Б.ОДОНТУНГАЛАГ: Санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аян амжилттай үргэлжилж байна

0

Б.ОДОНТУНГАЛАГ: Санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аян амжилттай үргэлжилж байна

 

2020 он гарсаар Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн "Ятгах тусам нягтал”- ыг зохион байгуулсан бөгөөд тус аяны үргэлжлэл болгон "Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Тэгвэл энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголбанкны зүгээс "Нягтлах тусам аюулгүй”   аянд хэрхэн оролцож байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Сайн байна уу. Аяныг ярихын өмнө санхүүгийн тогтвортой байдлын тухай дурдах нь зүйтэй. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал нь иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах зэрэг өөр хоорондоо нягт уялдаатай зорилтуудыг хэрхэн ханган хэрэгжүүлж байгаагаар тодорхойлогддог.  Тийм учраас Монголбанкнаас манлайлан "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, ЦЕГ, Монголын банкны холбоотой хамтран санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн  гаралтыг багасгах, санхүүгийн залилан мэхлэлтээс санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах, улмаар урьдчилан сэргийлэх зорилгоор "Ятгах тусам нягтал” аяныг 2020 оны 1 дүгээр сард маш амжилттай хэрэгжүүлсэн. Энэ аян бодитой үр дүнд хүрсэн учраас бид уг аяны хоёр дахь үе шат болох "Нягтлах тусам аюулгүй” аяныг мөн ЦЕГ, ХААН Банктай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.   

-Өмнө нь хэрэгжүүлсэн "Ятгах тусам нягтал” аян бодитой үр дүнд хүрсэн гэж та сая хэллээ. Яг ямар үр дүнд хүрсэн талаар жаахан дэлгэрүүлж болох уу? 

-ЦЕГ-ын тайлан мэдээнд залилах гэмт хэрэг 2017-2019 онд нийт гэмт хэргийн 14-16 хувийг эзэлж, хохирлын хэмжээ нь мөн онуудад 400 тэрбум  шахам төгрөгт хүрч байсан гэх тоо баримт бий. Өөрөөр хэлбэл,  залиллах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн эхний тавд орж байна гэж ойлгож болно. Харин "Ятгах тусам нягтал” аяныг  хэрэгжүүлснээр 2020 оны 5 дугаар сард залилах гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар буурсан буюу 467 хэрэг бүртгэгдсэн байсан бол 240 хүртлээ буурчээ.

Мөн  аяны үр дүнгийн судалгаагаар судалгаанд оролцсон иргэдийн 93 хувь нь "Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга  хэмжээ хувь хүнд болон олон нийтэд хангалттай мэдээлэл өгч, өөрсдийгөө хамгаалах мэдлэгтэй болгож чадсан гэдэгтэй санал нийлсэн эерэг үр дүн гарсан. 

-Тэгвэл "Ятгах тусам нягтал” аяны  үргэлжлэл болох "Нягтлах тусам аюулгүй” аяны гол зорилго юу вэ? Хэдий хугацаанд хэрэгжих вэ? 

-Дэлхий нийтээр Коронавирусын цар тахал дэлгэрсэн энэ үед санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах, санхүүгийн залилан мэхлэлтээс санхүүгийн хэрэглэгчдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нь бидний нэн тэргүүний зорилго гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх арга замын тухайд нийтийн сүлжээ, цахим орчноор дамжуулан олон нийтийг зөв мэдээ, мэдээллээр хангахыг чухалчилж байна. Ингэхдээ залилах гэмт хэргийн талаар, түүнтэй холбоотой хууль эрхзүйн орчны талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл түгээж иргэдийн  ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч байна. Аян 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Arslan.mn

-Санхүүгийн ямар төрлийн луйврууд цахимаар үйлдэгдэж байна вэ?  

-Тухайн хүний фэйсбүүк хаягийг нь эвдэж ороод, ойр орчмых нь хүмүүс рүү мөнгө гуйсан мессеж явуулдаг залилан луйврын  гаралт идэвхтэй  хэвээр л байна. Иргэд  хууль эрх зүйн болон санхүүгийн мэдлэг дутмагаас мэдээллийг нягтлахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь элбэг байна.  Ер нь дэлхий нийтээр санхүүгийн бүтээгдэхүүн олон болж байгаатай холбогдуулан тухайн мэдээллийн сайн авч байх нь чухал.

Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд нийт 3 сая гаруй банкны карт байгаагаас идэвхтэй ашиглагдаж байгаа нь 1.5 сая юм.  Хүмүүс картаа бусдад ашиглуулах, нууц кодоо алдах зэргээс болж санхүүгийн луйварт өртөж байна.

Цар тахалтай холбоотойгоор цөөн хэдэн тоогоор үйлдэгдэж байгаа нислэгүүдэд суудал гаргаж өгнө гэсэн залилан ч сүүлийн үед их явж байна. Мөн азтан шалгаруулж байна хэмээн бага дүнтэй бүртгэлийн хураамжаар лоттерей явуулах хандлага ихсээд байна.

Иргэд өөрөөс нь бага мөнгө гарч байгаа болохоор азандаа итгээд оролцож байгаа нь цаана нэг луйварчинг тэжээж байгаа гэдгээ мэдэхгүй байна. Тиймээс мөнгө санхүүтэй холбоотой аливаа санал, хүсэлтэд болгоомжтой хандаж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна. 

-Санхүүгийн луйврын гэмт хэргийн гаралтыг бууруулахад дан ганц Цагдаагийн газрын үүргээс гадна банк санхүүгийн байгууллагууд ч хамтран оролцож байгаа нь сайн хэрэг болжээ гэдгийг гарч буй үр дүнгүүд харуулж байна шүү дээ. 

Тийм ээ. Ер нь санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт багтдаг сэдвүүдийн нэг юм. Тийм ч учраас "Нягтлах тусам аюулгүй” аяныг бид хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн аяныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ХААН Банк дэмжин, хамтран ажиллаж байгаад талархаж байна. Санхүүгийн мэдлэгийг түгээх нь өөрөө санхүүгийн салбартаа маш том үр нөлөөтэй. Банкны салбарт гарч буй залилан, луйвар нь бүх л банкыг хамрана шүү дээ.

Залилан луйвар өөрөө дандаа санхүү, эдийн засгийн бодитой хохирол үлдээж байдаг учраас  цаашид иргэд амар хялбар аргаар санхүүгээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү мэдээллийг нягтлах, заавал эх сурвалжаас нь тодруулж байх, хамгийн гол нь энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулахыг анхааруулж байна. 

Ярилцсанд баярлалаа.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.