​М.Боролдой: Нийгмийн хар бараан бүхнийг урлагаар дамжуулан өөрчилмөөр байна

1

Сүүлийн үед монгол залуус богино хэмжээний кино, уран бүтээлүүд хийж, тэрхүү бүтээлээр нийгэмд байгаа сөрөг хандлагыг өөрчлөхийг эрмэлзэх болсон. Үүнтэй холбоотойгоор "Дува” богино хэмжээний уран бүтээлийн фестиваль ч хоёр сард нэг удаа зохион байгуулагдаж, уран бүтээлч залуусын хүчийг үзэн оюун ухааныг сорьж байгаа билээ. Богино хэмжээний уран бүтээлийг хөгжүүлэх нь Монголын нийгэмд ямар ач холбогдолтой, залуу уран бүтээлчдийг хэрхэн хөгжүүлж болох талаар "Black box” театрын найруулагч М.Боролдойтой ярилцлаа.

-"Дува” богино хэмжээний уран бүтээлийн фестивалийг зохион байгуулж байгаагийн гол учир нь юу юм бэ?

-"Дува” богино хэмжээний уран бүтээлийн фестиваль нь нийгэмд хандсан эерэг санаа агуулж, хүний сэтгэлийг хөдөлгөсөн бүтээлүүдийг гаргаж ирэх зорилготойгоор зохион байгуулж байгаа. Уг фестивалийг зөвхөн киногоор хязгаарлахгүй. Хүүхэлдэйн кино, сурвалжлага гэх мэт уран бүтээлүүд байж болно. Ер нь дүрсэн чиглэлээр хийж болох бүх уран бүтээл оролцож болно.

-Бүтээлд ямар шалгуур тавигддаг юм бэ?

-Техник талаасаа хэр гүйцэтгэлтэй ажилласан эсэх нь гэдэг хамаарна. Мөн контент нь бидний тавьсан зорилго, гол санааг агуулсан уран бүтээл мөн үү гэдгийг харж, шалгаруулна. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид нийгэмд байгаа сөрөг асуудлыг хөндөж, аль болох эерэг болгохын төлөөх санаа агуулсан эсэхийг бүтээлийн шалгуурт тавьдаг. "Дува” Фестиваль гурван байр шалгаруулна. Гэхдээ 1, 2, 3 байр гэж ялгахгүй, шилдэг гурван бүтээл ялагч болно. Байр тус бүр гурван сая төгрөгийн шагналтай. Бид хэн нэгнийг дөвийлгөхгүйгээр шударгаар шалгаруулна.

-Залуу уран бүтээлчид фестивальд оролцсоноор өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ?

-Богино хэмжээний уран бүтээл бол маш богино хугацаанд том утга санаа бүхий агууламжийг илэрхийлдэг. Иймд богино хэмжээний бүтээлийг үзэгчдэд хүргэхийн тулд маш их ажиллах шаардлагатай болдог. Монгол залуус сүүлийн үед богино хэмжээний уран бүтээл маш сайн хийж эхэлж байна. Тиймээс ч "Дува” фестивалийг хоёр сард нэг удаа зохион байгуулж байгаа. Ингэснээр монгол залуус ямар нэг уран бүтээлийг жилийн турш бэлдэж суух биш, байнгын өөрийгөө хөгжүүлж, байнгын бэлтгэлтэй уран бүтээлийн тамирчид болох юм. Мөн техникийн талаас зураг авалт, дуу, жүжиглэлт талаас уран бүтээлчид хурдан хөгжих, бие биенээсээ суралцах боломжтой. Дараа дараагийн бүтээлүүд чанарын хувьд сайжирч эхэлнэ.

-Та "Дува” богино хэмжээний уран бүтээлийн фестиваль нь нийгэмд хандсан эерэг санаа агуулж, хүний сэтгэлийг хөдөлгөсөн бүтээлүүдийг гаргаж ирэх зорилготой гэж ярьсан. Тэгэхээр фестивальд өрсөлдөж буй бүтээлээр дамжуулан нийгэмд ямар ямар эерэг үр дагаврыг авчрах боломжтой юм бэ?

-Хүн болгон фэйсбүүкээр харилцдаг болсон. Сошиал медиагаар дамжуулан эерэг мэдээллийг өгснөөр би юуг буруу хийж байна, хүүхдэдээ зөв хандаж байна уу, ээжтэйгээ утсаар ярьж мэндийг нь асуусан уу, найзыгаа хүнд байдалд байхад тусалж чадсан уу, би зүдэрвэл яах вэ гэх мэт асуултыг бүтээлээр дамжуулан  асууж, хүний төлөө, өөрийнхөө төлөө дотоод сэтгэл рүүгээ, мөн чанар руугаа өнгийж, тэрхүү бохир, бараан сэтгэлийг гэгээлэг болгох юм. Үүний тод жишээ олон бий. Тухайлбал, нэгэн залуугийн эхнэр, хүүхэд нь эмчийн буруутай үйлдлээс болж, хүнд өвдсөн. Тиймээс залуу сошиалаар хандив цуглуулаад эхнэр, хүүхдээ гадаадад эмчлүүлээд ирэхэд нь хүмүүс тэр залууг худалч хэмээн цуурсан байгаа юм. Тэгэхээр нь нөгөө залуу телевизийн нэвтрүүлэгт орж, үнэн байдлаа хэлсэн. Түүнийг үзсэн үзэгчид өөрсдөөсөө ичиж, бид яагаад хүнд итгэх итгэлээ алдсан юм бэ, яагаад нэг нэгэндээ итгэж болдоггүй юм бэ гэдгийг эргэж харахад хүргэсэн байгаа юм. Тиймээс нийгмийг өөрчлөх олон уран бүтээлийг монгол залуус хийгээсэй гэж хүсч байна. Манай залуус ч гэсэн сүүлийн үед эмнэлгийн байр янзлах, хэн нэгэнд гэр орон өгөх гээд эерэг хандлагыг түгээж эхэлж байгаа. Үүн дээр нь "Дува” фестивалийн бүтээлээр дамжуулан хүний сэтгэлд гэгээ өгөхийг зорьж байгаа.

Маш сайн хийсэн бүтээлээр нийгмийг өөрчилж болно. Хүн бүр Гитлерийг маш муу хүн мэтээр хардаг. Гэвч тэр нийгэмд байгаа шархийг яаж эдгээх талаар бодсоор байгаад бүтэн үндэстний хөдөлгөж чадсан хүн. Тэгэхээр жижигхэн зүйлээс агуу зүйл эхэлдэг. Жижиг зүйлээс үндэстэн өөрчлөгдөж болдог. Бид өнөөдөр гадуур алхаад явахад шүлс, тамхины ишээ хаяхаас эхлээд нийгмийн муу муухай, байж болох сөрөг зүйлийг харж байна. Бид маш хар бараан нийгэмд амьдарч байгаа. Энэ нөхцөл байдлыг уран бүтээлээр дамжуулан өөрчилмөөр байна. Бид гудамжиндаа хогийн савтай болмоор байна. Хогийн савандаа шүлс хаях сав гээд биччих тэгвэл гадуур шүлсээ хаяхаа болино. Ингэвэл гудамж цэвэр байна. Биднээс шалтгаалж өөрчлөгдөж болох маш олон зүйл байгаа. Бүтээлээр дамжуулан хүн хүнээ хүндэтгэх харилцаагаа сэргээе гэж байгаа юм.

-Хоёр дахь удаагийн Дува богино хэмжээний уран бүтээлийн наадам хэзээ зохион байгуулагдах вэ?

-Хоёр дахь удаагийн "Дува” фестивальд оролцогчийн бүртгэл өчигдөр дууссан. Оролцогч нартайгаа хэлэлцэж, тэдний боломжийг харж байгаад бүтээлүүдийг авч эхэлнэ. Ирэх хоёрдугаар сард "Дува” наадмыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Itoim.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

shuugchid urlagiin han mongoliig nohoin zamaar oruulahad ih uureg guitsetgesen dee ,3-n duu duulaad l baahan gabyat uud turson doo