Зоосны хямрал засгийн хямралаар тэжээгдэх вий
Тэр жижиг Монголд дахиад юу болоод эхлэв ээ хэмээн дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн брокерууд ууртай асууж харагдана. Тэд юунд бухимдав? Монголоор овоглосон хувьцааны үржих хүрдээр өсөж байсан ханш унтаад сэрэх зуур нь урамгүй үзүүлэлтээр угтах болсноос тэр. Харин шинжээчид хариуд нь "Байгуулагдаад удаагүй Засгийн газар нь унах сурагтай байна. Тэгэхээр ярьсан хэлсэн, төсөвлөсөн төлөвлөсөн гэрээ хэлцлүүдээ дахин засаж, дахин өөрчилнө гээд хөрөнгө оруулагчид айж байна” хэмээн шивнэж суугаа биз. Үнэндээ, Монголоор овоглосон хувьцааны дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх ханшийн уналт Шинэчлэлийн Засгийн газраас улбаатай сүүдэр. Засаг нь бүрдээд удаагүй байхад, Уул уурхайн шинэ сайдын мэдэгдэл гаднын хөрөнгө оруулагчдыг хэрхэн бужигнуулсныг санаж байна уу, "Оюутолгойн гэрээг дахин өөрчилж, тал хувийг Монголын төр авна” хэмээн зөрүүдэлснийг нь. Шинэ сайдын болчимгүй энэ үйлдэл дэлхийн хөрөнгийн биржүүдийн голлох индексүүдийг хормын зуурт хөдөлгөөнд оруулсан түүх бий. Улс төр дэх тогтворгүй байдал холын орны хөрөнгийн биржүүдэд нөлөөлснөөр монгол айл өрхийн төсвийг хүртэл цоолчихож дөнгөдөг. Энэ мэт хийрхлээс улбаатай эцсийн золиос нь зөвхөн ард түмэн юм. 2016 он. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт өссөн, үржсэн гэхээсээ илүү уруудсан, буурсан графикаар бэлэг барилаа. 2009 оноос хойш анх удаа түүхэнд байгаагүй үзүүлэлт тэр жилд бичигдсэн юм. Угтаа энэ агшилт нь 2012 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлийн үр дүн. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хасах заасан, валютын нөөцөө шавхсан, улсын төсвөөсөө тав дахин их хэмжээний өрийн дарамттай, төсөв нь өндөр алдагдалтай. Өрхийн орлого, зарлага сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсан гээд бараан мэдээллээр хахаж асан он жилүүд. Олон улсаас зээл хүссэн ч татгалзсан хариутай. Гаднынхан бидэнд гэдийхээс аргагүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 онд буурч, Саа буюу жаанк (хог) шатлалд шилжээд байв. Ингэснээр олон улсын нээлттэй зах зээлээс мөнгө босгох магадлал тун бүрхэг болж, 2017 онд төрийн төлөх ёстой нэг тэрбум ам.долларыг хэн дахин санхүүжүүлэх нь тодорхойгүй байлаа. Чухам тэр үед дэлхийн улс орнууд, хөрөнгө оруулагчид Монгол Улс 2017 онд босгосон зээлийн төлбөрөө төлж чадах, эсэхийг ажигласаар. Тодорхой хэлбэл, Монгол Улс бараг дефолт болох, эсэх дээр тэд "мөрий тавиад” байсан юм. Ийн таамаглахаас аргагүй. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг сүүлийн 25 жилд анх удаа дифляцитай гарсан. Манай улсын үйлдвэрлэж, нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ буурч, худалдан авалтгүй болов. Монголбанкны тайлбараар бол мах, хүнсний ногооны үнийн уналтаас үүдсэн дифляци гэх. Хэдийгээр энэ нөлөөлсөн ч үндэсний хийгээд жижиг, дунд олон үйлдвэр хаалгаа барьж, дампуурлаа зарласан. Худалдааны төв, оффисын барилгуудын түрээсийн талбай бүхэлдээ эзгүйрч, худалдан авалтгүй зах зээлд үнийн уналт үргэлжилсээр. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ гэхэд л нийт зээлийн 10 хувийг эзэлжээ. Ийм хүнд үед засгийн эрхийг авсан МАН-ын хувьд энэ бүхэн том шалгуур, сорилт байсан. Тэгвэл өнөөдөр уналтын график хэдийнэ зогсож, өсөлтөөр солигдчихоод байна. Чихэнд чимэгтэй мэдээллээс зарим үзүүлэлтийг сөхье. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7,6 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн дүн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Сангийн сайд мөн баяртай сууна. Эрдэнэсийн сан энэ оны хоёрдугаар хагаст бараг 9.0 тонноор баяжсан таатай мэдээ дуулдав. Урьд бичигдээгүй рекорд тогтоосон нь энэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төсөл төлөвлөгөөнөөс харвал 2017 онд нийт 18 тонн алт олборлохоор зураглажээ. Хэрэв дээрх эрчээр олборлолт өрнөвөл алт тушаалт төсөөллөөс хавьгүй илүү гарна хэмээн салбарынхан ч баталж байна. Монгол Улсын Эрдэнэсийн сан ийн арвижихын хэрээр төгрөгийн ханш тогтвортой байх учиртай юм. Цаашлаад үнэт металлын орлого ирэх жилүүдэд дунджаар 40 хувиар өсөх хандлагатай байгаа нь ам.долларын ханшийг тогтоон барих чухал хөшүүрэг. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улс гурилын хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой хэмээн мэдэгдлээ. Ирэх жилийн үрийн буудайг үндэсний үйлдвэрлэгчид 100 хувь хангахаар төлөвлөсөн тухайгаа ч дуулгав. Түүнчлэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хууль зөрчсөн, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн компаниудтай хатуухан хариуцлага тооцож эхэлсэн. Хэд хэдэн компанийн ашиглалтын лицензийг цуцалж, Орхон, Онон гээд томоохон гол мөрний эхийг хамгаалах ажлыг цаг алдалгүй авч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчсөн компаниудтай ч хариуцлага тооцож байна. Мөн ойн хөнөөлт шавьжинд идэгдсэн 220 мянган га талбайд тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө шаардлагатай 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн нь бас л том ажил. Үнэндээ буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох тушаал шийдвэр ийм шуурхай гарч, бодитоор хэрэгжиж байсан түүх тун ховор гэдгийг байгаль орчны салбарынхан батлах биз ээ. Тэрчлэн Засгийн газар хүүхдийн мөнгө олгох замаар эдийн засгийн өсөлтийг ард түмэн хүртээсэн. Эл шийдвэрийг монгол хүн бүр, айл өрх болгон таашаан хүлээн авч, алга хавсран баярласан. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ унаж, элгээрээ хэвтээд байсан эдийн засаг сэргэж, энэ оны эхний хагас жилд үзүүлсэн өсөлтийн шимийг хамтдаа хүртсэн нь буруу гэж үү. Товчхондоо, төсвийн орлого өмнөх оныхоос 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсний үр энэ. Түүнчлэн эхний долоон сарын байдлаар өрхийн орлого нэмэгдсэн нь бас л шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш хийсэн ажлын үр дүн юм. Улс орны хөгжилд улс төрийн тогтвортой байдал хамгаас чухал. Гэтэл таатай үзүүлэлт, нааштай төлөвүүд ажиглагдаж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газрыг унагах яриа хэлцэл, хэрүүл тэмцэл газар авч, бүр бодит ажил болон өрнөж эхэлснийг үнэндээ ойлгохгүй юм. Чухам эндээс аль ч нам хожил авахгүй. Та, бас би, угтаа монголчууд лав хожихгүй нь тодорхой. Цөөн хэдхэн хүн л хөзрийн тамгыг атгана. ...Улс төрийн тогтворгүй байдал нийгэм, эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байсныг гэрчлэх түүхийн архив улам бүр зузаарсаар байна. Энэ бидэнд хангалттай сургамж биш гэж үү. Судалгаанаас харахад Монголын Засгийн газрын нас өнгөрсөн 25 жилд дунджаар 1.5 жил гэжээ. Ийм богино настай Засгийн газрууд төлөвлөснөө гүйцээж чадна гэж үү. Энэ ч утгаар нь эдийн засгийн хямрал улс төрийн хямралаар тэжээгдэх вий гэх болгоомжлолыг эдийн засагчид анхааруулж байна. Их сорилтын жилүүд одоо ч үргэлжилсээр. Тэр тусмаа 2017 он Монгол Улсын хувьд сорилтын онцгой жил байх болно. У.ЖАНЦАН |
Сэтгэгдэл байхгүй байна.