МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу
Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнгүй. Хэдийгээр цөөнх У.Хүрэлсүх тэргүүтэй урвагч нарт хүч нэмсэн ч гишүүдийн олонх Засгийн газраа тогтвортой ажиллуулахын талд зогслоо. Үүнд Т.Аюурсайхан нарын хоёрдугаар ээлжинд хоолонд орохыг хүсэгчид их л зэвүүцэж, суух байхаа олж ядаж байгаа нь олны нүдэнд ил байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг цөөнх биш олонх өөрөө огцруулдаг юм шүү, Та нар хоорондоо учраа ол хэмээн сануулав. Хатуу ч гэсэн үнэн л үг. Тавлаж хэлсэн энэ үгийг эрх баригчид чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөж хэрхэвч боломгүй. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН Засгийн газраа түлхэн унагах хуйвалдаанаас болоод үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь монголчуудын олонхийн өгсөн итгэлийг зүтгэлээр хариулж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орныхоо эдийн засгийг өөд татах зорилгодоо үнэнч зогссоор. Харин нөгөө хэсэг нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраар туг тахиж, өөрсдийнхөө шуналыг барьж дийлэхгүй албан тушаалын бялуу хуваахаар улайрч байна. Монголын улс төрийн өнөөдрийн дүр зураг ийм л байна.
Сэтгэгдэл байхгүй байна.