Н.Алтанхуяг: С.Эрдэнийг АН-аас зайлуулна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр 2016 онд АН дотор болсон Ерөнхийлөгчийн сунгаа болон намын дарга сонгох процесс, одоо үүсээд байгаа нөхцөл байдал болон хойшид яах ёстой талаар мэдээлэл өгч, асуултад хариулсан юм.
Н.Алтанхуяг хэлэхдээ "АН өнгөрөгч парламентын сонгуульд есхөн суудал авсан. Үүний дараа намын даргын сунгаа явуулж миний бие ч гэсэн өрсөлдсөн. Би 2016 онд Ерөнхийлөгч асан Элбэгдоржийг Монголын улс төрийн мафи, МАНАН-гийн толгойлогч гэж хэлснээр адлагдах болсон. Ц.Элбэгдорж, М.Энхболд нар С.Эрдэнийг намын дарга болгохын тулд бүх юмыг хийж намайг унагааж, гүтгэж, бүр АН-ын байрыг зарж идсэн гэсэн зүйл гаргаж ирсэн. Тэгээд цагдаа, тагнуул, АТГ гээд хууль хүчний бүх газраар нь шалгагдаж явсан.
Хамгийн гол нь яагаад ингэх болов гэхээр би тухайд үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан юм. Үүнээс таван өдрийн дараа миний эхнэрийг саатуулж, дараа нь ойр дотнын хүмүүсийг хорьж эхэлсэн. Намайг ч АТГ дээр дуудаад та ийм тийм асуудалтай байж яаж Ерөнхийлөгчид нэр дэвших вэ гэдэг өнцөг гаргаж ирсэн. Би угаасаа тэр үедээ л одоо ил болоод байгаа энэ шударга бустай тэмцэнэ гээд шийдчихсэн байсан учир тэд намайг зайлуулах хэрэгтэй байсан.
Тухайн үед М.Энхболдыг сүхээр цохиод ч үхэхгүй тийм эрх мэдэлтэй болсон гэж ярьж, итгэж байлаа шүү дээ. Гэхдээ хэрэг биш болбол арай зөөлөн чихтэй, хялбар хоол болох Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сунгаанд дэмж гэдэг команд ирснийг өнөөдөр мянга мянган гишүүд баталдаг. Аз болж Х.Баттулга намын сунгаанаас гарч ирж Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан.
АН-ын одоогийн нөхцөл байдлын талаар ярихад ер нь дан ганц АН гэлтгүй нам гэдэг бол улсын хөгжлийг тодорхойлох, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх бодлогыг гаргаж ирэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хийж байсан. Харин 2014 онд манай Засгийн газрыг заналтай нь аргагүй огцруулсан. Үүнд С.Эрдэнэ хамгийн их үйрэг рольтой оролцож шанд нь дараагийн дөрвөн жил УИХ-д суусан. Өнөөдөр ардчилсан нам 60 тэрбум, "Эрдэнэт"-ийн 49 хувь, эрүүдэн шүүлтийг өмгөөлдөг шившигтэй нам болсон. Үүнийг гэхдээ зөвхөн АН гэж хэлж болохгүй. Ердөө энэ намыг дээрэмдэж авсан хэдхэн хүний үйл ажиллагаа л намын нэр хүндийг унагаж байна. Мөн АН Монголын нийгэмд үүсээд байгаа асуудалд зөв байр суурьтай байсан гишүүдээ намаас хөөж хасдаг болсон. Батзанданг намаас хөөснөөр АН УИХ-д бүлэггүй болсон. Энэ хэнд ашигтай вэ гэвэл Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт л ашигтай.
Тиймээс Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Олон хүний амьдралаар тоглож, нийтийн өмчийг хумсалж, улс орны хөгжлийг хэдэн арван жилээр нь удаашруулсан эдгээр хулгайч нартай асуудал ярихгүй бол тэр шударга ёс чинь хэзээ ч тогтохгүй. Тэд бүх юмны муу муухайг АН-д наачихаад ирээдүйд золиос болгох гээд байгаа юм уу?
Үүнээс яаж гарах вэ гэхээр одоо АН-ын бүх гишүүдэд хандаж намдаа шинэчлэл хийхийг уриалж байна. Одоо хулгайч нарын дохио зангаагаар айж хөдөлдөг цаг өнгөрсөн. Би Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хандаж та нарт бол АН томдоно, ардчиллын үнэ цэнэ болсон намаас хуруугаа тат гэж хэлмээр байна. Би С.Эрдэнийг сайн мэднэ. Би энэ хүн ямар гэмт хэрэг, зүйл ангиас болоод хэнд барьцаалагдаад энэ бүх бусармаг юмыг хийгээд байгааг нь ч мэднэ. Тиймээс чи энэ намын дарга байх ямар ч эрхгүй. Чамайг одоо энэ намаас зайлуулна.
Алтанхуяг яагаад 2014 онд новш болох хэрэгтэй байсан гэхээр Оюутолгой, Тавантолгой, "Эрдэнэт"-ийн асуудал дээр ганцхан саад байсан нь би байсан. Тиймээс дайр, устга гэсэн. Тэгээд Алтанхуяг новш болсон уу, болсон. Гэхдээ үхээгүй л байна.
Би Л.Болд, Ж.Батзандан хоёртой олон асуудал дээр санал нийлж байгаа. Гэхдээ тэр хоёр өөр нам гэж явахаа болиод оронд нь намаа шинэчилье. Тэртээ тэргүй энэ нийгэмд бид нар үлдэхгүй. Үр хойч та нар л үлдэнэ. Тиймээс үлдэж байгаа энэ нийгмийг эрүүл саруул болгоё.
Би АН-ын хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа эхлэн ажилласан. Намайг хассан гэх албан бичиг би олж үзээгүй л байна. Тэдний хасдаг, тэднээс хауулдаг гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Болд, Батзандан нар хасагдлаа гээд яагаад шинэ нам байгуулдаг юм. Намаа шинэчлэхийн төлөө явах ёстой юм шүү дээ" гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.