Л.Оюун-Эрдэнэ: Жаран тэрбумын хэрэг дээр улс төрийн тохироо явж байгаа юм биш биз
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Л.Оюун-Эрдэнэ: Хуучин улстөрчдөд найр тавьж, Элчин сайдаар томилдогоос бол хууль бус наймааны хэрэг гарч байна гэж боддог. Аль эсвэл зарим нэг байгууллагатай хамтарч Консулыг томилдогоос болж энэ асуудал үүсч байгаа. Би энэ алдаа гаргаж байгаа хүмүүсийг дипломат ажилтнууд гэж бодохгүй байгаа. Надад ч бас тийм мэдээлэл байхгүй байгаа.
Гадаад харилцааны яамны нэр дээр байгаа дипломат бус ажилтнуудаас болж ийм асуудал үүсч байгаа. Тэгэхээр үүнийг бол хууль эрх зүйн хүрээнд нь нягталж, шалгах зайлшгүй шаардлага бий болж байна. Мөн Элчин сайдгүй байгаа, нэр бүхий улс орнууд байгаа. БНСУ-аас эхлээд томилогдоогүй нэлээн удаж байгаа. Энэ дээр шийдлээ яаралтай гаргах ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Ийм шаардлагуудыг ч бид удаа дараа зохих газруудад тавьж байна.
-МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар захирлыг сонгуулийн дараа бараг шагналын байдлаар томилуулах санал очиж байсан юм байна. Энэ дээр та тайлбар өгнө үү?
-Шагнал маягаар биш л дээ. Ер нь бол яахав нэг тийм бичиг явж байсан. Би тэрийг харсан, энийг тодруулна гэж бодож байгаа. Яагаад тэр бичиг гарч ирэв, яг юу болов гэдгийг тодруулж байна. Ер нь бол сонгуулийн дараа тийм бичгүүдийг авч байсан юм байдаг. Түүн дээр ийм бичиг авч байсан уу гэдгийг би шүүж байна. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүдээс тийм бичиг авч байсан зүйл нам дээр бол байсан гэж байгаа. Гэхдээ энэ асуудлыг бүхэлд нь тодруулах нь зүйтэй гэж миний хувьд бодож байгаа. Энэ дээр миний ч гэсэн хэлэхийг хүссэн байр суурь байгаа.
-Та тэр бичгийг өгсөн гэдгээ санахгүй байна гэсэн үг үү?
-Би тэрийг шүүж үзэж байна.
-Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-ын нэг албаны даргаар ажилладаг гэсэн мэдээ байна. Бараг үйлчлэгчээс эхлээд ажилласан хүн албаны дарга хийж байна гээд байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байгаа вэ?
-За ёстой мэдэхгүй юм байна. Би тэрийг тодруулж байж л үзэх ёстой юм байна.
-Болортунгалаг гэж танай Хэрэг эрхлэх газарт байгаа хүн шүү дээ?
-Ер нь бол Засгийн газрын ХЭГ дээр гэрээт гээд их олон ажилтнууд авсан юм билээ. Нуулгүй хэлэхэд, нэлээн олон гэрээт ажилтнууд байгаа. Тэр бүх гэрээт ажилтнуудыг гэрээг бол цуцалж байгаа. Тэрэн дунд өмнө УИХ-ын гишүүний туслах, дарга нарын зөвлөх байсан янз бүрийн л хүмүүс байдаг юм билээ. Зүгээр Төрийн захиргааны олон жил ажилласан жинхэнэ албан хаагч тэр хүмүүсийн тухайд бол Засгийн газар хөндөх ёсгүй. ЗГХЭГ бол Гадаад харилцааны яам, Сангийн яам шиг институци. Удахгүй гэрээт ажилчдыг чөлөөлнө, нэр нь бол та нарт удахгүй тодорхой болох байх. Тэр нь тэгээд хэнтэй холбоотой, ямар хүмүүс вэ гэдгийг та нар тэгээд эрэн сурвалжилна биз.
-Н.Энхбаатар бол таны найз. Тэр хүн бас авлига албан тушаалын хэргээр саатуулагдсан байгаа. Сонгуульд ажилласан гэдгээр Төрийн албыг ийм болгож болдог юм уу?
-Би яахав, тэрэн дээр сая тодруулга өгсөн. Ер нь бол тухайн үед тийм бичгүүд явдаг байсан. Тэрэн дээр миний хувьд тийм бичиг өгч байсан уу гэдгийг би тодруулж байна.
-Та өөрөө бичдэггүй юм уу, өөрөө гарын үсэг зурдаггүй юм уу. Тодруулж байна гэхээр ойлгомжгүй байна л даа?
-Үгүй яахав, тэр чинь зүгээр намаас явчихсан бичиг байсан шүү дээ. Тэрнийг одоо нэгнийхээ бланк дээр зурсан юм уу, аль эсвэл тийм бичиг өгсөн юм уу, тэрийг лавлах шаардлага үүсээд байна.
-Таньтай найз нөхдийн холбоотой биз дээ?
-Ер нь бол Н.Энхбаатар гэдэг хүнийг танина. Нам дээр ажиллаж байсан л залуу. Энийг би нуудаггүй. Н.Энхбаатар гэдэг хүн дээр бас асуудал үүссэн. Тэр нь тухайн үед АТГ-ын удирдлагуудтай муудалцаж байх үед бас ийм асуудал үүссэн. Баригдаж хоригдсон. Асуудал нь одоо шалгагдаад явж байгаа. Миний хувьд бол аль аль талдаа байгаа асуудал байж магадгүй гэж тухайн үедээ бодож байсан. Түүнээс биш ямар нэгэн байдлаар ямар асуудал үүссэн, яасан ийсэн гэж лавласан мэдээлэл бол алга байна.
-УИХ-ын гишүүд дэмж гэсэн гээд дэмждэг. Энэ нь төрийн алба замбараагаа алдахад хүргэх биш үү. Мерит зарчим алдагдаад…?
-Энийг бол цэгцлэх ёстой асуудал. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар томилгоонд оролцдог нь нууц биш. Тэр нь ямар түвшин яаж холбогдсон, хэрэгжсэн үү, үгүй гэдэг тухай асуудал байдаг. Тэрийг бол бид бүхэлд нь шийдэх ёстой. Ер нь бол УИХ-ын гишүүдээс бичиг авч томилгоо хийх нь буруу. Тухайн үед яагаад авч байсан бэ гэдгийг тухайн үеийн намынх нь удирдлагаас тодруулах ёстой байх. Ямар учраас яагаад авч байсан бэ гэдгийг…
-60 тэрбумын схем хэрэгжсэний баталгаа юм биш үү?
-Яахав тэрийг тэгээд тодруулаад ярих байх.
-Дээр нь Төрийн алба тэр хүний хүн гэсэн тодорхойлолттой, даргынхаа л үгийг авдаг. Бусад ажлыг гацаадаг гээд энэ алба задгай байна шүү дээ. Энэ дээр Та хүртэл нэмэрлээд "дэмж” гээд гарын үсэг зураад явуулсан байх нь ямар учиртай юм?
-Би хариулаад байна шүү дээ, за яахав би бүхэлд нь өөрийнхөө бодлыг хэлье гэж бодож байна. 60 тэрбумтай холбоотой асуудал нэлээн урт хугацаанд яригдаж байна, тийм ээ. Энэ дээр энэ систем бүрдэх нь буруу гэсэн байр суурийг би тодорхой хэмжээнд илэрхийлж явсан. Та нар ч гэсэн энийг мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотой сүүлийн үед болж байгаа зүйлийг ажиглахаар хэд хэдэн дүгнэлт хийж болохоор нөхцөл байдал үүсч байгаа. Үүнийг та бүхэн уг үндсээр нь харна биз. Буруутай зүйл байх юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Саяхан Ц.Сандуй ярилцлага өгсөн. Нэгдүгээрт ном бичиж байгаа юм байна гэж ойлгосон. Хоёрдугаарт 60 тэрбумын хэрэг АТГ дээр дууг дүрсжүүлсэн учраас гэдэг шалтгаанаар хаагдсан. Энэ хэрэг шинэ нөхцөл байдал үүссэн гээд буцаж сэргээгдсэн. Миний авсан мэдээллээр энэ хэрэг эргэж сэргээгдээд, прокурор дээр очоод, тэр бичлэг дээр тодорхой хүмүүс байсан нь үнэн байна аа гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ өмнө нь бол ШШГЕГ болон бусад хяналтын байгууллагууд огт ийм зүйл байхгүй гээд мэдээллээд байсан.
Одоо бол хоёр прокурорын байр суурь зөрсөн гэх мэт юм хэвлэл мэдээллээр гарч байгаа. Нэг нь бол эвлүүлэг байсан, нэг нь энд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гээд. Одоо энэ хэрэг шүүх рүү очиж байгаа юм байна.
Шулуухан хэлэхэд хэрэг шүүхэд шилжих гэж байхад яагаад Ц.Сандуй ярилцлага өгсөн бэ. Энэ надад сонин санагдаж байгаа. Хоёрдугаарт өөртөө маш их итгэлтэй байсан. Өмнө нь ярих хугацаа байсан. Тэр үед яриагүй байж одоо ярьж байгаа нь хардах сэтгэл төрүүлсэн. Нэг үгээр хэлэхэд энэ хэрэг замхарах шат руугаа явж байгаа юм биш байгаа гэж бодож байна.
Энийг нягталж харах байх. Сүүлдээ бол М.Энхболд гэдэг хүн байхгүй болж, зохион байгуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гэдэг хүн байсан гэх мэт юм болж байгаа. Энэ чинь 2014 оны нэг нь 9 дүгээр сарын 30-ных бил үү, нөгөө нь 8 сарын 20-д орчмын хоёр бичлэг байгаа. Тэр үед бол би Монголд байгаагүй.
Тэнд байх боломж надад байгаагүй. Намайг улс төрөөс холдуулах, одоогийн Ерөнхий сайдын гар хөлийг тасдах, "аалз алах” гэж ярьдаг шүү дээ. Бичлэг дээр аалз алах тухай яриа өрнөөд байгаа. Нөгөө талаар хэрвээ дунд нь байсан бол М.Энхболд даргыг У.Хүрэлсүх дарга ч юм уу, би ч юм уу дууриаж ярьсан болж таарна аа даа. Тэгэхээр энд ямар нэгэн улс төрийн тохироо явж байгаа юм биш байгаа гэж би хардаж байна. Яагаад М.Энхболд дарга байхгүй болчихов. Яагаад Л.Оюун-Эрдэнэ байсан болчихов гээд.
Яг үүний дараа намаас явсан бичиг гарч ирсэн. Тэр мэдээж хэрвээ байгаа бол олон бичиг байж таарна. Зохион байгуулалттай нэлээн олон хэвлэлээр гарч байгаа. Тэгэхээр энд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг ийм юм хийгээд байсан юм шиг харагдуулах кампанит ажил яваад байна уу даа. Ийм агуулгаар нь хараасай гэж бодож байна.
Би бол ийм юм дахиад гарах ёсгүй гэдэг тал руу, ерөнхий том юм руугаа л явж байгаа. Түүнээс би өөрөө төгс төгөлдөр хүн, аль эсвэл тэнд байгаа хүмүүсийн мууг үзэх гээд байгаа юм надад байхгүй. Өмнө нь байгаагүй, одоо ч байгаагүй.
Эх сурвалж: Updown.mn