“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэнгийн гэрт нэгжлэг хийж, таван тэрбумын авлигын хэрэгт шалгаж байна

0

       "Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн болон тус компанийн ерөнхий нягтлан бодогч н.Билэгдэмбэрэл нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид өчигдөр Ц.Даваацэрэнгийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, бичиг баримт, бэлэн мөнгө хураан авчээ. Мөн түүний албан өрөөнөөс гадна нягтлан бодогчийн өрөө, тус компанийн байранд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтыг лацдаж, эд мөрийн баримтаар хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.

        Хууль хяналтын байгууллагаас Ц.Даваацэрэнг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэнэ. Ц.Даваацэрэн нь зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгожээ. Тодруулбал, тэрбээр тус замын ажлыг гүйцэтгэх тендер зарлахгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр бусдад их хэмжээний мөнгө шилжүүлэх даалгавар өгчээ.

       Эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн нь өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгож, гэрээ хийхгүйгээр таван тэрбум төгрөг өгсөн гэсэн. Тэрбээр төмөр замын ажил гүйцэтгүүлэх нэрийн дор туршлагагүй компанид гэрээ хийхгүйгээр таван тэрбум төгрөг өгнө гэдэг нь хууль бус үйлдэл. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан мэдэж, шалгаж байгаа юм шиг байна лээ. Түүний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эл хэрэгт нягтлан бодогч н.Билэгдэмбэрэл оролцсон гэсэн. Мэдээж хэрэг захирал нь компанийн данснаас их хэмжээний мөнгийг гэрээ хэлэлцээргүйгээр гаргах зөвшөөрөл олгоход нягтлан бодогч нь оролцсон байж таарна шүү дээ. Гэрээгүй, баримтгүй шилжүүлсэн улсын таван тэрбум төгрөг салхинд хийсэж магадгүй байна. Туршлагагүй компани ажлаа хийж чадахгүй бол хэн хариуцах вэ” гэлээ.

Ц.ДАВААЦЭРЭН ГЭЖ ХЭН БЭ

          Ц.Даваацэрэнг өнгөрсөн дөрөвдүгээр сард "Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилсон байдаг. Тэрбээр өмнө нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан билээ. Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байсан. Мөн түүнийг 2019 оны есдүгээр сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж байсан билээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.