Обама В.Путиныг зад шүүмжлэв

1209

 

Обама: Та Зөвлөлтийн эзэнт гүрнийг дахин босгохын тулд Оросыг сүйтгэж байна

 

"Их долоо”-гийн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгчийг хатуу шүүмжиллээ. "Тэр Зөвлөлтийн эзэнт гүрний яруу алдрыг дахин мандуулах хүслээ даган улс орныхоо эдийн засгийг сүйрүүлж, ОХУ-ыг тусгаарласан  хэвээр байлгах уу? Эсвэл тэр ОХУ-ын сүр жавхлан бусад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдахаас ангид гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?" гэж Обама чуулган өндөрлөх үеэр хэлжээ.

 

Мөн Украин дахь түрэмгийллээ үргэлжлүүлсээр байвал "нэмэлт арга хэмжээ” авна гэж сануулсан байна. ОХУ хоёрдугаар сард Минскт батлагдсан энхийн гэрээг хэрэгжүүлэхэд хамтрахгүй бол одоогийн хоригийг цуцлахгүй гэдгийг Ангела Меркель цохон тэмдэглэжээ. "Их Долоо”-гийн Европын Холбооны гишүүд болох Их Британи, Итали, Франц улс ОХУ-ын эсрэг тавих нэмэлт хоригийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн онд Крымийн хойгийг бүрэлдэхүүндээ оруулсны дараа ОХУ эдийн засгийн хамгийн хүчирхэг бүлгэмээс хасагдсан юм.

 

Ангела Меркель: Грекийн хэлэлцээрийн хугацаа дуусч байна

 

Грекийг евро бүсэд үлдээх хэлэлцээрийн хугацаа дуусч байна гэж Германы канцлер Ангела Меркель анхааруулжээ. Тэрээр Грекийг евро бүсэд үлдээх хүсэлтэй байгаагаа давтан хэлсэн ч, шийдвэр гаргахад цаг бага үлдсэнийг сануулжээ. Мөн Европ эв нэгдлээ харуулсаар байгаа ч зөвхөн Грек улс санал боловсруулж, шинэчлэлийг хэрэгжүүлнэ гэж хатагтай Меркель "Их Долоо”-гийн чуулганы дараа хэлсэн юм.

 

 

Үүнээс өмнө Грекийн Сангийн сайд Янис Варуфакис "Энэ бол нэг нэгнээ буруутган чичлэхээ больж, харилцан зөвшилцөх цаг” гэжээ. Евро Комиссоос татвар нэмэх, төрийн байгууллагын ажилтнуудын цалин, тэтгэврийг бууруулах зэрэг Грекийн эдийн засагт шинэчлэл хийхийг хүсч байна. Гэвч Грекийн эрх баригчид энэхүү саналыг шууд хүлээж авахгүй байгаа юм.

 

"Их Долоо”-гийн чуулганаар Грекийн хямралаас гадна уур амьсгалын өөрчлөлт, Украин дахь экстремизм, дайныг зогсоох зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна. Хоёрдугаар сард зурагдсан гал зогсоох хэлэлцээрийг ОХУ мөрдөнө гэдэгт "Их Долоо”-гийн улсууд найдсаар байна гэж хатагтай Меркель хэлжээ. Гэхдээ шаардлагатай тохиолдолд ОХУ-д тавьсан хоригийг чангаруулна гэж тэрээр мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ мэдэгдлийг давтаад, "Шаардлагатай бол Оросын эсрэг нэмэлт хориг тавина” гэжээ.  

 

 

G7-ийн оролцогчид: XXI зууны эцэс гэхэд аль ч салбар чулуужсан түлш шатаах ёсгүй

 

 "Их долоо”-гийн удирдагч нар Грек, Украины асуудлаас гадна эрчим хүчний эх үүсвэрийн тухай нухацтай хэлэлцлээ. 2050 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч, цөмийн технологи руу шилжүүлж, глобаль эдийн засгийг нүүрснээс хамааралгүй болгохыг тэд уриалсан байна.

 

Мөн дэлхийн температурын дундаж өсөлтийг 2 хэмд хязгаарлах зорилго тавьсан юм. Нүүрсэнд суурилсан газрын тос, хий зэрэг түлшийг шатаах явцад агаар мандалд их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг бөгөөд энэ нь дэлхийн дулаарлын нэг шалтгаан болдог байна.

 

 

Хүлэмжийн хийг ялгаруулах зөвшөөрлийг худалдаалах зэрэг зах зээлийн ээлтэй бодлогыг ашигласнаар дээрх зорилгод хүрэх боломжтой гэж Меркель дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа хэлжээ. "Их долоо”-гийн чуулганаас гарсан энэхүү зорилтыг байгаль орчны байгууллагууд талархан хүлээж авсан байна. Баварийн Альп дахь үзэсгэлэнт Шлосс Эльмау зочид буудалд зохион байгуулагдсан чуулганд АНУ, Герман, Их Британи, Япон, Франц, Канад, Италийн удирдагч нар оролцсон юм.

 


Л.Ахинсайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1209 сэтгэгдэл