Хятадууд оростой барьцаж золигтвол “no” шүү

0
 Хятадууд оростой барьцаж золигтвол “no” шүүМонгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн урил­гаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлан ирж хоёр улсын хооронд нэн шаард­лагатай 15 гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёрхон хоног өнгөрч байна. Ерөнхийлөгч В.Путин манайд айлчлан ирэхээсээ өмнөхөн Украины төрийн тэргүүн П.Порошенкотой утсаар ярилцаж Донбасст гал зогсоох тохиролцоонд хүрсэн.

Түүнчлэн Европын хол­бооны комиссартай мөн л утсаар ярилцахдаа "Хэрэв би хүсэх л юм бол, багахан хүчин зүтгэл гаргахад Ук­раины нийслэл Киевийг хоёр долоо хоногийн дотор л авчихна” хэмээн мэдэгдэж, дэлхий нийтэд ОХУ-ын бодит хүчин чадлыг илтгэн ха­­руулчихаад Монголд хөл тавьсан. Түүний засаглалын 15 жилд ОХУ хөл дээрээ бат зогсож 1999 онд 199 тэрбум ам.доллар байсан ДНБ нь 2013 онд анх удаа 2113 тэрбум ам.долларт хүрсэн. Улс орнуудын эдийн засаг, ард түмнийх нь амь­жир­гааны түвшинг илт­гэдэг хам­гийн гол үзүүлэлт болсон нэг хүнд ногдох ДНБ 1999 онд 1320 ам.доллар байсан бол өнгөрсөн онд 14800 ам. доллар болж хөгжингүй ор­нуудын түвшинд ойртож очоод байгаа.

Улс гүрний эдийн зас­гийн хамгийн гол үзүүлэлт болдог валют, алт­­ны нөөцөө 12.6 тэрбум ам.доллараас 311 тэрбум ам. долларт хүргэж "Зоригтой, чадвартай ганцхан удирдагч улс эх орноо ингэж удирддаг юм” гэдгийг хөрш зэргэлдээ Монголын бүтэлгүй нөхдөөс эхлээд хөрст дэлхийд зарлан тунхаглачихаад байгаа.

Хам­гийн баярлууштай нь хожим хойно ХХI зууны хамгийн агуу удирдагчаар зүй ёсоор нэрлэгдэх гавьяатай түүний Монголд хийсэн айлчлалыг сурвалжилсан ОХУ-ын хамгийн том мэ­дээллийн хэрэгслүүдийн нэг "РИА Новости” агентлаг "ОХУ-ын Засгийн газар тун удах­гүй Монгол нөхөд рүү­гээ чиглэсэн шийдвэр, алх­муу­дыг хийж эхлэх бол­но” гэ­сэн түүний үгийг онцол­сон нь энэ айлчлалаас монгол­чуудын хүртэх өгөөжийг илэр­хийлсэн хэрэг болов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын хү­рээнд гарын үсэг зурагдсан 15 гэрээ, хэлцлийн эхнийх нь Монгол Улсын Гадаад ха­рилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын гарын үсэг зурсан Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Зас­гийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болоод байгаа нь араасаа зарим нэг хүндрэл дагуулж магадгүй болоод байгаа юм.

Хэргийн учир нь 1990 оны "ардчилсан” хувьс­галдаа толгой нь эр­гэсэн манай тавьтиргүй залуу эрх баригчид оросын талыг шавдуулан байж хоёр орны иргэдийг визтэй зорчуулдаг болгуулсан нь саяхны явдал. Тэгвэл өнөө­дөр гуйж гувшин байж виз­гүй зорчихоор болж бай­гаа ч энэ асуудал бас нэ­гэн хөршийн эрх ашгийг хөнддөгөөс болж ийнхүү удааширчээ.

Товчхондоо орос, мон­голын иргэд хоорондоо визгүй зорчих асуудлыг га­цаагаад байсан хөшигний арын эзэн нь 1.3 тэрбум хүн­тэй хятадын эрх баригчид байж.

Үүний ээдрээг тайлж цөхөх юмгүй. Учир нь Монгол Улс хоёрхон хөрш­тэй. Хойгуураа ОХУ, урдуу­раа БНХАУ. Яах арга­гүй хоёр том хөрштэй жи­жигхэн Монгол аль алинд нь адил тэгш хандах учиртай. Өнөөдөр Монгол Улсын иргэд Е гадаад паспортоор Хятадад тодорхой хуга­цаанд визгүй зорчдог боловч Хятадын иргэд Монголд визтэй зорчдог нь үнэн. Тэгвэл сүүлийн үед Монголын эрх баригч намынхан болон өндөр албаны хүмүүс Хятадад айлчлахад тэдний талаас өөрийн иргэдийг Монголд визгүй зорчуулах асуудлыг идэвхтэй, хүчтэйхэн тавих болжээ. Улсаа худалдчих шахаад байгаа одоогийн эрх баригчдыг энэ асуудал хоолойг нь боомилох дүүж­лүүрийн олс мэт улам л чивчирч, наашаа харж инээн, цаашаа харж уйлж байгааг яг одоо бүгдээрээ хэлэлцэх ёстой халуухан асуудал болчихоод байна.

Уржигдархан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нарын гарын үсэг зуран баталгаажуулсан Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх нь тодорхой.

Тэр үед Монголд хамгийн том хөрөнгө оруулагч, бас түү­хий эдийг нь худалдан авдаг ганц аварга хэрэглэгч БНХАУ-ын зүгээс 1.3 тэр­бум иргэдээ Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагт визгүй зорчуулахаар шахалт үзүүлж эхэлбэл байдал жинхэнэ эвгүйгээр эргэнэ.

Яах аргагүй хоёр хөршийнхөө нэгнийх нь ир­гэдийг визгүй зорчуулдаг хэр­нээ нөгөөг нь ялгавал хүчирхэг хятад руу эдийн засаг, улстөрийн янз бү­рийн дарамт үзүүлэхийг үгүйсгэж болохгүй. Байдал ийм л эгзэгтэй болж байна.

Дэлхийд хүн амаараа тэргүүлэгч өмнөд хөршөө гомдоохгүй гэхдээ манай алсын хараагүй, бодлого муутай, тавьтиргүй улстөр­чид хэсэг бүлгээрээ нэгдэж ханцуй дотроо "хор” най­руулцгааж л таарна.

Харин түүнээс гарах хожмын уршиг, үр дагаврыг тоо­цоолох эр зориг, ухаан гарах болов уу. В.Путин шиг зоригтой, чадвартай ганц удирдагч гарч ирээд "Хэзээ ч үгүй” гээд хэлчихэж чадах цаг үе хэзээ ирдэг юм бол.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.