МАХН-ын 2017.10.31-нд болсон Ээлжит бус бага чуулганы үеэр Н.Энхбаярын тухай ярихгүй шүү, намынхаа л тухай ярина шүү гэлцэж байсан ч, яахын ч аргагүй ганц хүний нам болчихсон болохоор тэр хүн гол сэдвийн нэг байсан билээ. Намайг МАХН-д ороход Н.Энхбаяр шиг муу муухай хүн байхгүй, түүнтэй нийлэхдээ яадаг юм гэж намайг олон хүн барьж идэх гэж байсан. Тэгвэл тэр муу муухайнх нь эсрэг сөрцгөөхөд Н.Энхбаяр шиг сайн сайхан хүн байхгүй, түүнийг эсэргүүцэхдээ яадаг юм гэж барьж идэх дөхөж байна. Гайхах л юм…
Тэгээд өчигдөр юу яригдсанаас сийрүүлж бичье гэж бодлоо.Н.Энхбаяр нь урьд шүтэгдэж байснаа, "хамаг лицензийг тараав, Оюутолгойг харьд өгөх гэв, авлигын тогтолцоог бүтээв, ардчиллыг устгаж, дарангуйлал тогтоов, ОХУ бүх буурай орны өрийг өршөөснийг хувийн гавьяа гэж хуурав, өөрийнх нь эсрэг 2004-2008 онд өрнөсөн өнгөт хувьсгалыг цус урсган нухчин дарав” гэгдэж, үзэн ядагдаж байсан он жилүүд бий. Үзэн ядагдаж байхдаа, ард түмнээсээ уучлал гуйж, шударга ёсны үг яриа гаргаж, өөрт нь хандах нийгмийн уур амьсгалыг эргүүлж байсан. Би ч тэр үед энэ хүнийг эрүүл нийгмийн төлөө тэмцүүлье гэж бодоод дэмжин дуугарч, амьтны ад болж явлаа. За энэ бол миний оршил, цаашид өчигдөр яригдсан ярианд оръё. Яагаад энэ яриаг бичиж байна вэ гэвэл бидэнд нууж хаах юм байхгүй гэж, лайв хийж байсан учраас.
Н.Энхбаяр шударга ёсны үг яриа гаргаж байх цаг үед ард олон, идэвхтэн хөдөлгөөнчид шинэ давалгаан, зохион байгуулалтыг үгүйлж байв. Ингээд Н.Энхбаяр болон Ц.Шинэбаяр, О.Баасанхүү, Г.Бямбасүрэн, Л.Цог, Н.Удвал гээд олон олон хүний итгэл сэтгэл, хичээл зүтгэлээр, Улсын циркэд өргөн олонд үүд хаалгаа нээн, шударга ёсны төлөө хөдөлгөөний өрнөл маягтайгаар МАХН-ыг зохион байгуулж байсан байдаг. Гэтэл МАХН-ын дарга болонгуутаа Н.Энхбаяр зангаа хувилгаж, өөрийнхөө өрсөлдөгч гэж үзсэн байтугай, сайнаар хэлэгдсэн хүн бүрийг хажиглаж, нэр хоч зүүж, хөөж туух, өөрийгөө дахин тахин шүтүүлэх ажилд ханцуй шамлан оржээ. Хов жив, хутган үймүүлэлт, хагалан бутаргалт МАХН-д ноёлжээ.
Удалгүй түүний оймсыг гозолзууллаа. МАХН-ынхан гомдол эмзэглэлээ мартаж, түүнийг өмгөөлөх хамгаалах ажилд бүрэн дайчлагдав. 2013 оны сонгуулиар Б.Бат-Эрдэнийг дэмжин ажиллахаар МАХН шийдвэрлээд байтал намын даргын элч төлөөлөгч ирж, Н.Удвалыг дэвшүүл, тэгвэл даргыг ялгүй болгоно гэж байна гэсэн гэж дуулддаг. Ингээд санал хуваалт явагдсан. Энэ цаг үе бол их эргэлтийн цаг үе аж. Өмнө бас ч гэж бага хэмжээний ч гэсэн хамтын удирдлага байсан бол, үүнээс хойш ямар ч хамтын удирдлага байхгүй болжээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ч.Улаан МАН-тай эвсэж, амжилтанд хүрэх төлөвлөгөө боловсруулахад бүгд талархан дэмжжээ. МАН, МАХН хамтарч, эвсэх болсноо хэвлэлийн хурлаар зарласан. Гэтэл гэнэт Н.Энхбаяр үүнийг болиулсны цаана, аанай МАН-тай эвсэхгүй бол ялгүй болгоно гэсэн гэх шалтгаан байсан гэж сонсогддог. Харин өндөр үнэ ханштай солонгос сургагчдыг авчирч, Н.Энхбаярыг шүтэн бишрэгч – улаан хамгаалагчийн имижээр нэр дэвшигчдийг сургуулилуулж гарсан. Хүн бүр өөрийн гэсэн дүр төрх, ажил үйлстэй, түүнийгээ гаргаж байж, амжилтад хүрэх атал, жүжигчилсэн уран сайхны сургалтад хамрагдаж, урлагийн үзлэгт орох гэж буй мэт хөгтэй юм болж байв. "Миний нэр 15%, намын нэр 15%, солонгос сургалт 15%, "Жаргалын 8 хотын төлөвлөгөө” 15%, Тавантолгойг шууд бэлэн мөнгөөр зарж халамж түгээх төлөвлөгөө 15%-ийн санал авчирч, шууд та нар ялцгаана, та нар хувь хүний хувьд тэг санал авсан ч ялна, гарна” гэж ойлгогдохоор мунхруулж байлаа.
Гэтэл гэнэт намайг нэр дэвшихийг СЕХ зөвшөөрөхгүй бол хэн ч нэр дэвшиж болохгүй гэж муйхарлав. Өөрийг нь СЕХ бүртгэхийн төлөө өлсгөлөнд нэр дэвшигчдийг хамруулаадхав. Бүтэлгүй энэ өлсгөлөн зөвхөн цаг алдуулсан, нэр дэвшигчдийг ядрааж цуцаасан байдаг. Сонгууль болоход нөгөө нүдээ аниад гарна гэсэн нь оргүй худал болж, бүгд ялагдсан. Ингэж МАХН-ын УИХ-ын сонгуулийн ажлыг унагасан. Харин тэр гаж сургалт, системийг нь дагаагүй О.Баасанхүү ганцаараа ялалт байгуулсан. Тэгэхэд Н.Энхбаяр Цолмон гараагүй байхад Баасанхүү гарахдаа яадаг юм, Цолмонгийн тойрогт үндсэндээ би л дэвшиж, би л ажилласан шүү дээ, О.Баасанхүү бусад намтай хуйвалдаж, намынхаа эсрэг ажилласан байж таараа гэж уурлан хилэгнэсэн гэх яриа дуулддаг, түүнээс хойш О.Баасанхүүг нэг нүдээр үзэхээ байжээ.
Сая ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, хуулиар эрх нь хаалттай атал гишүүдээ өдөөн хатгаж, жагсаал цуглаан, өдөр шөнөгүй үргэлжлэх суулт, төрийн тусгай хамгаалалттай байгууллагууд руу дайрч оролт зэргийг зохион байгуулсан. Миний төлөө амь хайргүй тэмцэгтүн гэснийг нь амиа золиосло гэж ойлгосон намын нэг гишүүн өөрийгөө шатаахыг ч оролдсон. Гэвч хуулийг үймээн самуунаар ялах оролдлого нь бүтээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд гавьяат эрдэмтэн, академич, хуульч, доктор профессор С.Нарангэрэлийг дэвшүүлэхээр МАХН шийдсэн атал үүнийг ёсчлохоос хоёрхон цагийн өмнө гэнэт С.Нарангэрэлээс 15 тэрбум төгрөг нэхэж, хөөж явуулжээ. Тэгээд дур мэдэн С.Ганбаатарыг дэвшүүлэх боллоо гэж зарлаж, хожим дур мэдэн намын дэд дарга болгосон байдаг. Энэ нэр дэвшүүлэлт нь хууль бус явдал болсныг О.Баасанхүү гишүүн яриад нэмэр болоогүй, харин СЕХ С.Ганбаатарын нэрийг дуулангуутаа бүртгэсэн нь сэжигтэй. С.Ганбаатар дуулиант 50 сая воноос өөр мөнгө намд авчирсан эсэхийг нь мэдэх хүн олдохүй байгаа. МАН, АН-д дургүйцсэн ард олон арга буюу С.Ганбаатарт санал өгснийг өнөөдөр Н.Энхбаяр-С.Ганбаатар-Э.Эрдэнэжамьянгийн улс төрийн суу билиг гэж эрдэж бардаж байгаа нь хилс. Эхний шатанд С.Ганбаатар, дараагийн шатанд монголчуудын төр улсаа байгуулахыг таслан зогсоох гэсэн Цагаан сонголтын хууль бус уриалга ялагдсан, ялсан юм үгүй. Намыг хутган үймүүлснээрээ алдаршаад байсан өөр намын даргыг авчирч яаран сандран дэвшүүлсэнд МАХН-ын олонхи гишүүд дургүйцэж, дургүйцлээ янз бүрээр илэрхийлсэн. Өнөөдөр энэ дэд дарга ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн 50 саяын воны хэрэгтээ шүүхээс шийтгэл хүлээж, мөн МҮЭ-ийн Амгаланбаатарын хэргүүдэд мөн холбогдох маягтай болоод явчихсанд гишүүд маш их гайхаж байна, хэн гээчийг яаран сандран дэд даргаа болгочихов оо гэж…
МАХН-ыг зөвхөн өөрийн хувийн өмч болгож, үгнээс нь хазайв гэж үзсэн болгоноо хөөдөг туудаг, мөнгөтэй хүнийг л хүн гэж үздэг, мөнгөгүй хүнийг үздэггүй, сүүн цагаан сэтгэлээр итгэж зүтгэж явсан хэнийг ч ашиглаад хөсөр хаядаг, хаяад зогсохгүй гүжирдэж гутаадаг, шорон оронд ч оруулдаг энэ хүний дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаанаас залхсан цөхөрсөн хүмүүсийн идэвхтэй төлөөлөл болох 70 гаруй хүн хэд хоногийн өмнө Онц их хурлыг хуралдуулах зэрэг 6 зүйлт шаардлага тавьсан. Шаардлагыг хүргэж очсон хүмүүс рүү Н.Энхбаяр нар бүүрэлхэн дайрч доромжилж, "Та нар юу юм? Юу ч биш!” гэж ихэрхэж, бүр өндөр настныг тамгын газрын дарга Уламбаяр гээчээрээ зодуулсан нь СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Мөн яаран сандран дүрмийн бус Бага чуулган гээчийг хуралдуулж, тэндээсээ "энэ 70 хүн нь МАН,АН, ХМХН-ын гишүүд учир шаардлагыг хүлээж авахгүй” гэсэн эрүүл бус хариу бичиг өгөв.
Н.Энхбаяр гэдэг хүнд намаас улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Тэр бол бурхан болгоод тахичихсан буг биш, өөрчилж болохгүй гээд дүрмэнд мөнхөлчихсөн юм биш. Түүнийг оймсоо гозолзуулахад хоёргүй сэтгэлээр өмгөөлөн тэмцсэнийхээ хариуд нүд үзүүрлэгдсэн олон хүн бий. Одоо түүнийг дахин оймсоо гозолзуулбал өмөөрөх хүн байхгүй.
МАХН-ын их хурлуудын хооронд эрх барих Бага чуулганы 130 гаруй гишүүний 1/5 нь л дараахь их хурал хүртэл ротациар өөрчлөгдөж болох дүрэмтэй. Тэгвэл 6 жил болоход МАХН-ын их хурал болсонгүй, харин анхны Бага чуулганы бүрэлдэхүүнээс хүн бараг үлдээгээгүй хэрнээ, заримдаа 270 гишүүнтэй болгож байжээ. Энэ ганц хүний дүрмийн бус үйлдлийг МАХН-ын шинэчлэлийн төлөөхи шударга гишүүд таслан зогсоож, бүрэн эрхтэй Бага чуулганы гишүүдийг цуглуулж, нас барсан, намаас гарсан зэрэг тохиолдлуудад ротациар шинэ гишүүн оруулж, дүрэм ёсны Бага чуулганы хуралдааныг энэ оны 10-р сарын 31-нд хуралдуулсан юм. Тэр хуралдаан дээр намын даргын талаар өрнөсөн шүүмжлэлийг тоймлон сийрүүлэв. Хуралдаанаас Н.Энхбаярыг алдаа дутагдлаа хүлээж, уучлал гуйхыг үүрэг болгосон, намын Онц их хурлыг энэ онд багтаан хуралдуулахыг шийдвэрлэсэн хоёр тогтоол гаргасан билээ. Шинэчлэл үргэлжилсээр…
Ч.Мөнхбаяр
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.