Монголчууд дэлхийд балетийн урлагаар дахин цахиур хагаллаа
Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр "World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог ажээ.
М.Тэлмэн хүүтэй холбогдож, баярт мөчөөс нь хуваалцлаа. Тэрбээр "Намайг анх дөрөвдүгээр ангиа төгсдөг жил 10 настай байхад ээж маань Монгол Улсын консерваторид шалгуулж байсан юм. Тэгээд тэнцэж, н.Мөнхдэлгэр багшийн удирдлага дор долоон жил суралцаж, 2017 онд төгссөн. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын "Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан. Энэ тэмцээнд манай багш шүүгчээр ажилласан юм.
Энэ тэмцээн нь дэлхийн 10 улсаас хүүхэд, залуус оролцсон, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн 18 хотод болдог тэмцээн. Ер нь энэ тэмцээний үеэр БНСУ-ын балетчид их сайн байсан. Учир нь тухайн улс балетын урлагаараа дэлхийд тэргүүлж буй улсын нэг. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байна” гэв.
Балетчин М.Тэлмэн нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ хийсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж. Ийнхүү монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө.
Эх сурвалж: Erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.