“Монтрак групп”-ын захирал жолоочийнхоо КОМПАНИЙГ татан буулгахын тулд татварын байцаагчид ...
Том компаний захирал болон татварын байцаагчтай холбоотой ээлжит нэгэн хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Энэ удаад "Монтрак групп” компаний захирал Н.У, хэрэг гарах үед Чингэлтэй дүүргийн татварын татварын байцаагчаар ажиллаж байсан Г.О нар нь холбогдсон. Захирлыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор жолооч Б.Э-гийнхээ нэр дээр байдаг "Монтрак Фотон” компанийг татан буулгаж зорилгоор татварын байцаагчид таван сая төгрөгний хахууль өгсөн хэмээн ялласан. Харин татварын байцаагчийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс орлогын гүйлгээ хийгдсэн дээрхи компанийг татан буулгах илтгэх хуудас бичиж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж буруутгажээ. Татварын алба нь тухайн аж ахуйн нэгжийг заавал хяналт шалгалтанд хамруулж татварын эцсийн тооцоог хийсний эцэст татан буулгах шийдвэр гаргадаг. Эрүүгийн хуульд заасан онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байвал хуулийн байгууллагад шилжүүлэхээр дүгнэлт гаргадаг, түүнээс бага хэмжээний зөрчил гарвал улсын байцаагчийн акт гардаг. Харин татварын зөрчилгүй гэвэл илтгэх хуудас бичдэг. Дээрхи хэрэгт татварын байцаагч нь илтгэх хуудас бичсэн аж. Гэтэл татан буугдсан "Монтрак Фотон”-ы дансаар татвар ноогдуулбал зохих их хэмжээний орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байжээ. Гэрч нарын мэдүүлснээр "Монтрак групп”-ын эзэд нь өмчлөлийнмаргаантай байсан тул бүх харилцах дансыг шүүхийн шийдвэрээр битүүмжилжээ. Харин орлого, зарлагын гүйлгээ нь захирал эмэгтэйн жолоочийн нэр дээр байгуулагдсан "Монтрак Фотон” компаний дансаар хийгдсээр иржээ. Их хэмжээний гүйлгээ хийгддэг атал татварын тайлангаа "Х” хэлбэрээр өгдөг байсан гэнэ. Бичиг үсэгт мааруухан гэх жолооч нь "Монтрак Фотон”-ийг "байгуулсан” төдийгүй "Монтрак Эко” компаний 80 хувийг эзэмшиж байсан аж. Захирал эмэгтэй эцэст нь дээрхи компаниудаа татан буулгахаар шийдэж Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Г.О-той уулзжээ. Энэ тухай жолооч нь "...Берлинбургер хоолны газарт Н.У эгч намайг дуудсан. Тэгээд би очиход Г.О –гийн хамт сууж байсан. Намайг хажууд нь зогсож байхад Г.О "хэрвээ мөнгө өгөх юм бол татварын тайланг чинь өөрчлөөд танай компанийг татан буулгаж болно ш дээ” гэсэн. Ингээд тэр хүнийг "Монтрак Фотон”, "Монтрак Эко” компанийг татан буулгахад татварын хяналт шалгалт хийж байгаа хүн гэдгийг нь мэдсэн... Н.У эгч над руу залгаад данснаасаа таван сая төгрөг аваадах гэсэн. Н.У эгчийн гар утаснаас Г.О- ын дугаар гээд 99 билүү 94 тэй дугаар мессежээр ирсэн, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн гадаа очоод залгахад Г.О гарч ирсэн. Намайг дагуулаад замын эсрэг талд гарч машины зогсоол руу очоод хар гялгар тортой мөнгийг аван Тэнгис кино театрын зүг явсан...” гэжээ. Харин шүүхийн шатанд захирал, экс байцаагч хоёр хахууль өгсөн, авсан гэдгийг үгүйсгэсэн. Өмнө нь захирал эмэгтэй нь татварын байцаагчийн ахаас 10 сая төгрөгний металл хайгч аваад мөнгийг нь өгөөгүй байжээ. Харин байцаагч нь ахынхаа мөнгийг нэхсээр байгаад таван саяыг нь авсан гэжээ. Татварын зөрчилгүй хэмээн татан буугдсан "Монтрак Фотон” компанийг шалгахад ихээхэн зөрчил илэрчээ. Тус компани нь 227 сая төгрөгний гүйлгээ хийгдсэн Хаан банкны дансаа л бүртгүүлсэн агаад Хас банк, Төрийн банк, Голомт, ХХБ-ны данснуудаа татварын албанд бүртгүүлээгүй байжээ. Бүртгэлгүй данснуудаар 862.326.498 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нийт 3.356.847.563 төгрөгийн зөрчлөөс 49.972.187 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлөх ёстой байжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 3.115.487.013 төгрөгийн зөрчилд 311.548.701 төгрөгийн татвар төлөхөөр тооцоо гарчээ. "Монтрак Фотон” нь дээрхи татваруудаа төлсөний дараа л татан буугдах ёстой байжээ.
НУУЦ.мн
Сэтгэгдэл байхгүй байна.