Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЦЭЦЭД ӨГЧ, БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АКЦ ЭХЭЛЛЭЭ
Ингээд тэрээр өчигдөр /2018-8-21/ хариуг нь олонд дэлгэж, УИХ-ын дарга М.Энхболдын "60 тэрбум”-ын ярианд холбогдсондоо "Туйлын харамсаж байна” гэснийг нь, "60 тэрбум”-ын хэргийг прокурор сэргээсэн гэж мэдээлснийг нь, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахад татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зуран илгээсэн бичгийг нь сэтгүүлчдэд дамжуулав.
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг улс төрийн шинэ жишиг тогтоолоо хэмээн мэдэгдсэн. Гэвч тэрээр 2018 оны наймдугаар сарын 20-нд өөрөө нэгэн "бэлэг”-ийг хүлээн авах шиг боллоо. Учир нь иргэн Н.Ширчин гэдэг хүн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн цэцэд өгчээ.
Уг мэдээлэлд "Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, гэм буруутай эсэхийг гагцхүү шүүхийн байгууллага тогтоох бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг прокурорт олгосон байна.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын гишүүдээс "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байна. Тус албан бичигт: "… Төрийн албыг үнэлэн арилжих сэдэл бүхий "60 тэрбумын хэрэг”, ”ОХУ-ын Ростех болон Монголын Зэс корпорацийн худалдан авалт хууль зөрчиж хийгдсэн тухай Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Стандарт банкнаас авсан 109 сая ам.долларын асуудал, Самурай ба Чингис бондын зарцуулалт, эргэн төлөлт зэрэг асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод улс төрийн нөлөөллөөр замхардаг, дарагддаг нь энгийн үзэгдэл боллоо … Иймд нийгэмд дуулиан тарьсан "60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар Монгол Улсын Их хурлын Хаврын ээлжит чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг хүсье” гэж дурьджээ.
"60 тэрбумын хэрэг” нь шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдээгүй боловч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх бүхий прокурорын байгууллагаас энэ хэргийг хянан үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь "60 тэрбумын хэрэг”-ийг үнэн бодитой, үүнд холбогдсон этгээдүүдийг гэм буруутай, уг хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудыг үүргээ хэрэгжүүлээгүй тухай утга агуулгатай мэдээллийг олон нийтэд илэрхийлсээр байгаа бөгөөд "Зуун чухал сэдэв” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо "… М.Энхболд гэдэг улс төрч мэлзэж байгаа … төр нь дагаж мэлзэж байгаа … АТГ томилсон хүнээ дагаж мэлзэж байгаа … ийм тодорхой зүйл дээр үнэнээ хүлээхгүй мэлзэж байгаа … АТГ хэргийг хаахдаа надад мэдэгдээгүй ” гэх мэт олон үгийг ярьж, энэ хэрэгтэй холбогдуулан "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байна.
...Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр нь хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй. "60 тэрбумын хэрэг”-ийг прокурорын байгууллагаас хянан үзээд хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна. УИХ-ын гишүүн нь холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхтэй хэдий ч гэм буруутай эсэхийг тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрх байхгүй болно.
Иймд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлан 60 тэрбумын хэргээр "Нийтийн сонсгол зохион явуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж байгааг тогтоож өгнө үү” гэжээ.
Ийн энэ сарын 20-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдыг буулт хийлээ хэмээн андуурсан Л.Оюун-Эрдэнэ өөрөө Үндсэн хуулийн цэцэд очсон байна. Энэ нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хууль зөрчсөн "хэрэг”-ээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нэр бүхий хүн, хууль хяналтын байгууллагынхны хамтарсан ажиллагаа эхэллээ гэж ойлгоход болохоор байна.