Т.Уранцэцэг: Улсын хэмжээнд 1428 ялтан суллагдсан

0

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгтэй уулзаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ялтнуудыг ялаас чөлөөлж, ялыг хасаж буй асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэ хуулийн дагуу ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялыг дүйцүүлэн хасах асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа. Одоогийн байдлаар хэдэн ялтныг суллаж, хэдэн ялтны ялыг хөнгөрүүлээд байна вэ?

-2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд: үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэж заасан. Энэ хуулийн дагуу анхан шатны шүүхүүдэд 25 хорих анги, 14 шийдвэр гүйцэтгэх албанаас 4878 ялтны материалыг шилжүүлж ирүүлсэн. Улсын хэмжээнд дүүрэг, сум дундын нийт 28 шүүхийн 70 гаруй шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах асуудлыг энэ долдугаар сарын 3-5-ны хооронд шийдвэрлэлээ. Анхан шатны шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон 229 ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн, ялын төрлөөс халсан баривчлах ялаар шийтгүүлж ял эдэлж байсан 149 хүнийг ялаас чөлөөлж, сулласан.  

Түүнчлэн 4124 ялтны ялыг 2015 оны хуулийн зохих зүйл хэсэгт оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнд дүйцүүлэн хасаж шийдвэрлэсэн. Үүнээс ял нь хөнгөрсөн 1049 ялтныг суллаж, үлдсэн 3075  ялтны ялыг дүйцүүлэн хассан. Харин 376 ялтны ял хөнгөрөөгүй тул ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 1428 хүнийг ялаас чөлөөлж сулласан тоон үзүүлэлт гарсан. Харьяаллаар нь авч үзвэл нийслэлийн хэмжээнд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон 35, баривчлах ялаар шийтгүүлсэн 66, ял дүйцүүлэн хасаж 378, нийт 479 ялтныг суллаж, 1041 ялтны ялыг хөнгөрүүлжээ.  

Орон нутгийн шүүхүүд  үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон 194, баривчлах ялаар шийтгүүлсэн 83, ял дүйцүүлэн хасаж 672, нийт 949 ялтныг суллаж, 2033 ялтны ялыг хөнгөрүүлсэн.

Ялтныг ялаас чөлөөлөх, ял дүйцүүлэн хасах үйл ажиллагаа хэзээ дуусах вэ?

-Дээрх тоон үзүүлэлт нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа ялтнуудыг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлсөн, ял дүйцүүлэн хассан тоо баримт юм. Цаашид анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг хянаж, ялаас чөлөөлөх, дүйцүүлэн хасах асуудлыг шийдвэрлээд явна.

Б.Чимэг

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.