Товчлуураа манаарай, Ерөнхий сайд аа
Сар гаруй зургаан хавсран гүйцэтгэгч сайдтай байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Сайдаар томилсон тухай тогтоол УИХ баталсан минутаас Ч.Сайханбилэгийн Засгийн газрын амьдрах хугацааг эвхэн цагийн зүү гүйж эхлэв.Олонх болоогүй намын зовлон, олон фракцтай намын зовлон, намын тамга атгаагүй Ерөнхий сайдын зовлон, нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг гээд түмэн зовлон түүний Засгийн газрыг тойрох ажээ. Үүний нэг нь уржигдрын сайд нарын томилгоотой зэрэгцэн өргөн барьсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах тухай О.Баасанхүү гишүүний санал байлаа. Засгийн газарт хамтарсан, хамгийн гол түшиг тулгуур болсон "Шударга ёс” эвслийн нэгэн гишүүн огцруулах бичиг өргөн барьсан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямархан хэврэг хийгээд ямархан айдастай өдөр хоногууд өмнө нь байгааг харуулна. Засгийн газрын гишүүнийг огцруулах санал өргөн барьсан бол холбогдох байнгын хороо долоо хоногийн дотор, УИХ байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш мөн долоо хоногийн дотор хуралдаж шийдвэрлэх ёстой. Элэг бүтэн боллоо хэмээснээс нь хойш долоохон хоногийн дотор эргээд нэг сайдыг огцруулах эсэхээр хуралдахаар болдог байна шүү.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар сайдыг огцруулах асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар ирэх сонгууль хүртэл бат бөх ажиллана гэвэл хамгийн багадаа 39 гишүүнийг өөрийн талд гар өргүүлэх хэрэгтэй. Шийдлийн хэмээх энэхүү Засгийн газрыг АН Шударга ёс бүлэгтэй хамтран байгуулсан. Энгийнээр бодоход АН-ын 35, Шударга ёс эвслийн10 гишүүн энэ Засгийн газрын эсрэг товчлуур дарахгүй баймаар. 45 товчлуур гэдэг бол багцалж чадвал Засгийн газар дөрвөн жил ажилласан ч ажрахааргүй тоо.
Харамсалтай нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намын гишүүд сайдыг огцруулж болохгүй гэдэг хууль байхгүй. Угаас ийм байх албагүй гэдгийг уржигдрын О.Баасанхүү гишүүний санал бэлхэн харуулна. Засгийн газрын гишүүн нь хүртэл Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгч байсан түүх ердөө арван сарын өмнөх шүү дээ.
45 товчлуур гэдэг бол багцалж чадвал Засгийн газар дөрвөн жил ажилласан ч ажрахааргүй тоо.
О.Баасанхүү гишүүний огцруулах санал дан ганц С.Баярцогт сайдтай холбоотой байсан ч байж болно. Нөгөө талаас энэ нь эвслийн 10 товчлуур Н.Энхбаяр даргын үгээр зангилагдахгүйээ гэдгийг харуулж байгаа сануулга байж ч мэднэ. Хэрвээ энэ нь сануулга юм бол түүнтэй нэгдэх гурван гишүүн "Шударга ёс” эвсэлд байгаа. Сайдыг томилох чуулганы хуралдаан дээр Г.Уянга гишүүн "Төрийн алба ёроолдоо хүртэл унаж, олон жил бугшсан идээ бээр нь илгарлаа. 25 жилийн зовлонт улстөрийн сүүлчийн цэгийг хатгасан томилгоо болж байна. Үүнээс доош унах газар үгүй” хэмээн хамтарсан Засгийн газарт дүн тавьсан. Л.Цог, болон Д.Тэрбишдагва гишүүн хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа. Д.Тэрбишдагва гишүүнээс бусад нь "Өглөөний цай” клубийнхэн гэгддэг тэд Өршөөлийн хууль дээр ч намынхантайгаа ганц нэг санал зөрөлдсөн дуулдсан. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын нэрээр Ч.Сайханбилэг сайдын халаасанд ирсэн 45 товчлуураас дөрөв нь хасагдах нь ээ.
АН-ын гишүүд дунд ч эсрэг талд товчлуур дарах гишүүн цөөнгүй. Одоогоор ил зарласан нь Р.Амаржаргал гишүүн. Тэрбээр "Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын ажил хийсэнгүй, пиар л хийлээ” хэмээгээд ажил хийж чадахгүй хүний буг болгон суулгаад хэрэггүй, хурдхан явуул" гэж ярилцлагадаа дурдсан юм. Гомдсон туньсан, сайдын суудалгүй хоцорсон, эрх ашиг зөрөлдсөн гээд энэ намаас чамгүй олон хүн Р.Амаржаргал гишүүнтэй адил эсрэг талд товчлуур дарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ил хэлснээр нь Р.Амаржаргал гишүүнийг багцлагдсан товчлуураас хасаж тоолох хэрэгтэй. "Өглөөнийцай”-ны дөрөвтэй нийлээд таван товчлуураа эвслийн Засгийн газар ийн алдаж буй ажээ. Үлдэж буй нь 40 товчлуур. Үүний хоёр нь өөр санал өгөхөд, эсвэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ирцэнд орчихоод орхиж гардаг шиг хорон арга хэрэглэхэд л ердийн олонхи нуран унана. Товчхондоо шийдлийн Засгийн газрын хувь заяа хоёрхон товчлуур дээр дэнжигнэж байна.
Ц.Нямдорж гишүүн шинэ сайд нарыг товчлуурын манаачийн албанд нүд цавчилгүй зүтгэх юм байна хэмээн ёжтойхон дүгнэсэн. Үнэн ажээ. Засгийн газрын амиа Ерөнхий сайд та алгандаа атгачихсан явна.Жижигхээн доргилтонд л тэсэрч мэдэхээр байна. Товчлуураа сайн манаарай, Ерөнхий сайд аа.
Түүнээс биш, Д.Цогтбаатарыг З.Баянсэлэнгээр, Ж.Эрдэнэбатыг Б.Болороор, Д.Оюунхоролыг Н.Батцэрэгээр сольсон томилгооноос чинь "Сайн цаг” харагдахгүй байна.