэ захыг босгох гэж ганцаараа бүтэн гурван жил ноцолдсон. Сард нэг гутлын ул цоордог байсан гээд бод доо. Тэр жалгыг дүүргэх гэж би хойд уулан дээрээс 350 сая төгрөгийн шороо зөөсөн. 1995 онд хамгийн том барилга байгууламж баригдаж байгаа нь тэр.  "Эрэл”-ийн Эрдэнэбатынхтай нийлээд хучилтын хавтан хийдэг хоёрхон үйлдвэр байлаа. Эрдэнэбатаас өөр барилга барьдаг хүн Монголд байгаагүй. Ямар сайндаа тэр хоёр том дээврийг хийж чадах монгол олдохгүй би Хятадаас ажиллах хүч оруулж ирж байж хийлгэсэн. Эхлээд хоёр саяд багтаана гэж тооцож германчуудаас хоёр сая доллар зээлдэг юм. Тэгсэн  хүрэхээ байгаад хугацааг нь  сунгаад гурван удаа тасалж мөнгө зээлсэн. Тэр үед гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирж байсан хүн ховор. Б.Жаргалсайхан хувиараа  "Марубени”-ээс мөнгө оруулж ирсэн байх. Би таван сая доллар биечилж оруулж ирж байснаас өөр томоохон хөрөнгө орж ирсэн юм байгаагүй. Өнөөдөр Сайхансамбуу захтай л гээд байгаа болохоор миний биш ард түмний л юм болсон. Төрийн хамгаалалтад байна. Ямар нэг асуудал үүслээ гэхэд би төр засагтайгаа ярьж байж шийднэ. Биеийн амрыг хараад хятадуудад өгчихөж чадахгүй байна. Би ганц өөрийгөө биш 7000 хүний ахуй амьдралыг даах хариуцлагаа бодоход хүрээд байгаа. Тийм болохоор захыг чинь авъя гээд байгаа хятадуудад нүүр өгөөгүй. Ер задгай захгүй газар хаа ч байдаггүй. Германд ч байна. Америкт задгай захад хүмүүс худалдаа наймаагаа эрхлээд байж л байна.
-Гэхдээ битүү, дулаахан , тохилог зах хэрэгтэй гэсэн яриа гараад байгаа шүү дээ?
 -Захын павильоныг битүүлье гэхэд өнөөдөр ч битүүлчихнэ. Хоёр ч удаа битүүлэх гэж оролдсон. Зураг төсөл нь надад байж л байгаа. Битүүлчихвэл хүмүүс түрээсийг нь дийлэхгүй,  нөгөө талаар хүмүүсийн ухамсар ямар байгаа билээ. Тамхиа унтраалгүй шидчихэд юу болохов. Гүйцээ, нөгөө Бөмбөгөр шиг л үнс болно. Би галыг шүтдэг, галаас айдаг хүн.Манай компани улсын төсөвт 1,5 тэрбум төгрөг татварт төлдөг. 7000 гаруй түрээслэгчтэй. Нэг айл 5 ам бүлтэй гээд бодоход хичнээн хүнийг тэжээж байгаа нь ойлгомжтой. Долоон мянган хүний ажлын байрыг нэг дор шийднэ гэдэг төр засаг ч шийдэж чадахгүй байгаа асуудал. Долоон мянган хүнтэй үйлдвэр Монголд байхгүй. Бүтээгдэхүүн л гаргахгүй болохоос үйлдвэрээс ялгаагүй. Долоон мянган хүн нэг дор цуглаад худалдаа наймаа эрхэлнэ гэдэг тийм ч амар ажил биш. Би зоригтой хөдөлсөн тулдаа хийсэн ажил. 188 хүн энэ захыг ажиллуулж байна. Түрээслээд өгчихсөн. Би ганцаараа ажиллуулж чадахгүй. Нэг захаас нь нөгөө зах хүртэл хэд явахад л ядарна шүү дээ.
-Германчуудаас зээлсэн таван сая доллараа  хэдийд төлсөн бэ? "Нарантуул” зах алдагдлаа нөхөж танд ашгаа өгч эхлэсэн үү?
-5,5 жил болоод төлчихсөн. Бүтээж, барьж болох юм байна гэж урамшаад хамгийн анхны шилэн хүлэмж хийлээ. "Нарантуул” жишиг буудал барьж ашиглалтанд орууллаа. Бүх технологийг нь германчуудаар хийлгэсэн. Манайх "Таван Толгой” "Айвенхоу майнз”-ын герман, хятад мэргэжилтнүүд зэрэг байнгын үйлчлүүлэгчтэй. Спорт цогцолбороо барьж ашиглалтанд оруулаад 2004 оны  Афины олимпод оролцсон боксчид, бөхчүүдийг тэнд бэлдсэн.
-Та гадаад зах зээл дээр ямар салбарт ажиллаж байна. Танай шилний үйлдвэр Хятадад байдаг гэсэн?
-Дээр үед машин зөөж байхдаа танилцсан орос, герман найз нартайгаа  нийлж тавилга хийдэг, үнэр нь гардаггүй модыг Оросоос Финланд  руу гаргаж эхлэсэн. Их үнэтэй эд л дээ. Том том одууд л тавилга хийлгэдэг. Ихэвчлэн ор ширээ хийлгэдэг юм.  Хятадад ажиллаж байгаа шилний үйлдвэрийг Монголд хийх гээд бараагүй. Монголд бүтээгдэхүүн хийгээд Хятад руу гаргая гэхээр татвар нь өсөөд явчихдаг. Хүмүүстэй хамтардаг хүн чинь заавал Монголдоо хийнэ гэж ганцаараа зөрөөд байж болдоггүй зовлонтой. Манайд зах зээл байхгүй, тэгэхээр Хятадад байгуулахаас өөр арга байгаагүй. Германчууд ажиллуулдаг, бид ажиллуулж чадахгүй.  Өнөөдөр хаана ч хэнтэй ч бизнес эрхэлсэн болохоор болсон цаг. Яваандаа дэлхий эдийн засгаараа нэгдэнэ гэдэг нь ойлгомжтой боллоо. Бүхий л салбарт бидэнд боломж байна.
-Та зөвхөн Афины Олимпод оролцсон тамирчид гэлтгүй ялангуяа бокст их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үнийн нь дүнгээр тооцож үзсэн үү? Гавъяат Наранбаатар, Бадар-Ууган зэрэг тамирчид танай дээр байнгын бэлтгэл хийдэг байсныг мэдэх юм?
-Наранбаатар, Бадар-Ууган хоёр манай Намшир багшийн гар дээр бэлтгэгдэж байсан хүүхдүүд. Мөнгөн медаль хүртсэн хоёр тамирчин хоёулаа миний гар дээр бэлтгэгдсэн. Овоо бэлтгэлээ базаагаад ирэнгүүт дундуур нь хүмүүс үймүүлж "Би чамд тэдэн төгрөг өгнө. Чи манай нэр дээр барилдчих” гэдэг ч юм уу толгойг нь эргүүлээд ,амьдралын шахаанд орчихсон хүүхдүүдийг алаад хаячихаж байхгүй юу. Наранбаатар Намшир гуайн гараар явсан бол аль хэдийн дэлхийн аварга болчихсон байгаа. Афины олимпын өмнө Пакистанд хамгийн сүүлийн эрх авах тэмцээнд манай олон улсын шүүгч Баясаа, Оюунболд бид гурав Мөнх-Эрдэнэ, Сэрдамба, Батхүү, Бадар-Ууган гээд таван тамирчин аваад явсан. Арайхийж Олимпийн эрх авч байсан. Олимпийн аварга төрнө гэдэг үнэхээр хэцүү. Олимпийн аварга ямар замаар яаж төрдөгийг эхнээс нь авахуулаад эцсийг нь хүртэл явж байж мэдсэн хүн нь би. Сайн бэлтгэл хийгээд өдөр шөнөгүй дасгал сургуулилт хийсний хүчинд Олимпийн аварга болно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.
-Та спортод мөнгө хаядаг цөөн бизнесменүүдийн нэг. Хобби тань болоод тэр үү? Афины Олимпоос хойш таны урам хугарсан юм шиг санагдлаа.
-Олимпийн ганц алтан медальтай болох гээд чадлаараа зүтгэсэн.Тэгж яваад цаад нарийн ширийн юм руу нь яваад орчихсон. Мөнгө, хүрэл медаль чөлөөтэй. Ганцхан зүүдэг юм байдаг тэрэнд хүрэхэд л монголчуудын хоншоор дутах юм билээ. Яагаад Монгол улс алтан медальд хүрч чадахгүй  30 жил торчихоод байсан нь одоо ойлгомжтой болж байгаа биз дээ. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов аваргууд бяртай  хүмүүс, хараажийн илт давуу байсан хэрнээ мөнгөн медаль л авдаг байсан.  Ганцхан оноогоор л зөрүүлдэг. Их нарийн. Шүүгч л буруудна, золиосолчихож байгаа юм. Зориуд буруу юм руу оруулчихдаг. "Чи буруу шүүлээ. Эрхийг чинь таван жил хасна” гэдэг ч юм уу. Нэгэнт бүх юм өнгөрчихсөн. Түрүүлсэн нь нөгөө алтан медалийг нь зүүгээд арилаад өгсөн байдаг. Үлдсэн хүмүүс яах юм. Тэр алтан медалийг авсангүй гээд Монгол улс хохирчих биш алга болчих биш. Авлаа гэхэд араас нь дагаад алт мөнгө хөрөнгө оруулалт урсаад ороод ирэх биш. Авсан хүн нь мандаж 100 сая төгрөгөө аваад л гүйцээ. Манайхан юмыг амархан мартдаг хүмүүс юм чинь долоо хоноод л мартана. Зүүж үзээгүй болохоор л хорхойсоод байгаа болохоос амь биш заяа биш ямар. Алтан медаль авлаа гэж "Та нар мундаг байна” гээд 100 сая долларын хөрөнгө оруулалт өгчихдөг бол бас яахав. Манай дээр бэлтгэгдэж байсан тамирчдын дунд юм дуулгах хүүхдүүд олон бий. Бадар-Ууган гэхэд дэлхийн хэмжээний тамирчин болсон.
-Та яагаад улс төрд орсон юм бэ?
-Миний нас болчихлоо. Энэ жил би 49 настай. Амьдрал гэж юу байдгийг би мэднэ. Онол ярьдаг хоёр дээд сургууль төгссөн доктор профессоруудын хажууд би амьдралын их сургуулийг дипломгүй төгссөн хүн.  100 хүн удирдаж үзээгүй хүн ерөнхий сайд хийж байсан. Бригадын дарга хийж үзээгүй хүн ерөнхий сайд, УИХ-ын дарга хийсэн. Сүүлийн үед бизнесменүүд улс төр рүү орлоо гэж ярих болж. Энэ яриаг  улс төрчид өөрсдөө л гаргаж байгаа. Онолын мэдлэгээр ард түмний амьдралыг шийдсээр удлаа. Гаднын хуулийг хуулбарлаад хүчээр баталж байна. Тэдгээр хуулиуд нь амьдралтайгаа таардаггүй, зөрчилддөг. Энэ гажуудлыг засах хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийн  хийж байгаа юм бидэнд таалагдахгүй байна. Нөгөө талаар нэг үеийг бодоход би бизнестээ биечлэн оролцоод байх шаардлагагүй, хариуцах хүмүүс нь хариуцаад хийчихэж байна. Харьцангуй чөлөөт цаг ихтэй боллоо. Улс орныхоо амьдралд оролцоотой байх шаардлага гарч байна. Сайхансамбуу гэдэг хүн арван аяганд нэг зэрэг хоол идэж, арван орон дээр унтахгүй. Нэг хүний хэрэгцээ гэдэг маш бага. Өөрийнхөө төлөө явах шаардлага надад алга. Ард түмнийхээ төлөө явмаар байна. Ард түмний эрх ашгийн төлөө дуугарах хэрэг байна. Би сантехникийн слесариас нь ажлыг эхлэсэн. Дулаан хөнжлөөсөө цухуйж тав алдаж үзээгүй өнөөдрийн дарга сайд нарыг бодоход өвлийн шөнө улаан гараараа шугам засаад нойр хоолгүй явж байсан хүн. Ард түмний амьдрал ямар байгааг, юу хэрэгтэй байгааг тэднээс илүү мэднэ. 7000 хүнийг ажлын байраар хангаж жижиг худалдаа эрхлэгчидтэй ажиллаж байна. Ард түмний амьжиргаа ямар түвшинд байгаа, бараг тогоондоо ямар хоолтой байгааг ч би мэдэж байна. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах шаардлага байна. Түүнээс биш надад улс төр хийж өөрийгөө рекламдах шаардлага байхгүй. Яахав, нутгийн ах дүүсийн хүсэлтийг би хөсөр хаяж, үл тоож болохгүй. Надад тийм эрх байхгүй. Ингэж бодож л улс төрд хөл тавьсан. Харин одоо бол сайхан амрах бодол  байна. Би бусадтай адил найр наадамд дургүй. Элдэв ёслолд оролцдоггүй, зусар үгэнд дургүй мангардуу хүн шүү дээ. Их ярьсан, гар нь хөдөлдөггүй хүмүүст дургүй. Олон жил германчуудтай хамтарч бизнес хийсэн болохоор тэднээс их юм сурсан. Германчууд цаг яс баримталдаг, зарчимч, илүү дутуу цамаан занд дургүй хүмүүс. Би ч гэсэн голж шилсэн цамаан занд дургүй.  Ялангуяа хоол голох, хаях дургүй хүн.
- Танай хүрээнийхэн таныг ганцаараа бизнесээ хийдэг. Хүнтэй хамтардаггүй гэдэг юм билээ. Наймаанд найз байдаггүй болохоор ганцаараа ажилладаг хэрэг үү?
-Эхнэртэйгээ хоёулхнаа бизнесээ явуулдаг. Ийм гэр бүл Монголд олон бий. Би анхнаасаа хүнтэй нийлээгүй. Хүний хийсэн юм санаанд таардаггүй болохоор гэр бүлийнхээ хүнтэй хоёулхнаа бизнесээ хийх нь амар байдаг юм. Гуравдагч хүн гэж байхгүй болохоор элдэв хэл үг гардаггүй. Нэг төрлийн мэргэжилтэй болохоор бүр амар. Өнгөрсөн хэдэн жил бид хоёр бараг амарч үзээгүй хоёр. Зарим нэг хүмүүс шиг нойр хоолгүй өдөр шөнөгүй ажилласан гэж худлаа ярихгүй ээ. Гэхдээ мөнгөнд ташуурч гэр бүлийн хэрэм цайзыг эвдээгүй хадгалж үлдэж чадсан  цөөхөн гэр бүлийн нэг. Мөнгө төгрөг нь арвижих тусам зан ааш нь хувирч эхнэр хүүхдээ нэг биш удаа сольсон хүмүүс олон. Бидний дундуур юу ч орж чадаагүй л юм. Энэ бол бидний хамгийн том аз жаргал.
-Нууц биш бол танай гэр бүлийн хөрөнгийн хэмжээг сонирхож болох уу?
-Манайд сая доллараас дээш тоологдох эргэлтийн болон үндсэн хөрөнгөтэй, хадгаламжтай  хүмүүс зөндөө бий. Эдгээр хүмүүс өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бизнест шуудайгаа үүрээд нинжа шиг орсон хүмүүс. Мөнгөтэй хүн, хөрөнгөтэй хүн хоёр өөр ойлголт. Манайхан бүгдийг нь нийлүүлээд "Чи баян” гээд загнаад байдаг байхгүй юу. Би мөнгөтэй хүн биш, хөрөнгөтэй л хүн.
-Хэрэв улс төрд орохгүй бол амрана гэлээ. Хаана яаж амрах төлөвлөгөөтэй байна?
-Буяны ажил л хийнэ дээ. Сайхансамбуу гэдэг хүн ганц биеэрээ амьдраад бүх юм дуусчихгүй. Үр хүүхдүүд миний дутуу орхисныг үргэлжлүүлнэ. Хүнд хийсэн буяны үр надад биш гэхэд үр хүүхдэд минь заавал ирнэ. Би Гандангийн дэнж дээр өссөн хүн болоод шүтлэгтэй, хоосон чанарт итгэдэг хүн. Манай гудамжинд Дарамбазар гэдэг том гэсгүй амьдардаг байсан юм. 11 хагас гээд хурал тардаг.  Хашааны завсраар харуулдаж байгаад Дарамбазар гэсгүйг гарч ирэхийг хүлээнэ дээ. Гэр нь нэлээд зайтай болохоор настай хүн жаахан алхаад ядардаг. Хашааны үзүүр тойроод ирэнгүүт нь тосоод гүйнэ. Ууттай боовыг нь гэрт нь хүргэж өгч чихрээр шагнуулж л өссөн. Хааяа хүүхдүүдтэй нийлж Гандангийн  мөнгө хусна аа. Дараа өгнө гэж хэлээд авна. Гандангийн хүүхдүүд бүгд л тэгж өссөн. Арслангийн аманд  хавчуулсан гурван төгрөг авч өвөртөлчихөөд дуганч ламд нь чирүүлж явсан хүн шүү дээ би. Их л бага байсан байгаа юм. Явахгүй гээд чаргууцалдаад байхад дуганч лам ганц гараараа чирээд Гандангийн хашаагаар гаргачихаж байсныг ердөө мартдаггүй. Бодоод байхад би хүнд дандаа буян үйлдэж явсан байдаг юм. Хэчнээн ч олон хүнд байр өгөв. Дандаа л хүний төлөө ажилласан. Надаас тусламж гуйсан болгонд нь би тусалсан. Нэг л удаа "үгүй” гэж хэлсэн. Барилгын яамны гадаа барьж аваад гадаа гудамжинд мөнгө нэхээд сүйд хийсэн л дээ. Би халаасандаа мөнгөгүй явж байж болно шүү дээ. Ганцхан удаа "үгүй” гэж хэлсэн нь тэр. Ялангуяа өвчтэй зовлонтой хүнд би заавал тусладаг. Тэр дундаа хараагүй хүмүүсийг их өрөвддөг. Намайг зарим нь олоод ирдэг юм. Намайг дагаж бизнест орсон  хүн ч зөндөө. "Баярлалаа” гэж хэлдэг нь цөөхөн шүү. Хэзээ хойно таарахаараа "Өө, тэр үед их тус болсон шүү” гэдэг ч юм уу. Ихэнх нь мөнгө аваад тэр чигээрээ. Зарим нь бүр голно. Мөнгө өгөхөд хүний нүүр царайны байдал андашгүй л дээ. Хүнээс хариу хардаг хүн би биш л дээ. Гэхдээ "Баярлалаа” гэж хэлж сураасай гэж боддог юм.
- "Нарантуул”-ын  Сайхансамбуугийн хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдлоо гээд нэг хэсэг хэвлэлийнхэн шуугилаа. Та энэ асуудалд ямар нэг тайлбар хийлгүй өдий хүрсэн. Ямар шалтгаантай болоод тэр вэ?
-Би ер нь хүүхдүүдээ  загнаж зэмлэдэггүй дураар нь тавьсан эцэг. Тэглээ гээд миний хүүхдүүд хар тамхи татаад явах хэмжээний ухамсартай хүмүүс биш. Охин маань Оксфордод эдийн засагч  мэргэжлээр суралцаж төгссөн. Монголд Оксфорд төгссөн хүүхэд цөөн.  Монголд ийм хэмжээнд бэлтгэгдсэн мэргэжилтэн байхад Сангийн яам аль эсвэл Монгол банк ажиллуулах  ёстой. Харамсалтай нь төр хүнээ хянадаггүй учраас хаана ямар мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа талаарх судалгаа ч байдаггүй байх.  Би өөрийнхөө зардлаар жилд 70 мянган доллар төлөөд 4,5 жил сургалаа.Мэргэжилтэн бэлдээд өгч байхад ашиглаж чадахгүй байгаа нь учир дутагдалтай.  Англи юм уу Америкийн аль ч банкинд ажиллаж болох ч багаасаа явчихсан хүүхэд болохоор гэрээ саналаа, аав ээжийгээ саналаа, Монголоос явахгүй гээд байх юм. Хүү ч тэр. Охин маань надад туслаад л явж байна. Хүү хуулийн чиглэлээр сурч байна. Германд 10-р анги төгсчихөөд, "Германд байхгүй” гээд хүрээд ирсэн хүүхдийг би яах юм. Ямар хүлээд тэнд байлгалтай биш.
-Хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж хүмүүс цочирдлоос гарахгүй байна. Та олон жил бизнесийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд  эдийн засгийн цаашдын хандлагыг бараг гадарлаж байгаа байх, тийм үү?
 -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүс юмны үнийг буулга гэж яриад байх юм. Гурилын үнийг буулга, бензины үнийг буулга гэж. Юмны үнэ бууна гэсэн ойлголт байхгүй. Харин ч бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэнэ гэж бодож сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Юмны үнэ нэмэгдэж байгаа нь манай улсаас хамаарахаа больчихсон. Орост бензиний үнэ нэмэгдээд байхад энд хөөрөгдлийг яаж барих юм бэ. Дэлхийн хүн ам хурдацтай өсч байгаагийн хэрээр улаан буудайн үнэ нэмэгдэж байна. Одоогийн өсөлт юу ч биш. Германд бензин 2 доллар гараад явчихсан. Бодит байдал ийм байхад үнийг өсөлтийг барина гэж худлаа шоудаад байх юм. Ракаар өвдсөн хүнд эмч "Би таны өвчнийг барьж байна” гэж худлаа ярьж байгаатай адил сонсогдож байгаа биз дээ. Монголчууд одоо яах ёстой вэ гэхээр маш яаралтайгаар Монголын хөрснөөс бензин гардаг юм бол гардагийг нь үзэх хэрэгтэй. Өөрсдийн бизнесменүүдийн захыг мушгиж дэлхийн зах зээлд гарах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголд тэрбумтан зайлшгүй хэрэгтэй. Дэлхийн тэрбумтанууд тэрбумтантай л уулзана уу гэхээс саятантай уулзахгүй шдээ. 60 хэдэн онд тэрбумтан ч ховорхон байсан цаг. Саятан нь ч тийм олон байгаагүй. Орос, Монгол, Хятад гурав нэг гараанаас эхэлсэн. Хятад 1987 оноос нээлттэй хаалганы бодлого барьж харвасан сум шиг хөгжлөө. Орос ч ялгаагүй. Арав гаруй, арав гаруй тооны тэрбумтануудтай болчихож.  Монголд л тэрбумтан алга. Дэлхийд тэрбумтан хэрэгтэй учраас тодруулаад байгаа хэрэг. Монголд тэр хүрээнийхэнтэй харьцдаг тэрбумтан зайлшгүй төрж байж Монгол орны эдийн засгийг өөд татах шаардлага гараад байна. Дэлхийн тэрбумтануудтай харьцах нэрийн хуудас монголчуудад хэрэгтэй. Тэрбумтанд мөнгө идэх шаардлага байхгүй. Тэрбум төгрөгийг хүн гэртээ гудсан завсраа хийж хадгалахгүй. Банкинд хийхээр банкны захирлууд хүнд зээлээд дуусчихдаг. Тэгэхгүйн тулд тэр мөнгийг эргэлтэнд л оруулах хэрэг гарна. Эргэлтэнд орно гэдэг маань ард түмэндээ үйлчилж эхэлнэ гэсэн үг. Тэрбумтан Билл Гейтс "Би хүүхэддээ мөнгө өвлүүлэхгүй. Сая доллар л дансанд нь хийнэ. Үлдсэн 43 тэрбумаа буяны ажилд зарцуулна” гээд зарлачихлаа.  Үнэн чанартаа эргээд энэ мөнгө ард түмний өмч болж байгаа хэрэг. Үүнийг монголчууд ойлгох цаг нь болсон. Үүний үр шимийг зарим нэг хүн хүртэхгүй байж болно. Үр хүүхэд нь хүртэж л таарна. Хүүхдийг нь сургуульд сургаж өгнө. Үнэгүй орон сууц барьж өгнө. Ирээдүйд гарах үр дүн нь хавгүй их. Би өнөөдөр хороолол барих гээд сууж байна. БЗД-т хороолол барих гээд зураг төслийг нь бариад сууж байна. Дундаж түвшний амьдралтай хүмүүст зориулж дандаа нэг өрөө байр барина. 1994 айлыг байртай болгох санаа байна. Бизнесменүүдийн хөрөнгө эргээд ард түмэндээ л үйлчилж байна. Миний хоёр хүүхэд сургуулиа төгсчихлөө. Байшин бариад орчихлоо.Надад өөр юм хэрэггүй. Хичнээн өлслөө гээд нэг хонины махыг нэг дор идэж чадахгүй байна. Хоёр шил "Болор” уугаад тасраад унана. Надад их юмны хэрэг байхгүй. Саятангууд жижигдэж байгаа учраас Монгол улс гадаадад тоогдохгүйн зовлон байна. Төрийг төлөөлж монгол хүн дэлхийн тавцанд гарна гэж байхгүй. Бизнес эдийн засгийн чиглэлээр л гарах боломжтой. Монголын уул уурхайн салбарт  гадныхны анхаарлыг чиглүүлэхэд тун ч дөхөж байсан юмсан. Тавантолгойг -Энержи Ресурс”-ээр хийлгэчих боломжийг алдана гэдэг хайран. Нэг талаараа монголчууд бид азгүй улс. Манайх гаднын нэг том компани оруулж ирсэн, танай Тавантолгойг харж байж болно гээд гэдийгээд суучихлаа.
-Занарын орд газраас бензин гаргах боломж байгаа талаар таны санаа ер дэмжигдэхгүй юм. Яагаад тэр вэ? Монгол бензинээ дотооддоо үйлдвэрлэх бодит боломж бидэнд үнэхээр байгаа юм уу?
Бидэнд бензинээ Монголд үйлдвэрлэх боломж байна.  Америк дотоодын бензиний хэрэгцээнийхээ 15 хувийг занараас гаргаж авдаг.  Өөрсдөд нь боломж байсаар байхад "За бензин гаргачих компани байна уу” гээд асуучих зоригтой хүн манайд алга. Бизнесменүүд бидэнд төрийн дэмжлэг алга. Бидний дуу хоолой болж байгаа  Уул уурхайн ассиоциацынхныг олигархиуд гэж зад доромжлоод ажил хийлгэхээ болилоо. Экс ерөнхийлөгч П.Очирбат, хуучин УИХ-ын дэд дарга байсан До.Ганболд зэрэг хүмүүсийг луйварчид дээрэмчид, та нар идэх гэлээ, уух гэлээ гээд ажлыг нь хийлгэхгүй байна. Тэдний хийж байгаа зүйл, бодлого нь маш зөв. Монгол хүн өөрийн газар  шороогоо барьж авч дэлхийн тавцанд гарахгүй юм бол өөр юугаараа гарах юм бэ? Манай бизнесменүүд дэлхийн бирж дээр ямар замаар, ямар хүмүүстэй харьцаж гарах вэ гэдэг нүхээ аль хэдийн олчихсон. Тэгээд гарах гэдэг Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй болдог . Засгийн газар нь дэмждэггүй. Боломжийн хөрөнгө оруулалт татахаар  нэг хүн уриад аваад ирдэг. Албан тушаалтнуудтайгаа уулзуулах гэж махаа иддэг. Хуралтай чуулгантай, зав байхгүй, манай дарга нарт. Арай гэж уулзуулаад буцаахад огцорчихдог. Үнэхээр зовлонтой. Энэ бүгдийн цаана ард түмний эрх ашиг хохироод байдаг. Өнөөдөр Үндсэн хуулинд заагдсан эрхээ ганц эдэлж байгаа хүмүүс бол нинжа нар. Төрийг хүлээлгүй түмпэнгээ бариад өмчөө хайгаад явж байгаа улс. Уг нь төр нь ухаж гаргаад гадаадад зараад мөнгө болгоод өгч байх ёстой. Тэрийг нь хүлээж чадалгүй газар доорх баялаг руугаа орчихоод байгаа тэдгээр хүмүүсийг буруутгах арга байхгүй.
Ш.Сайхансамбуу: Мөнгөнд ташуурч гэр бүлээ эвдээгүй цөөхөн хүний нэг нь би
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

top