ЭНЭ САРЫН ТАЛОН ДАРАА САРД ХҮЧИНГҮЙ БОЛНО

0
ЭНЭ САРЫН ТАЛОН ДАРАА САРД ХҮЧИНГҮЙ БОЛНОХог, хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох үүднээс өнгөрсөн оноос эхлэн хогны уутыг тарааж эхэлсэн.  Энэхүү уутыг тараах эсэх талаар иргэдээс санал хураасны үндсэн дээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тараахаар болсон. Тэгвэл энэ жил хогны уут тараах ажил ямар журмаар явагдах гэж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.

-Хогны уут тараах ажилд өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Хог хаягдлын зориулалтын уут нь 80х45 см-ийн хэмжээтэй, тунгалаг ногоон өнгийн, 2.5 микроны зузаантай, 95 төгрөгийн өртөгтэй байсан юм. Тус уутанд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг хогны уутны зардал 1425 төгрөг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байсан юм.

Өнгөрсөн жил хогны уутыг тухайн хорооны хэсгийн төлөөлөгч тарааж байсан бөгөөд, зарим өрх уутыг авч чадахгүй байна гэх гомдол гаргаж байсан. Тэгвэл энэ жил уутыг талонаар тараах болсон. Өөрөөр хэлбэл, хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд хогны уутыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тараахаар болсон. Өнгөрсөн жил уутыг тухайн хорооны хэсгийн ахлагч айлуудаар тарааж байсан бол энэ жил талоноор олгохоор болсон.

-Тухайн сарын талон нь дараа сардаа хүчинтэй байх уу. Айлууд хаана талонаа өгч уутаа авах вэ?

-Тараагдсан талон тухайн сардаа л хүчинтэй байна. Хэрэв тухайн сард олгогдсон талоноор хогны уутаа авахгүй бол нөхөж олгохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.  Өмнө нь уутыг гэрээр тараахад зарим айл хамрагдахгүй байх зэрэг тохиолдол гарч байсан. Тэгвэл энэ жил хэсгийн ахлагч нар  айлуудад талон тараах юм. Харин айлууд талоноо  тухайн хороонд байрлах уут тараах цэгээс авна. Тоо ширхгийн хувьд өнгөрсөн оныхтой ижил. Нэг өрхөд сард 15 ширхгийг олгож байгаа.

-Уутыг тодорхой цэгүүдээр тараана гэлээ. Яг хаанаас авах боломжтой байх бол?

-Хогны уутны талонаа авсан иргэд хорооноос гадна дэлгүүр, худаг, дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээ, Сууц өмчлөгчдийн холбоод болон Гэр хороолол дахь ажлын алба гээд өөрт аль ойр цэгээс авах боломжтой. Нийслэлийн 152 хорооны аль аль хэсэгт хогны уутыг тараах нь тун удахгүй тодорхой болно.

-Өмнө нь хогны уутны хэмжээ нь асуудал дагуулаад байсан. Тиймээс өөрчлөлт оруулсан гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө нь орон сууцны айлууд уутыг хэт том байна гээд гэр хорооллын айлууд хэмжээ нь бага байна гэсэн санал хүсэлтүүдийг ирүүлж байсан. Тиймээс бид орон сууцны айлуудын хогны уутны хэмжээг жижгэрүүлж, зузааныг нь нэмсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэх орчинд нь тохируулан уутыг илүү боловсронгуй болгосон.

-Талон тараах ажлын явц хэр байна вэ. Нэгдсэн дүн нь хэзээ гарах вэ?
-Энэхүү ажлын хүрээнд талоныг хэвлүүлэн дүүрэг болон хороодод батлагдсан хүн амын тоогоор хүргүүлсэн байгаа. Мөн үйлдвэрлэгч компаниудтайгаа тоо ширх­гийн талаар тохиролцсон. Хэчнээн уут үйлдвэрлэх болон дүүрэг хороодод хэчнээн уут нь хүргэгдээд байгаа талаархи мэдээллийг солилцсон.

Одоо­гийн байдлаар дүүргүүдэд талоныг тарааж эхэлсэн. Харин тухайн дүүргүүд хороодод талоныг тарааж, хэсгийн ахлагчид айл өрхүүдэд өгөх болно. Одоогийн байдлаар энэ ажил 60-70 хувьтай явж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн хэмжээнд 52 мянга 400 гаруй 210 мянга орчим уутны талон тараана. Бидэнд ирсэн мэдээллээр тус дүүрэгт талон тараах ажил 60 гаруй хувьтай явж байгаа гэсэн. Бусад дүүргүүдэд ч гэсэн энэ ажил хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно.
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.