Шүлхийний араас “ниргэсэн хойно нь хашигарав”
Амныхаа билгээр сайхан өвөлжлөө гэж ярьж байгаа ч малчид зуд, шүлхий хоёртоо нугдайтал нухлуулсаар хавартай золголоо. Цас зудны улмаас сая шахам мал дэлхий дэрлэсэн бол шүлхий өвчтэй 3300 орчим малыг устгалд оруулсан гэж байна. Үнэн л байдаг байгаа даа, их л даруухан тоо байна. Одоогийн байдлаар 12 аймгийн 30 суманд шүлхийн тархалттай байна. Удахгүй Улаанбаатарт шүлхий гарвал гайхах зүйлгүй. Малын элдэв халдварт өвчнөс ангид хол байдаг төвийн бүсийн аймгууд тухайлбал, Архангай, Өвөрхангайд шүлхий "харвачихлаа”. Үндсэндээ дэлхийд"А” зэрэглэлийн хэмээн тодотгодог энэ халдварт өвчинд бүслэгдчихээд байна.
Тоо толгойд шүтсэн мал аж ахуйг чанарт шилжүүлэх, суурин хэлбэрт оруулах, 1000-т малчин гэж хөдөөгийнхнийг хөөрөгддөг бус малын хөлийн болон бэлчээр ашигласны татвараар тоо толгойг хязгаарлах бодлогыг яаралтай хэрэгжүүлмээр байна.
Шүлхий ядарсан эдийн засагт хүсээгүй гарз учруулуж эхлэв. Хорио цээрийн дэглэм сахиулах, өвчилсөн малыг устгах, вакцин тарилга гэхчлэн учруулж буй эдийн засгийн нэмэлт дарамтыг тооцоолох аргагүй.
Энэ өвчний дэгдэлттэй хамт монгол малын махыг дэлхийн зах зээл дээр гаргах мөрөөдөл бүдгэрч, мөнөөх махны экспортоос нэг тэрбум ам доллар олох зүдрүүхэн төлөвлөгөө маань зугуухан замхарч байна.
Шүлхий одоо л гарч байгаа юм биш. Нэгэн цагт бүрэн устсан гэж байсан энэ өвчин 2000 оны эхээр дэгдэж халдавч хар халзандаа гэдэг шиг юм болж нийслэлд хүртэл халдвар нь тархаж билээ. Тэр өвөл нийслэлийн хойт зуслан чигийн иргэд нэг л өдөр хотын төвд явсан нь гэртээ харих эрхгүй, гэртээ байсан нь гадагшаа гарах эрхгүйгээр хөл хорионд орж байсан санагдана. Тэр цагаас хойш шүлхийтэй дэндүү "дасч” чих дөжрөнө гэгч болжээ. Монгол нутгийн хаа нэгтээ шүлхийгүй өнжсөн жил бараг үгүй байх.
Өмнөх долоо хоногт нэгэн мэдээ гарчээ. Аравхан мөр хүрэхгүй энэ мэдээний анхаарал татсан нь "Шүлхийн шалтгааныг тодруулахаар тагнуулынхан ажиллаж байна” гэх өгүүлбэр. Ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирна гэдэг шиг юм болж байна. Цаг хугацаа хийгээд тархалт аль ч талаасаа шалтгааныг нь аль эрт шалгаж тогтоож, таслах ёстой байсан биш үү. Гэтэл шүлхий газар авч, 21 аймгийн талаас илүү хувийг нь хамарсан хойно тагнуулынхан шалтгааныг нь тогтоохоор хөдөлж байгаа бололтой юм. Улс орны нүд чих байж сэрэмж сэрүүлэг болж байх ёстой энэ байгууллага яахаараа өдий болтол шалтгааныг нь тогтоосонгүй вэ. ХХААХҮЯ-ны мал эмнэлэг, үржлийн газрын ажилтан нь "зэрлэг амьтдаас халдварласан гэдэг нь тогтоогдсон” хэмээн ярьжээ. Үүнд итгэвэл шүлхий, түүний тархалтын буруу нь зэрлэг амьтад л болж таарч байгаа юм байна. Шүлхий яагаад гараад байгаа талаар янз бүрийн таамаг, явган яриа дуулддаг. Тэр ч бүү хэл, малын вакцин нийлүүлдэг компаниуд бие биеэ зориудаар шүлхий тараасан хэмээн буруутгаж байсан тохиол ч бий. Бүр малчид нь хүртэл малдаа шүлхий халдааж байна гэх хар сэр байдаг. Ингэх шалтгаан нь устгасан малын нөхөн төлбөр, даатгал гэнэ. Бүр гаднаас зориудаар халдааж байна гэсэн яриа ч чих дэлсэж л байдаг. Энэ мэтээр худал үнэн нь мэдэгдэхгүй явган яриануудыг аль хэдийнэ л мухарлаж шалгах байсан юм.
Монгол нутагт сүүлийн 10 шахам жил энд тэнд, оочин соочин шүлхий өвчтэй байсан. Мал гэлтгүй ан амьтантайгаа хамт шүлхийд өртөж байв. Дорнод талын цагаан зээрийг шүлхийн буруутнаар нэрлэж, бурхан хилэгнэтэл буудаж устгасан байх. Цагаан зээрийн хар тавиланг хэвлэл мэдээллийнхэн тухайн үед өмөөрч өмөлзөж бичиж байсан нь бий. Хэнд ч хариуцлага яригддаггүй болохоор хээрийн амьтан л хамгийн түрүүнд буруутанд тооцогддог юм байна. Хариуцлагаас мултрах төвөггүйхэн гарц нь энэ байх.
Мал бол хувийн өмч. Өмчийнхөө бүрэн бүтэн байдлыг эзэн хүн л хариуцах ёстой. Үүн лүгээ малчин ч бас малынхаа эрүүл мэндийг хариуцах үүрэгтэй. Малынхаа жинг нэмж таргалуулах гэж Хятадын "Ивомек”, ОХУ-ын "Гамабит”, "Витам” тариа шахаж байснаас малдаа урьдчилан сэргийлэх вакцин тарих нь илүү үр дүнтэй, эдийн засгийн хувьд ч ашигтай гэдгийн сануулга нь шүлхий болоод байна.
Ерөөс шүлхий өвчин аймгаас аймаг, сумаас сум дамжин халдварлаж байгаа нь малын тоо толгой хэт олширсон, бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс малчид нутаг хөөн отор нүүдэл хийх болсон, мал эрүүлжүүлэх ажил үйлчилгээ малынхаа тоо толгойг бүрэн хамрах боломжгүй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.
Тоо толгойд шүтсэн мал аж ахуйг чанарт шилжүүлэх, суурин хэлбэрт оруулах, 1000-т малчин гэж хөдөөгийнхнийг хөөрөгддөг бус малын хөлийн болон бэлчээр ашигласны татвараар тоо толгойг хязгаарлах бодлогыг яаралтай хэрэгжүүлмээр байна.
Эрүүл 100 мал өвчтэй 1000 малаас илүү өгөөж, үнэ цэнэ, нэр хүндийг эзэндээ өгдөг тийм л нөхцөл боломжийг бүрдүүлье.
П.Булган
Сэтгэгдэл байхгүй байна.