Төрийн тэргүүнд М.Энх-Амгалан, Х.Энхжаргал хоёр түвэг удаж байна уу?
МАН М.Энхболдоос, АН Ц.Элбэгдоржоос ангижрахын тулд ажиллаж эхлэв. Үүний тулд тэдний гар хөл гэгддэг хуулийн байгууллагынхныг юун түрүүнд "самрах”-аар шийдсэн бололтой. Энэ тухайгаа ч үг, үйлдлээрээ илтгээд эхэллээ. Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсан даруйдаа прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг дуудаж, үүрэг өгч байсан удаатай. Мөн байгууллагаар нь орж гарч, үүрэг даалгавар өгч, ажлын үзүүлэлтийг нь ч шалгаад амжсан. Ямартаа Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа ирж үүрэг чиглэл өгч байгаа нь Ерөнхийлөгчийн хийх гэж байгаа, баримталж байгаа бодлогод нь Монголын прокурорын байгууллага ямар их үүрэг оролцоотой вэ гэдэг харагдаж байна” гэж билээ.
Тэгвэл удахгүй үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгах гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Хуулийн байгууллагынханд маш тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Тэр дагуу ажиллана. Ажиллаж чадахгүй бол чаддаг хүнийг нь тавина” хэмээн ярив. Мөн тэрбээр "Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилдог, хоёр орлогчийнх нь хамт. Гэхдээ дахиад л УИХ дундуур нь орж байгаа. Гэхдээ би зовлон тоочих гэж ирээгүй. Ерөнхийлөгч маш ойлгомжтой үүрэг өгсөн байгаа” гэсэн юм.
Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж томилсон. Гэхдээ мань хүнийг УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосны дагуу тохиролцож, томилсон гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд санал болгож генерал Б.Хурцын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилсон хэмээн улс төрийн хүрээнийхэн батлах нь холгүй ярьцгаадаг. Тиймдээ ч 60 тэрбумын хэрэг хаагдсан гэж харддаг биз. Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар албан тушаал наймаалцсан нь тогтоогдоогүй. Бичлэг нь эх хувь биш хуулбар учир шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн нь дээрх хардлагыг улам бүр бататгах шалтаг болж өгсөн.
Гэхдээ энэ хардлага төдийхнөөр Ерөнхий прокурорыг Төрийн тэргүүн тийм ч амархан албан тушаалаас нь мулталж дөнгөхгүй. Тиймдээ ч үүрэг даалгавар өгч, өө хайж байгаа нь Тамгын даргын үгнээс цухалзаж буй нь тэр.
Үндсэн хуульд заасны дагуу Улсын Ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр зургаан жилийн хугацаатай томилдог. Хуулийн дагуу Ерөнхий прокурорын хугацаат үүрэг ч дуусах болоогүй. Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг 2015 оны хоёрдугаар сарын 13-нд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн Ерөнхийлөгчийн зарлигаар томилсон. Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрх 2021 онд дуусгавар болно. Товчхондоо дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэр энэ албан тушаалдаа амь бөхтэй оршиж болох хуулийн заалттай. Мэдээж эрүүл мэндийн шалтгаан, нас барсан эсвэл өөрийн хүсэлтээр өргөдлөө өгвөл З.Энхболдын хэлсэнчлэн Х.Баттулга хоёр орлогчийнх нь хамт томилгоо хийх бүрэн эрх нь нээгдэж болох юм.
Мөн Төрийн тэргүүний сонирхож байгаа томилгоо нь Авлигатай тэмцэх газар. Тиймдээ ч тэр чиглэлд сум тавих болсон билээ. Үүнийг мөн л Тамгын газрын дарга З.Энхболдын АТГ ажлаа хийхгүй байгаа тухайн онцолж, оффшорчидтой, авлигачидтай тэмцэж чадахгүй байгааг онцолсон дайралтуудаас харж болох юм. Тодруулбал, "Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая би АНУ явахдаа мэдэж ирлээ. Манай АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгч бид хоёрын толгойг эргүүлж, худал мэдээлэл өгч байсан байна” гэсэн юм.
Мөн тэрбээр үүнийгээ бататгаж "Би АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, Дэлхийн банкны хулгайлагдсан хөрөнгийг буцааж өгөх хөтөлбөрийнхөнтэй уулзахад "Дөнгөж зах зээлд шилжсэн зүүн Европын орнууд, Монгол Улс шиг орнуудад ийм хүндрэл байдаг. Бид 2014 оноос хойш танай АТГ, Ерөнхий прокурорын газарт цуврал сургалтууд явуулсан. Та нар өөрсдийн хөрөнгийг гадаад улсад байгааг мэдэх юм бол ийм захидал бичиж, буцааж авч болно гээд захидлаа яаж бичихийг нь хүртэл зааж өгсөн. Манай хуулийн байгууллагууд энэ тал дээр ганц ч алхам хийгээгүй… АТГ-ын дарга Х.Энхжаргалын яриад байсан зүйл худлаа болсон. Манайд тийм боловсон хүчин байхгүй гэдэг нь худлаа. Англи хэлтэй хүмүүсээ сургасан юм билээ. Түүнчлэн явуулах бичгийг нь хүртэл зааж өгсөн. Адилхан нөхцөлтэй Румын болоод байхад адилхан сургалт авсан Монголын АТГ, прокурор ажиллахгүй байгаа нь хүсэлгүй байна гэсэн үг” хэмээн хатуухан хэлээд авсан. Түүний хэлж байгаагаар АТГ Төрийн тэргүүнд худал мэдээлэл өгсөн. Үүнийхээ ч хариуцлагыг хүлээх учиртай бололтой.
Улмаар Х.Энхжаргалын томилгооны талаар ч хөндсөн. З.Энхболд "Ерөнхийлөгч энэ хүнийг больё гэхээр нөгөө хүн ажлаа хийгээд байна шүү дээ. М.Энхболдын УИХ томилчихсон. Ажлаа хийж байгаа хүн дээр дараагийн бичиг явж болохгүй байна” гэсэн юм. Мөн Төрийн тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг онцолж, иргэдтэй уулзаж явахад оффшорчид, авлигачидтайгаа тэмцэхгүйгээс иргэд ядуу амьдарч байна хэмээн бухимдаж байгааг тодотгосон. Мөн авлигын индексээрээ 2015 онтой харьцуулахад 31 байр ухарсан гэх үзүүлэлтүүдээр Х.Энхжаргалд хэдийнэ F тавьчихаж. Тиймдээ ч хаврын чуулган эхэлмэгц Х.Энхжаргалаас "С.Баярын долоон байшингийн мөнгө яасан бэ. Хэдийнх нь мөнгийг оруулж ирэв” гэх асуултаар мадлах бололтой юм.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч хүссэнээ хийхэд УИХ-ын 65 биш 39 гишүүн л хэрэгтэйг тодотгосон. Өөрөөр хэлбэл, 39 кноп байхад л Х.Энхжаргалыг албан тушаалаас нь хөдөлгөж дөнгөнө гэж тооцоолж суугаа аж.
УИХ-ын Дэгийн тухай хууль, мөн Авлигын эсрэг хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд АТГ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх заалттай. Гол нь энэ хуульд АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Тиймээс Х.Энхжаргал албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах, эсвэл эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд суудлаасаа ховхорно. Одоогоор эдгээр шалтгааны аль нь ч энэ хүнд бий болоогүй. Х.Энхжаргалыг 2016 оны долдугаар сарын 6-нд УИХ-аас АТГ-ын даргаар томилсон. Тиймээс хуулийн дагуу түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой.
Энэ мэт ховхруулахад түвэгтэй үндсүүд Төрийн тэргүүн болоод Тамгын газрын даргынх нь уурыг хүргээд байгаа бололтой юм. Аргаа барахдаа даалгавар өгч "Чадахгүй бол зайлаарай” гэж зандарч явахав. Үүнийгээ Тамгын газрын дарга З.Энхболд нууж хааж ядахгүй шулуухан хэлж байна билээ.
Нийгмийн шуудан сонин
Сэтгэгдэл байхгүй байна.