​Г.Уянга: Горилогчдоосоо 100 саяыг нэхэж байгаа АН-ын шийдвэр бол жаран тэрбумын л схем

0

​Г.Уянга: Горилогчдоосоо 100 саяыг нэхэж байгаа АН-ын шийдвэр бол жаран тэрбумын л схем

 

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгатай ярилцлаа.

-Та улс төрийн хамгийн идэвхтэй фигур юмсан. Гэхдээ 2016 оны сонгуулиас хойш их л нам жим байлаа?

-Хийж байгаа ажлын маань онцлогоос болоод тэгж санагдаа биз дээ, би хувь улстөрчийнхөө хувьд байр сууриа өөрийнхөө хувийн хуудсаар илэрхийлсээр л байгаа. Ерөнхийлөгчийн институц нэг хүний институц. Түүнийг тойрсон арав хүрэхгүй зөвлөх байна. Институц бүхэлдээ Ерөнхийлөгчийн бодлого, Монголын ард түмний олонхийн санал авсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос хувь хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх орон зай биш. УИХ бол 76 өнгө байж болдог газар. Тус тусын сонгосон төлөөлөлтэй. Ерөнхийлөгчийн институц бол тийм биш. Төлөөлөгч нь Ерөнхийлөгч болохоос би биш шүү дээ.

-Тань шиг нэг хэсгийн нь ярьдгаар "поп”,  үнэндээ бол өөрийн гэсэн дуу хоолойтой, дэмжигчтэй улстөрчид хэцүү байдаг байх даа?

-Ерөнхийлөгчийн институц бол нэг хүний бодлого, олон түмний дэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага болохоос УИХ шиг олон ургальч үзлийн индэр биш. Нэг л зорилгын төлөө багаараа зүтгэх ёстой институц. Ажиллаж байгаа газрынхаа онцлогийг ойлгох ёстой л доо. Ерөнхийлөгч хамтран ажиллах цөөхөн хүнийхээ нэгээр сонгосон нь харин ч хамт олноор, багаар ажиллах чадвараа харуулах сайхан бололцоо гэж бодсон. Нөгөө талаар, Ерөнхийлөгч хувь хүний үзэл бодлын илэрхийлэлд хязгаар тавиад байдаггүй нь хамтарч ажиллахад таатай байдаг. Зарим нь гайхдаг ч байж магадгүй. Жишээ нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг би хувь хүнийхээ хувьд огт дэмжээгүй, үүнийгээ ч эрх чөлөөтэй илэрхийлсээр л байсан.

-Та Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний нийгмийн бодлого хариуцсан зөвлөх. Хүүхдийн эрхийн асуудлаар Ерөнхийлөгч байнга санаа тавьж байгаа нь харагддаг. Харин та хүний эрхийн зөвлөх мөртөө цаазын ялыг сэргээхийг дэмжсэн байр суурьтай байдаг нь олон хүний зүгээс төдийгүй олон улсын байгууллагуудын зүгээс ч шүүмжлэл хүлээж байгаа харагддаг?

-Тэдний шүүмжлэл хөөрхий бяцхан нялхсыг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж огт чадахгүй. Хүний эрх ярьдаг хүмүүс гэмт хэрэгтнүүдийн эрхийг ярих мөртөө Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд зэрэмдэглүүлж, амиа алдахад тэдний эрхийг ярьдаггүй нь миний гайхлыг биш, бүр зэвүүцлийг төрүүлдэг. Олон улсын байгууллага юу гэж үзэхээс илүү Монголын бяцхан хүүхдүүд хүчирхийллийг золиос болж ирээдүйгээ, бас амиа алдахгүй байх нь хамгаас чухал. Би хатуу ингэж үздэг. 

Тэтгэврийн зээл тэглэх бол ганц Ерөнхийлөгчийн санаа биш, ҮАБЗ-ийн шийдвэр

-Сая Ерөнхийлөгчийн тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийн талаар та зөвлөхийн хувьд мэдэж байсан уу?

-Энэ Ерөнхийлөгчийн биш ҮАБЗ-ийн шийдвэр байсан. Зөвлөхүүд энэ талаар мэдээгүй. Нууцлал маш өндөр түвшинд байсан байна. Хэрэв ҮАБЗ-ийн гурван гишүүнээс өөр хэн нэгэн мэдэх ёстой байсан бол Засгийн газрын гишүүд л байсан байх. Засгийн газраар орсон байх ёстой.

-Ерөнхийлөгчөөс ард түмэн өндөр хүлээлттэй байгаа. Гэтэл түүнийг нь хангаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Шударга бус шүүхийн тогтолцоог эмхлэхээс л бүх зүйл эхлэх ёстой. Цагдаа, тагнуул, прокурор, АТГ. Энэ нүсэр том үүрийг Ерөнхийлөгч л сая хөндлөө. Оффшорын асуудал, УИХ дахь энэ олон луйвар, дээрэм... Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байсан бол авлигын энэ том үүр уурхай ингэж илчлэгдэж бужигналдах байсан уу даа?! Үгүй л болов уу? Гучин жил бугшсан идээ шүү дээ, гуравхан жилд эмхрэхээргүй бүхэл бүтэн тогтолцоо үүссэн шүү дээ. Буруу систем өндөр авч бугшсаны хирээр хүлээлт өндөр байх нь аргагүй, түүнийг л өөрчлөх гэж Ерөнхийлөгч болсон. Гэвч тэр нэг хүн. Хэрэв Монголын улстөрийг эрхшээсэн 30 гэр бүлтэй тэмцэж байна гэвэл хүчний харьцаа 30:1. Гэхдээ нэг ч өдөр зүгээр суугаагүй, нэг ч алхам ухраагүй. Харин тэдний зүгээс үзүүлж буй хариу реакц их хүчтэй байна, наад зах нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үнэмлэхүй олонх тэдний өмчинд бий. Харин одоогийн сонгуулиар Ерөнхийлөгчийн энэ үйл ажиллагааг нураадаг биш дэмждэг парламент бүрдээсэй гэж хүсч байна. Тэгвэл ажил нэлээд ахицтай урагшлах учиртай.

-Таныг 2020 оны Их хурлын сонгуульд АН-аас нэр дэвшихийг намын дарга С.Эрдэнэ хүлээж аваагүй гэж байна. Ямар шалтгаанаар хүлээж аваагүй юм бэ?

-Нэг л үндэслэлээр тайлбарлахад төвөгтэй. С.Эрдэнэ даргын хэлж байгаа үндэслэлүүд зөв. АН-ын дүрэм ч тийм нь үнэн. Эрэгтэйчүүд 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулсан байх ёстой, би энэ шаардлагыг хангаагүй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд энэ бол 60 тэрбумын схемийн хувилбар. Дүрмээр бол ийм хүмүүс нэр дэвших эрхгүй. Гэхдээ ялах ялагдахын заагтай тулаанд маневрлах чадвар нь хэр байгаа нь харагдаж байгаа хэрэг... 

-Та 60 саяын хандив өгөхөөс бусад болзлоо хангасан ч намын дарга нэр дэвшүүлэхгүй гэсэн гэж бичсэн байсан. Хандив авна гэсэн ҮБХ-ны шийдвэр гараад, 100 гаруй хүн хандиваа өгсөн байхад хандив өгөхгүйгээр нэр дэвших боломж угаасаа байхгүй юм биш үү?

-Дүрмээр бол тийм. Гэвч энэ зуу гаруй хүн бүгд УИХ-д нэр дэвших зорилгогүй. Нам ялбал ялалтын "бялуу”-наас ямар нэг хэмжээгээр хүртэх эрхээ худалдаж авсан хүмүүс л гэсэн үг. Нэр дэвшээд гарахгүй бол, АН олонх болохгүй бол ерөөс бүх хүний тавьсан энэ "бооцоо” нь ямар ч нэмэргүй болно л гэсэн үг.

-Та С.Эрдэнэ даргын энэ шийдвэр түүний дангаараа гаргасан шийдвэр биш байх, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг  гээд АН-д таны дайсан олон байгаа гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Тэдний нөлөөтэй шийдвэр гэж та үзэж байгаа юм уу?

-Тийм байх боломжтой. Миний гишүүн байх үеийн үйл ажиллагаа тэдэнд таалагдаагүй нь ойлгомжтой. Би тэдний нөлөөг АН-д огт байхгүй болсон гэж боддоггүй. Хамгийн том мөнгөтэй хүмүүсийн нөлөө намаас алга болно гэж байдаггүй, мөнгөнийхөө хэмжээгээр л нөлөөгөө хадгалдаг юм. Тиймээс тэд мөнгөний өндөр босго тавьснаар бусдаас давуу эрх олж авч, нам дахь нөлөөгөө улам бэхжүүлдэг. Дургүй хүнээ нэр дэвшүүлэхгүй байх бол жижигхэн л асуудал. Харин намын жирийн гишүүдийн хувьд хэдий лидерүүдээ дагасан хуваагдал байдаг хэдий ч өөр бодолтой байгааг энэ хугацаанд олж мэдсэн. Тэднээс ирж уулзаж, "Бидэнд яг одоо гарах хүн хэрэгтэй байна, орон нутагт эрх авалгүй хорин жил болж байна шүү дээ. УИХ-ын гишүүд гараад орон нутгаа хаядаг...гэтэл бид орон нутгаа мэддэг хийж өөрчлөх асар их санал санаачлага байвч хэрэгжүүлэх боломжоо олж авч чадахгүй байна” гэх мэтээр намын зовлон жаргал ярьж л байна. Жирийн гишүүд нь намайг өөрийн хүн шиг санаж элгэмсүү ханддаг. Би чинь АН-д бол "хуучны хүн” болчихож байгаа юм.   

-АН эрэгтэй нэр дэвшигчдээс 100, эмэгтэйчүүдээс 60 сая төгрөгийн хандив авах шийдвэр гаргасан. Ер нь та үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?

-Энэ бол зөвхөн босго, нэр дэвших баталгаа ч биш шүү дээ. Үүгээр эрхээ нээлгэж чадсан нь дахиад цаана нь дүүргийн намын санхүүжилт, тэгээд өөрийнхөө сонгуулийн зардлыг нэмж гаргана гэсэн үг. Ингэхлээр сонгуульд намаас өрсөлдөнө гэдэг дор хаяж хагас тэрбумтай, эсвэл тийм мөнгө "босгож” чадах хүний хийх ажил болж хувирч байгаа юм. Чамайг дэмжих найз 100-аар тогтохгүй, дор хаяж 500 байх ёстой гэсэн үг. Монголын өнөөдрийн бизнесийн орчинд нэг сая төгрөг зүгээр гаргаад өгчих 500 бизнес эрхлэгч олох хэцүү шүү. Харин 100, бүр 500 саяыг нь тэр чигээр нь өгчихөж мэдэх цөөн хүмүүс бол бий.

Шударгаар хэлэхэд, ийм мөнгө Монголд хэдхэн хүн, хэдхэн салбарын  гарт бий. Банк, мөнгө хүүлэлт, уул уурхай, эсвэл төрийн мөнгө-төсөв, тендер, сангийн мөнгө... өөр юу байдаг юм. Гишүүн болох хүнд 20, 30, 50, 100 саяар нь хандив өгөх хүн олдвол тэр лав зүгээр сайн найзын сэтгэл биш. Түүний хариуг барих шаардлагатай болно. Энэ л бидний чөтгөрийн тойрог шүү дээ. Төрд орох гол шалгуур мөнгө л байна, ийм байхад шударга ёс тогтоох, төрийг цэвэр ариун байлгах тухай ярих ямар ч боломжгүй.

-АН-ын дарга таныг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлчихлээ. Тэгэхээр та сонгуульд хаанаас, аль тойрогт нэр дэвших вэ?

-Ямар ч байсан Чингэлтэйд, эсвэл нийслэлийн аль нэг тойрогт нэр дэвшинэ гэсэн бодолтой байна. Нэр дэвшилт эхлэх яагаа ч үгүй байна шүү дээ. Одоогоор нэг мөр шийд хэлэх бололцоогүй.

-Таныг АН-аас нэр дэвшүүлэхгүй гэдэг намын даргын хариултад Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн айлчлалаар явахын өмнөхөн болсон явдал. Уулзаагүй байна, ирэхээр нь уулзаж ярилцана.

-Та АН-ыг хайр найргүй шүүмжилдэг. С.Эрдэнэ дарга үүнд чинь дургүйцсэн юм болов уу?

-АН-ыг шүүмжилж болохгүй хэрэг үү. Хэрэв тийм бол нөгөө 30 жилийн үр дүн юу болох вэ. Ер нь, жаахан ухаан сэхээтэйхэн хүний өнцгөөс харвал би АН-ыг гэхээсээ илүү тогтолцоог шүүмжилж ирсэн, түүнд АН ч, МАН ч өртөж л таарна. Өөр хэн буруутай гэж? Өнгөрсөн гучин жилийн Монголын хамгийн том, нүдэнд харагдахуйц ганц "бүтээн байгуулалт” нь МАН АН өөрөө юм шүү дээ. Тэгэхээр шүүмжлэлд өртөхгүй байх ямар ч бололцоогүй.

-Таны АН-аас дэвшинэ гэхээр эсэргүүцсэн, дургүйцсэн хандлага нэлээд байх шиг байсан. Нөгөө талд АН дотор болон олон нийтийн дунд С.Эрдэнэ даргадаа дургүй хүн ч цөөнгүй байх шиг?

-Монголчууд лидер дагасан сэтгэхүйтэй хүмүүс. Гэтэл үнэндээ МАН-ын дарга У.Хүрэлсүх цойлсон нэр хүндтэй, хүмүүсийн хайр талархлыг хүлээж байгаа нь МАН тийм байгаа гэсэн үг мөн үү?! АН-ын дарга бол АН биш. Тэгвэл энэ "ардчилсан” нам биш болно.

Миний тухайд мэдээж дан ганц миний сонголт биш байсан. Нөгөө талаар улс төр бол сарнайн дэлбээ цацсан улаан хивс биш, дандаа л эрсдэл байдаг. Аль нэг эрсдэлийг л сонгодог гэсэн үг.

-Та бие даавал эргэлзээгүй гарах хүмүүсийн нэг биш үү? 

-Энэ бол бас л нэг эрсдэл. Нэг талаас, халаасныхаа хэмжээгээр бага мөнгө зарна, гарвал бие даасан, илүү өргөн эрх чөлөө эдэлнэ. Тэгээд л хүмүүсийн хэлдгээр баруун солгойгүй цавчиж эхэлнэ дээ, бүгдтэй нь дайсан болдог. Уг нь би олон нийтийн эрх ашгийн төлөө тодорхой бие хүмүүстэй дайсан болдог. Тэд мөнгөө төлөөд намайг олон нийтэд муулдаг. Миний эсрэг нэгддэг, одоогийн нөхцөл байдлын шалтгаан энэ.

Түүнээс хойш юу өөрчлөгдсөн гэж бодоо вэ? Эрх баригчид өөрчлөгдөөгүй, сонгууль зохион байгуулах хүмүүс өөрчлөгдөөгүй, хар машин өөрчлөгдөөгүй... Хүмүүс их л амархан хардаг, үнэндээ юм гэдэг харагдаж байгаа шигээ, эсвэл санагдаж байгаа шигээ тийм ч амар биш.

-Хэрэв юу ч өөрчлөгдөөгүй бол тийшээ орох шаардлагагүй юм биш үү?

-Тэнд зөвхөн юм хийх гэж ордог юм биш. Ийм хатуу, ёстой нөгөө цөвийн цагт бол бас луйвар, хулгай хийлгэхгүй байх үүрэг нь илүү чухал ч байж мэднэ. Яг хотны нохой шиг чимээ өгч байхгүй бол хот эргэсэн хулгайч язганалдаж байдаг. Яг л Ерөнхийлөгч бидний байсан их хурал Тавантолгойг авч үлдсэн шиг. Тэнд байхдаа Дубайн гэрээний булхайг илчилсэн шиг, муу хүмүүсийг төрөөс салгах оролдлогуудыг хийж байсан шиг. Зуу зуун саяыг зарж орж ирсэн хүмүүсийг тэр мөнгөө төсвөөс нөхчихгүй байхыг нь харж хянах, тийм хулгай хийлгэхгүй байх хүмүүс илүү хэрэгтэй биш гэж үү? Би гишүүн байхдаа мөн ч олон баримт гаргаж, овоо ч олон хулгайг зогсоосон. Одоо хүмүүс нээрээ Ванга шиг л хэлж байж гэх юм. Гэтэл өнгөрсөн 4 жилд тийм баримт тун цөөн гарлаа даа.

Харин тэд улайрахаараа надад дийлдэхгүй, би үзэлцсээр байгаад, бүр ЗГ-ыг чинь унагана шүү гэсээр хамгаалж чадалгүй Дубайн гэрээг алдсан. Тэгэхээр унагаж байгаад шалгуулах гэтэл Сайханбилэгийг аваад үлдсэн. Тэгээд амташсан хэрээ 13 гэгчээр Эрдэнэтийг луйвардчихсан. Намайг поп гэж, МАН-ыг миний хормой дор оруулж зурж байгаад улсаа зарсан. Гэвч одоо намайг магтаад яах вэ дээ, гол нь Дубайг хийлгээгүй бол сайн байсан юм. Одоо би АН-ын дайсан гэгдэж байна.

Үнэндээ би буруу хүмүүст, буруу зарчимд бууж өгөмгүй байна. Улстөр бол миний хамаг байдгаа зориулж хийсэн ажил. Би үүнд мөнгөөр үнэлэхгүй олон зүйл зольсон. Миний олон жилийн хөдөлмөр. Энд идэвхтэй оролцогч байж дээрэм тонуултай тэмцэх шаардлага хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна гэж харж байна. Бие, сэтгэлийн амрыг бодвол хаячихмаар байвч зүрхлэхгүй байна. Та яагаад ийм юм болохыг нь мэдсээр байж бууж өгч байгаа юм бэ гэж миний нялх үрс маргааш надаас асуувал юу гэж хэлэх билээ гэж бодохоор үзсээр байгаад дуусахаас өөр сонголт үгүй мэт санагддаг. Тиймээс шүд зуун зүтгэж байж, эрхэм нөхдийн хамт Ноён уулыг авч үлдлээ.  

-Та өмнө Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг байгуулж байсан. Энэ нам одоо Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа юу?

-2016 оны сонгуулийн дараа ТТЭНН-ын даргыг надаас хууль бусаар булааж авсан. Би жирэмсэн, хүүхдээ тогтоох гэж эмнэлэгт бүтэн гурван сар хэвтсэн. Энэ үеэр залилангийн хэрэгтэй хоригдож байсан залууг суллаад, ямар ч тамга тэмдэггүй бичиг баримтаар намын даргыг надаас булааж авсан. Мэдээж энэ бол өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдлагаар хийгдсэн.

-Тэгвэл танд өөрөө намаа хууль ёсоор сэргээгээд сонгуульд үзэх боломж бас байгаа юм биш үү?

-2016 оны сонгуулийн өмнө бие даагч гишүүд бид нам байгуулахаар зүтгэсэн ч бидний намыг бүртгэхгүй байх үүргийг өмнөх ерөнхийлөгч өгсөн байсан. Ингээд бид арга буюу өөр өөрийн замыг сонгосон. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-д орсон, С.Ганбаатар ХҮН-д орсон ч тэднийг сонгуульд өрсөлдөх эрхгүй болгосон. Ингээд хүмүүст МАНАН-гаас өөр сонголт бий болгох үүрэг ганц надад л үлдсэн. Би ингэж л итгэсэн. Нэгэнт шинэ нам нээх боломж олгохгүй байсан тул бусдын байгуулсан намыг өөд татахаас өөр сонголт байгаагүй.

Тэгээд л нөгөө тал бусад намыг яасан тэр замаар оруулах гэж тагнуултайгаа хамтраад дайрсан. Юу эсийг хийв, би ч шүд зуугаад сонгууль өнгөрөөсөн, гэтэл тэдний өсөрхөл сонгуулиар дуусаагүй...

-Одоо намаа хууль ёсоор өөрийн болгох боломж танд байгаа биш үү?

-Хүч түрж шийдэж болох ч надад тийм хүсэл алга. Би тэр залууст маш их итгэсэн байсан тул сэтгэлдээ шархтай үлдсэн. Би ийм юмтай орооцолдмооргүй байна. Намын тамга, гэрчилгээг нь өгчихье гэхээр улстөрийн намаар, хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшлээр наймаа хийх боломжийг ёс суртахуунгүй хүмүүст зүгээр л "Май, дараагийн хүнээ залил” гээд өгчихөж бас зүрхлэхгүй байна. Энэ намд олон мянган хүн намайг дагаж орсон, итгэл үнэмшлээ өгсөн шүү дээ. Өмнөх сонгуульд авсан саналын дүнгээр гуравт орсон нам. Пропорциональ системээр бол парламентад нэг бус суудалтай байх амжилт. Энэ бол миний нэр төр, итгэлт нөхдийн минь хөдөлмөр, зүтгэл байсан юм. Наймаалцаж болдоггүй зүйл гэж байдгийг тэдгээр залуус ойлгох ёстой...

-Их хурал дахь эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь байхаар Үндсэн хуульд тусгасан. Хуульд ингэж заасан ч үе үеийн парламентын эмэгтэй гишүүдийн тоо 20 хувьдаа хүрдэггүй. Энэ юутай холбоотой вэ?

-"Эвий минь, эмэгтэй юм хөөрхий” гэдэг зөөлөн дардан зам улстөрд лав байдаггүй, байгаагүй, байх ч үгүй. Ийм зарчим эмэгтэйчүүдийг амжилтанд хүргэхгүй гэдгийг бид харж л байна. Идэж уух, улсын сан хөмрөгийг цөлмөхөөрөө тэд чинь бас л эрчүүдээс дутдаггүйг харж байна. Буруутай тэмцэлдэж үзэлцэхээрээ ч, үзэл санаа, итгэл үнэмшилтэй байж, түүгээрээ бусдыг дагуулахаараа ч бас л дутахгүй байх ёстой, өөрөөрөө үлгэрлэх ёстой. Улстөрд байх ёстой зарчмын шалгуур ямар байдгийм, түүгээрээ л шалгагдсан нь дээр. Эр, эмийн шалгуур гэдэг бол хэтэрхий явцуу, ядуу юм. Би түүнийг дэмжигч биш. Ялангуяа улстөрд мөнгөний шалгуур үндсэн гол шалгуур байгаа цагт зөв хүмүүс, зөв эмэгтэйчүүд гарч ирэх бололцоо дэндүү хаалттай байх болно. Энэ нь эмэгтэйчүүдийн нэр хүндийг улам л унагана гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: Itoim.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.