ТҮМНИЙГ ШУУГИУЛЖ ЯВАА ТӨВ НУТГИЙН ХҮҮ Д.ХҮДЭРБУЛГА

0

                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үндэсний "Алтан цом”-ын төлөөх барилдаанд ир, эв хоёроо тааруулж, араасаа дагуулах хүнгүй хол тасархай түрүүллээ, Төв нутгийн хүчит начин Д.Хүдэрбулга. Бүр улсын начин цолны болзол хангачихаад хээв нэг "Мэдэхгүй ээ” гээд толгойгоо илж байсан хээгүй, гүндүүгүй сайхан начныг нутаг ус, уул тал нь түшиж, ирэх Ардын хувьсгалын ойн наадамд цолоо ахиулах нь дамжиггүй биз ээ.

-БАГААСАА БАРИЛДАЖ, НОЦОЛДООД ХУВЦСАА УРЧИХААД ЯВДАГ БАЙСАН ТҮҮНИЙГ ОЙР ДОТНЫНХОН НЬ "БӨХ БОЛНО” ГЭЛЦДЭГ БАЙЖЭЭ-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хүдэрбулга начин Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат. Багаасаа л барилдаж, ноцолдоод хамаг хувцсаа урчихаад явдаг байсан түүнийг хараад ойр дотнынхон нь "Хүдэрбулга бөх болно” гэж ярьдаг байж. Хүмүүсийн ийн ярьж байгааг сонссон Д.Хүдэрбулга нэг удаа ээж С.Наранцэцэгийгээ дагуулаад нутгийн ах, сумын заан Даваа гэгч дээр очиж, "Мэх заагаад өгөөч” гэсэн юм билээ. Нутаг нугандаа хэдэн мэх сурч авсных нь дараа ижий нь түүнийг дагуулж, хот ороод 73 дугаар сургуульд элсүүлсэн нь сургууль, бусад спортын төвийн бөхийн секц, дугуйланд явах эхлэл болжээ. Ингэж л эр бяр, эд хаваараа түмнийг шуугиулж байгаа Д.Хүдэрбулга начны бөхийн замнал эхэлсэн түүхтэй.

                       Тэрбээр багаасаа барилдаж, ноцолддог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч бөхөд хожуу шамдсан. Гэсэн ч сургуулиа төгсөхөөс өмнө хэд хэдэн барилдаанд амжилт гаргаад байсны нэг нь сар шинийн өсвөрийн бөхийн барилдаан. Бөхөөр хичээллээд удаагүй хүү сар шинийн улсын өсвөрийн бөхийн дэвжээн дээр гармагцаа ихэд гэрэвшээж байсан гэнэ. Тэгээд нутаг нуга, аав, ижийгээ бодож, "Цагаан сараас өмнө гэртээ очих минь” гэсэн шүү юм бодоод нүүр хагарч, үеийн хүүхдүүдээ баруун, солгойгүй хаяж, сар шинийн өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлсэн гэдэг.

-ЭХ ОРОН, ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨЛӨӨХ 10 ЖИЛ-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хүдэрбулга начин хотод сууж, бөхийн секц, дугуйланд яваад чөлөөт бөхийг сууриа болгосон байдаг. Тэр бүү хэл, олон ч тив, дэлхийн наадамд өөрийгөө харуулж, түмнээ баярлуулж байсан дэлхийн бөх юм шүү дээ. 2013 онд Казаньд болсон зуны Универсиад наадмаас хүрэл медаль хүртсэнээр түүний амжилтын гараа эхэлсэн. Д.Хүдэрбулга тэр жилдээ их ч иртэй байж, Азийн наадмаас дахин хүрэл медаль хүртэж, түмэн олондоо эр бяр, эд хавтай гэдгээ батлан харуулаад байв. Гэсэн ч монголчуудад эр бяраа батлах нь түүний зорилго байсангүй. Ирэх жил болсон Азийн аваргад хөнгөн бэртэлтэй байсан ч шууд зууж орж, Азийн аварга болсон билээ. Тухайн тэмцээнд мөнөөх Киргизийн алдарт бөх Мусаевтай таарч, илт давуу ялалт байгуулсан түүхтэй. Д.Хүдэрбулга начин гурван жил дараалан дэлхийн аваргын тэмцээнд оролцож, 2014 онд шигшээд шалгарч, Риогийн олимпын эрх авч түмнээ цэнгүүлж байсан цаг саяхан.

-СЭТГЭЛЭЭС НЬ ҮЛ ХОЛДОХ АЙМГИЙН НААДМЫН АРСЛАН ЦОЛНЫ ТӨЛӨӨХ БАРИЛДААН-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэрбээр 19-хөн насандаа төрж, өссөн Төв аймгийнхаа баяр наадамд таван даван аймгийн начин цолонд хүрч байв. Харин Д.Хүдэрбулгын санаанаас гардаггүй, дотно сайхан дурсамжтай барилдаан нь аймгийн наадамдаа түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн барилдаан гэнэ. Тухайн үед Д.Хүдэрбулга 22 настай. Төв аймгийн баяр наадмын түрүү, үзүүрт нэг нутгийн хүчтэн, тухайн үеийн аймгийн арслан Г.Ганжадтай барилджээ. 2014 онд ч Г.Ганжад начин ир, хүчтэй Д.Хүдэрбулгыг өвдөг шороодуулчих гээд л байж. Харин Д.Хүдэрбулга баруун гар талдаа санаачилга авч, шуурхай барилдан Г.Ганжадаар Төв нутгийн барилдаанд түрүүлж, аймгийн начин цол хүртжээ.

-ТҮҮНД ХҮРЭХ ЦОЛ, ХАРАХ ИРЭЭДҮЙ БИЙ-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Д.Хүдэрбулга начин чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн төлөө 10 жил барилдаж, Азийн аваргаас төрийн дууллаа эгшиглүүлж байсан нэгэн. Харин сүүлийн жилүүдэд үндэсний бөхдөө илүүтэй анхаарч, барилдах болсон. Энэ нь ч зохисон гэмээр Д.Хүдэрбулга начин жин тавигдчихаад эр бяр, эд хавын гайхамшгийг үзүүлж байна. Дөрвөн мөчиндөө тэнцүү бяр, хүчтэй аатай сайхан начин дэвж явна даа. Зааны эрэмбэтэй гэдгээ удаа дараа батлан харуулаад байгаа "Д.Хүдэрбулга начин улсын наадамд цолоо ахиулна даа” хэмээх итгэж, хүлээх үзэгч, дэмжигч олон буй биз ээ. Түмэн олондоо хүч, эвээ харуулсан сайхан залуу начныг нутаг ус, аав, ижийнх нь буян түшиж, хүрэх цол, харах ирээдүй нь гэгээтэй байг...


ТҮМНИЙГ ШУУГИУЛЖ ЯВАА ТӨВ НУТГИЙН ХҮҮ Д.ХҮДЭРБУЛГА

Эх сурвалж: Ergelt.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.