“Самрын бизнесийн ард авлига байдаг”-ийг АТГ мэддэг, НҮБ ч зөвлөжээ
Манайхан намартаа л хушны самар тойроод шуугидаг. "Байгаль экологи сүйдлээ” гэлцдэг. Тэгмэгц БОАЖЯ, одоо татан буугдсан МХЕГ-ынхан ой руу гараад давхичихна. Очоод баахан самар бэлтгэж буй хүмүүсийг барьж авна. Энэ талаараа бөөн сүр болсон мэдээлэл цацна. Тэдэнд торгууль төлбөр онооно. Түүсэн самрыг нь хураана. Заримыг нь шүүхэд шилжүүлнэ. Шүүх нь баахан хууль ярьж байгаад шийднэ.
Шүүх байгууллагын shuukh.mn мэдээллийн багцад ийм тогтоол шийдвэр зөндөө бий. Харин төрийн түшээд энэ талаар сонсоод "Самар түүхийг хориглох” хууль санаачлаад гүйчихнэ. Гэтэл энэ бүхний цаана ердөө л самрыг зөв цаг хугацаанд нь, зүй зохистой бэлтгэж, эдийн засаг, хууль хяналтын зөрчилгүй боловсруулж, экспортлох тухай л яригдаад байгаа юм.
Уг сүлжээг хятад иргэд удирддаг. Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн "Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал олон жил явж ирсэн. Зарим компани стандарт хангаад, олон улсын жишгээр гэрээлээд, орлогоо бүрэн мэдүүлээд, нийгмийн даатгалаа төлөөд нэмүү өртөг шингээгээд экспортолдог.
Тэд "Самар түүх, бэлтгэхтэй холбоотой Ойн тухай хууль, Байгаль орчны тухай хууль зэрэг олон хууль, тогтоомж бий. Гэсэн хэдий ч эдгээр нь хоорондоо авцалддаггүй. Манай холбоо үүний эсрэг байр суурьтай байна. Хуш модны самар түүх энэ үйл ажиллагааг БОАЖЯ өөрөө менежмент хийж чаддаггүй” гэдэг. Энэ дээрээсээ улбаалаад самар бэлтгэх, экспортлох зөвшөөрлийг холбооноосоо өгдөг болно гээд явж байгаа аж.
Сайд солигдохын хэрээр салбарын асуудал унадаг жишиг энэ яам дээр ч үзэгдэж эхлээд байна. Самрын зөвшөөрөлд буруутгагдаагүй сайд байдаггүй. Өмнөх сайд нар нь тийм л байсан. Одоогийн Б.Бат-Эрдэнэ "Самар тойрсон хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ” гээд овоо дуугараад эхэлсэн. Гэсэн ч удаагүй таг чиг болоодохлоо.
Ийм зөвшөөрөл авсан компаниуд нөгөөх "урд”-аас авсан мөнгөө бариад хөдөө гарна. Бэлтгэгчдэд тараачихна. Намар нь цуглуулахын тулд голдуу хавар тараана. Ирэх намрын "ургац”-ын мөнгө тараах хугацаа нь дөхөж л байна. Харин БОАЖЯ, өөр бусад хяналт тавьдаг төрийн захиргааны байгууллагууд араас нь явдаггүй. Тэгээд л хаячихна.
Нэгэнт энэ түвшиндээ хяналтгүй явж ирсэн болохоор экспортлох явцад нь хянах ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Нэгдсэн мэдээл байхгүй. Тэгэхээр татвар авах боломжгүй. Гаалийн үнэ ч хяналтаас гарна. Логикоор л "Энэ чинь ийм байх ёстой” гэхгүй бол экспортлогч компаниуд дурын үнээ тавиад хилээр гаргачихна. Энэ зууртаа улсын тэмдэгтийн хураамжаас эхлээд Монгол Улсад төлөх бүхий л татвар түрээсээс бултдаг.
Тухайлбал, 2015 он "Жи Си-Эс” ХХК 24 сая төгрөг, 2016 онд "Эс Си Интернэшнл” ХХК 960 сая төгрөг, "Оюу цагаан барс” ХХК 1 тэрбум 800 сая төгрөг, ХХК 600 сая төгрөг, "Буман боргоцой” ХХК 288 сая төгрөг, "Эс Си Интернэшнл” ХХК 1 тэрбум 500 сая төгрөг, 2017 онд "Эс Си Интернэшнл” ХХК 1 тэрбум 500 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус төлөөгүй байна” гэж байв.
Энэ талаар АТГ-ынхан "Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ядмаг оролдлого. Албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн биш. Тосыг нь шахаж байж эцсийн бүтээгдэхүүн болно. Тиймээс нэгэнт хууль хэрэгжиж байгаа бол хуулийн заалтыг мөрдөх учиртай, улсын тэмдэгтийн хураамжийг авах нь зайлшгүй” гэж байна.
Харин энэ хэвээр маш ашигтай мөртлөө хэдхэн тооны компанийн хяналтад байх аваас, хууль бус бизнес нь хариу үйлчлэл үзүүлэхэд ноцтой асуудал болно. Гаалийнханд ч асуудал үүсгэж болох юм. Самартай холбоо бүхий авлигын асуудлыг найдвартай шийдвэрлэх нь суурь шинжтэй шинэчлэлт хийхийг шаарддаг.
Сэтгэгдэл байхгүй байна.