Л.Эрдэнэчимэгт эргэлзэх шалтгаан
Уг нь тэр УИХ-ын гишүүн болоод хоёр жил гаруй болж байгаа. Боловсорч, хөгжиж болмоор хугацаа. Гэсэн ч "Монос”-ын гэх нэрнээсээ салаагүй явна. Өөрөө ч салъя гэж боддоггүй бололтой юм.
Эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг Нийслэлийн 10-р дунд сургууль, Болгарын Софи хотын их сургуулийг биологич мэргэжлээр, МУИС-ын Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Биологийн ухааны магистр. Зарим намтарт нь доктор ч гэдэг.Тэрээр анх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, дараа нь "Монос” ХЭАА-н захирал, "Моносфарм трейд” ХХК-ний ерөнхий захирал, "Монос групп”ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон.
Эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр жил гаруй ажилласныг эс тооцвол эрхэм гишүүн болтлоо төрд алба хаасангүй ажээ. Гэхдээ нам, нам доторх Эмэгтэйчүүдийн холбооны идэвхтэй гишүүн байсаар ирсэн нь өнөөгийн өндөрлөгт хүрэхэд нь зүй ёсоор тусалсан байна.
Энэ Их хурал албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил гурван сар болж байна. Хэн нь хэн бэ гэдэг олонд хэдийнэ танигдчихаж.
Өнгөрсөн хугацаанд Л.Эрдэнэчимэг гишүүн олон төрлийн хуулийн төсөл дээр ажиллажээ. Хоёр гурван томоохон хуулийн төслийн санаачлагч, нийгмийн халамжийн шинжтэй ихэнх хуулийн ажлын хэсэгт багтсан байна. Энэ бол түүний нэмэх оноо.
Харин жинхэнэ төрийн түшээгийн чанар, сэтгэлээр ажиллаад байна уу гэвэл эргэлзэхээр... Учир нь Л.Эрдэнэчимэгт хамгийн том оноог авчирсан ажил бол Тамхины хяналтын тухай хууль. УИХ-аар батлуулж чадсан энэ хуулийнхаа ачаар тэрээр бүлгийн дарга Д.Эрдэнэбатыгаа хүртэл давж чадсан гавьяатай. Д.Эрдэнэбат гишүүн тамхи татдаг. Тиймээс зарим гишүүний санаачилсан төслийг дэмжин Л.Эрдэнэчимэгийн хуульд нэмэлт оруулах замаар тамхи татах цэгтэй болох гээд бараагүй. Чуулганы танхимд Л.Эрдэнэчимэг ялсан. Гэхдээ тэр өөрийгөө ч бас дийлсэн нь тэр. Яагаад гэвэл мань Л.Эрдэнэчимэг өөрөө тамхичин. Тамхичин болсон хойно тав тухтай тамхиа сорохыг бодож таарна. Гэвч нэр төрөө эхэнд нь бодох нь шинэхэн гишүүний хувьд чухал байж таарна.
Журмын зарим нөхөд нь "Эрдэнэчимэг гишүүн ээ, та Тамхины хууль санаачилсан, өөрөө тамхи татаад байх юм, алсдаа гай болж мэдэх юм шүү” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг мөн ч их өгдөг гэж байгаа. Хариуд нь тэрээр "Харин тийм...” гэхээс өөрийг хэлдэггүй гэж байгаа. Бас л тамхичин хүний зовлон.
Эрхэм гишүүн маань одоо Архины хяналтын тухай хуулийн төсөлтэй ид зууралдаж байна. Тэгэх хэрэгтэй л дээ. Гэвч дахиад л ашиг сонирхлын зөрчил босоод ирэв. "Монос” компани нь "Домогт” нэртэй 24 градустай архитай холбогдож, бөөн эргэлзээ төрүүлээдхэв. Өөрөө болохоор "Манайд ажилладаг хүний хувийн компанийн үйлдвэрлэдэг архи юм байна лээ. Тэгсэн чинь надтай холбоод байх юм. Үүнээс болоод УИХ-ын гишүүний эрхээ ч эдэлж чадахгүй байна” хэмээн гомдоллоод орхив. Хэрэв үнэн бол сайхан тайлбар. Хэн нэгэн ажилтан нь хувийн компани байгуулж улмаар ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл, түүнийг нь "Монос”-ынхоо бүх салбараар худалдаалж дэмждэг гэсэн үг болж таарах нь. Өөрөөр хэлбэл, "Домогт” архи нь эдний нэг ажилтны хувийн компанийнх гэх бөгөөд "Монос”-ын салбаруудаар зарагддаг юм. Тэгэхээр "Домогт”-ын эзэн хэн бэ гэдэг эргэлзээтэй асуудал. Хамгийн гол нэг юм байгаа. Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Архины хяналтын хуулийн төсөлд 38-аас дээш градустай архийг хяналтын дор худалдаалж үйлдвэрлэнэ гэсэн байгаа. Бусад нь хамаагүй. 24 градустай "Домогт” архи "Монос”-тоо худалдаалагдахаар үлдэж таарна.
Хамгийн сүүлд сар шахмын өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх "Монос” эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал” гэдэг эмийн зааврыг худлаа бичиж өгснөөс 16 нярай хүүхэд унталтын байдалд орж нийгэмд ихээхэн цочрол өгөв. "Фенобарбитал” гэдэг эм нь тархины даралттай хүүхдэд уулгадаг тайвшруулах үйлчилгээтэй гэж байгаа. Энэ эмийг худалдаалах монополь гэж болох зөвшөөрөл нь "Монос”-т л байдаг аж. Гэтэл эмийн санч нь хүүхдэд 5-10 мг-ын нормтой энэ эмийг 200 мг-аар өгч орхисон байна.
Үхэхээс наагуур болсон нярайнууд саяхнаас сэхэж эхэлж байгаа мэдээ бий. Гэхдээ энэ бол зүгээр нэг яриад хэлээд, бүр муулаад л өнгөрөх асуудал биш билээ.
"Монос” энэхүү хариуцлагагүй, баларсан үйлдэлдээ уучлал гуйсангүй. Бүр "Мэдэгдэл” гээчийг гаргаж олныг алмайруулав. Тэдний мэдэгдэлд "Зарим хэвлэлээр "Монос” групп нь мэргэжлийн бус залуу хүн ажиллуулсны улмаас ийм алдаа гарсан мэтээр бичжээ. Гэтэл хариуцлага алдсан жор баригч нь ЭМШУИС-ийн харъяа Дархан хот дахь Анагаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангийг 2013 онд төгсөж эм барих лицензийн шалгалтыг зохих ёсоор өгсөн, 1 жил ажилласан туршлагатай жор баригч байсан бөгөөд тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүдсэн алдаа гаргасан байна.Хэдийгээр энэ үйл явдал нь нэг ажилтны хайхрамжгүй үйлдлээс улбаатай боловч Монос группын удирдлага эмийн хордлого авсан нярай болон эцэг, эхчүүдтэй тогтмол харилцаатай байж 24 цагаар жижүүрлэн, шаардлагатай шинжилгээ, эм тариа зэргээр тусалж байгаа болно...
Мөн уг үйл явдал нь Эм хангамжийн салбарын хувьд томоохон сургамж болж буй бөгөөд цаашид дотоод хяналт, шалгалтаа улам сайжруулж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ. Хэрэв жаахан ч гэсэн ёс зүй хүн чанар нь зулгаасан бол "Монос” группээс "Мэдэгдэл” бус "Уучлал хүсэх тухай” гарах байлаа.
Төрийн болоод олон түмний хайр ивээл, буянаар өдий дайд хүрсэн "Монос” мэтийн компани алдаа гаргах эрхгүй, гаргасан байлаа гэхэд тэртээ доор бөхийж байж уучлал эрэх учиртай бус уу.
Уучлал гэдэг нэр байтугай дээр яригддаг ажээ. Нэрт жүжигчин, зодооны урлагийн мастер Жэки Чан саяхан хүү Жэйси Чаныхаа өмнөөс уучлалт гуйсан байна. Жэйси Чан хууль бусаар хар тамхи хадгалж байсан хэргээр Бээжингийн цагдаа нарт баривчлагджээ. Харин Жэки Чан "Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн олон нийтэд хандан хэлжээ. Энэ бол "Монос”-т хэрэг болохуйц жишээ. Ялангуяа "Монос”-оос УИХ-д орж ирсэн Л.Эрдэнэчимэг үүнийг хамгийн сайн мэдэх ёстой. Гэвч тэгсэнгүй. Тэрээр УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг ч үл тоон байж "Монос”-оос хамгаалсаар байгаа билээ. МҮОНТВ-ийн II сувгаар "Эмэгтэйчүүдийнг цаг” нэвтрүүлэг явдаг юм байна. Л.Эрдэнэчимэг гишүүн тэр нэвтрүүлэгт орчихсон "Монос”-оо хэрхэн байгуулж, яаж хөл дээр нь босгож байсан зэрэг бизнесмэн хүний зовлон жаргал, ярьсаар нэвтрүүлгийг дуусгаж байна лээ. Уг нь УИХ-ын 2009 оны 34 дүгээр тогтоолын хавсралт болгож УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм гээчийг баталсан байдаг. Энэ ёс зүйн дүрмийн 3.1.3-д "...албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх...” зэрэг эрхэм гишүүдийн сахих ёстой олон хориг бий.
Ер нь тэрээр УИХ-д сонгинохайрханчуудыг гэхээсээ "Монос”-ыг төлөөлөөд суудаг гэж ойлгодог байж мэдэх. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийнхоо өрсөлдөгчийг дагаад намирч явсныг сонгосон хүмүүс нь хүртэл харж л байсан. "Монос”-ын эрх ашиг түүний хувьд ийм л том. Олж байгаа ашгаараа төмөр хүлгээ шинэчилснээ твиттерээр гайхуулж байж, "Бенз Эрдэнэчимэг” гэдэг хоч хүртэл авч байлаа.
Ерөөсөө л Л.Эрдэнэчимэгт эргэлзэх олон шалтгаан бий. Түүнийг сонгосон сонгинохайрханчууд ч түүнээс ихийг асуухыг хүсч байж мэдэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл байхгүй байна.