Жүжигчин О.Бат-Өлзий: Александр Дюма бол Францын Шекспир

0
Жүжигчин О.Бат-Өлзий: Александр Дюма бол Францын Шекспир

Монгол улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий хамгийн дуртай номынхоо тухай манай сайтад ийн ярилаа.

   Намайг хамгийн дуртай номоо нэрлэ гэвэл би Александр Дюмагийн "Монте Кристо гүн” гэж хэлнэ. Олон ч хүн над шиг ингэж хэлэх байх. Анх энэ номыг би арван жилийн сургуулийн дунд ангийн хүүхэд байхдаа уншсан юм. Арван гурван настай байв уу яав, 1970-аад он шүү дээ. Уул ном нь маш сонирхолтой учраас тэр их зузаан, ногоон хавтастай ганц ботийг сүрдэлгүй уншиж дуусгасан минь сэтгэлд үргэлж хадаатай байдаг.

Ах дүүс гар дамжуулан уншдаг ном

   Манайх арван хүүхэдтэй айл. Би долоо дахь нь. Ах, эгч нарын маань ном унших дур сонирхлыг дэмжиж аав, ээж хоёр минь ном их авч өгдөг байлаа. Ах, эгч нар гол төлөв уран зохиолын ном уншина. Гэрийн нэг хана тэр чигээрээ ном. Тэр үед айлууд ханандаа хивс хаддаг байсан бол манайх тийм байгаагүй юм. Арвын арван хүүхэдтэй айл шүү дээ. Ханын тавиур дүүрэн номтой. Тэнд нь "Цагаан бээлий”, "Америкийн эмгэнэлт явдал”, "Шоовдорлогдсон хүмүүс”, "Оцеола баатар” гээд дэлхийн шилээвэр сонгодгууд бүгд байна. Бид хэд өрөөндөө нэг төмөр ортой, тэгээд нэг хана дүүрэн номтой тийм айл байсан юм. Тэгэхээр өнөө хэдэн хүүхдүүд чинь дор дороо л нэг ном бариад суучихна. Ээж маань "Ном уншлаа” гэж загнахгүй. "Хэвтээгээрээ ном уншлаа. Одоо унт” л гэж загнана. Тэгж л биднийг номын амтанд оруулсан юм. Тэгээд хэдий суугаагаараа уншихыг шаардавч хүүхэд л бол хүүхэд, хэвтээгээрээ уншдаг байж. Би ч ах, эгч нарын уншаад дууссан номыг сонирхолтой л байж таарна гээд бариад авахад яг тийм байдаг байв. Ер нь бол ах, эгч нарын эхэлж уншсан ном насныхаа эрэмбээр доошилж явсаар надад ирнэ дээ. Заримдаа номоо хувааж уншина. Нэг нь уншиж байгаад хичээлдээ явбал нөгөө нь аваад уншина. Үдээс өмнө, хойно гэсэн ээлжтэй. Зарим нь эхэлж байхад зарим нь дундаа орчихсон, дуусгах дөхсөн байна. Уншиж байсан нэг нь номоо тавиад бөгс өндийхөд л нөгөөх нь шүүрч аваад, нугалсан хуудсаа олоод үргэлжлүүлэн уншдаг байсан даа. "Монте Кристо гүн” энэ л замаар ах, эгч нарын гар дамжиж надад ирсэн юм. Тэгээд хүүхдүүд болсон хойно Эдмон Дантэсийг Парист эргэн ирж байгааг их сонирхож, хүмүүсээс яаж хариугаа авч байгааг нь ам уралдаад ярина даа. Гэхдээ л ах, эгч нар бол ах, эгч нар л байдаг. Бидэнтэй бага ярина. Үеийнхэнтэйгээ илүү их ярьдаг байсан биз. Хүүхэд байхад Ширээт ламын эрдэнэсийг олдог хэсэг хорхой хүргэдэг байж билээ. Гэхдээ тийм үйл явдлын хажуугаар гол дүрийн баатар шударга, хүн чанартай байгаагаас хүний мөн чанарыг; хүнийг шоронд ортол нь хохироож байгаагаас хуйвалдаан гэж ийм муухай юм байдаг юм байна гэх мэтээр амьдралын сайн, мууг олж харсан даа.

Дүрийг тархиндаа ургуулна

   Уран бүтээлчийг уран бүтээлч болгох амьдралын сургууль нь ном унших байдаг. Тухайн номд гарч буй үйл явдлыг нүдэндээ харж, тэр үе рүү өөрийнхөө төсөөллөөр очиж, дүр бүрийг нь тархиндаа ургуулдаг болохоор тэр. Эдмон Дантэс гэдэг далайчин залуу Ив цайзад хэлмэгдэж ороод тэнд 14 жил болохдоо Ширээт ламтай танилцаж байгаагаас үйл явдал өрнөдөг. Тэгэнгүүт би далайчин эр Эдмон Дантэс тийм залуу байж гэж төсөөлнө. Түүний нүдээр Ширээт лам гэж ямар хүн байсан бол, тэр Мэрсэдэс гэдэг бүсгүй ямар байх вэ гээд төсөөлнө. Францын боомт хот Марсэль ямар байх вэ, усан онгоц нь ямар байх вэ гээд тэр зохиолыг тайз, дүр, тэр үеийн хувцас гэхчлэн бүх юмтай нь төсөөлсөөр тэр чигээрээ номдоо уусчихдаг. Тэгж төсөөлж уншсан минь миний цээжинд хоногшиж үлдсэн болохоор бусад номоос онцгойлон хамгийн дуртайгаараа нэрлэж байгаа юм. Тэрний улбаагаар уран бүтээлч болох сонирхолтой ч болоод ирсэн. Ингээд бодохоор ном тухайн хүний хойшдынх нь амьдралд хүртэл нөлөөлдөг шиг байна. Манай СУИС-д ном их уншсан хүүхдүүд орж ирдэг юм. Уран бүтээлчид ч ном их уншсан байдаг. Талийгаач найз Ж.Сүххуяг маань их уншдаг хүн байж билээ.

   Ном уншиж байхдаа үйл явдлыг нь "Тэр ингэж сууж байгаад ярихад нөгөөх нь сонсчихоод ингэж харсан даа, тэгээд дотроо бол тэгж бодсон ч тэр бодлоо нуугаад ингэж хэлсэн дээ” гэхчлэн төсөөлнө. Ингээд хүнээр заалгахаас илүүтэй өөрөө сэтгэн бодох нь уран бүтээлч хүнд үнэхээр сайн нөлөөтэй. Сургуульд бол босож ирээд өөрийн биеэр үзүүлж багшдаа шалгуулдаг юм.

Александр Дюмагийн "Монте Кристо гүн" зохиол.

Эрийн цээнд хүрээд эргэж нэг уншив

   Нэлээн сүүлд, гуч гарсан хойноо энэ зохиолыг би дахиж уншсан юм. Телевизээр "Монте Кристо гүн” зохиолоор хийсэн кинонууд гарахыг үзээд сэтгэлд хүрээгүй болохоор тэр. Францын, Оросын кинонууд байсан. Энэ зохиол кино болоод ирэхээрээ номондоо хүрдэггүй байхгүй юу. Миний уншиж байхдаа төсөөлж байсан "Монте Кристо гүн”-д хүрээгүй учраас дахиж уншсан. Франц кинонд нь тэр улсын алдартай жүжигчин, хожим Оросын иргэншилтэй болсон том хамартай Жерар Депардьё дүрийг нь бүтээсэн. Тэр надад ерөөсөө таалагдаагүй. Эдмон Дантес гоё хүн байх ёстой гэж би боддог. Гоё цэвэрч сайхан байх хэрэгтэй. Гэтэл тэр миний санаанд хүрсэнгүй. Тэгж би хорь гаруй жилийн дараа "Монте Кристо гүн” зохиолыг дахиж уншихад, анх уншсан сэтгэгдэл эргэж сэргэсэн. Гэхдээ тэр дүрүүд миний амьдралд тааралдсан хүмүүс болчхож байгаа юм. Нэг дор ажиллаж байсан ч юм уу, амьдарч байгаа хүмүүсээ нэр цохоод хэлэхээр амилаад ирдэг юм байна. Хүүхэд байхад бол номын дүр тэнд байгаагаараа буудаг бол хорин жилийн дараа уншихад надтай тааралдаж байсан, уулзаж байсан, найзалж байсан хүний дүр болж харагддаг.

Хэзээ ч мартдаггүй хэсэг

   "Монте Кристо гүн” дотроо их адал явдалтай. Өшөө авалт, хайр сэтгэл, хүний муу, сайн чанар, нарийн ухаан гээд хүний амьдралыг тэр чигээр нь харуулсан, жижиг дүрүүд нь хүртэл сэтгэлд хоногшдог. Муу дүрүүдийн хажуугаар Дантэсийн сайн дүр нь хүүхэд бидэнд, хүн ийм шударга байх ёстой юм байна, хүний мөн чанар ийм юм гэдгийг ойлгуулсан байх. Дантэс 14 жилийн дараа шоронгоос оргож гараад их эд хөрөнгийн эзэн, гүн цолтой болоод Парист эргэж очиход Вильфор, Мэрсэдэс, Фернан, Данглар нар таньдаггүй. Өөрийг нь шоронд оруулахаар хуйвалдсан энэ хүмүүстэй эргэж очоод уулзахдаа мань эр дандаа сүүдэр талд нь суудаг юм. Сүүдэр бараадаж, өөрийнхөө нүүр царайг нуух гэж оролддог энэ хэсгийг би ер мартдаггүй. Тэр үед ямар нүүрний мэс засал байсан биш. Гэтэл 14 жилд хүний төрх тэгж айхтар өөрчлөгдөхгүй шүү дээ. Ердөө л гаднах хувцас нь ганган болсноос бид цаад Дантэс яг хэвээрээ л байсан. Тийм ч учраас өөрийгөө танигдчихвий гэж болгоомжилж байхад нь Вильфор, Данглар нар түүнийг зөвхөн эд хөрөнгө, эрх мэдэл л гэж хардаг. Тэд ихэс дээдэс болоод Эдмон Дантэс гэдэг хүнийг бүр мартчихсан. Түүнийг шоронгоос гарч ирж чадна ч гэж бодохгүй байгаа юм. Тэгэхэд Дантэст хайр сэтгэлтэй байсан Мэрсэдэс бүсгүй нэг л уулзаад таньдаг. Эндээс л хайр сэтгэл ямар агуу хүчтэй вэ гэдэг нь харагдана. Тэр хүн өөрийгөө хэчнээн нуувч босож ирээд ганц үг хэлэхэд нь л таньж байна гэдэг хайр сэтгэл юуг ч давж гарч чаддаг гэсэн санаа юм. Хэдий амьдралын эрхээр Фернантай гэрлэсэн ч гэлээ Мэрсэдэс бүсгүй Дантэсийг хүлээх хүлээлт, итгэл найдвар, түүнийг нь хүлээж авч байгаа гүнгийн хайр сэтгэл ч тэр бүсгүйдээ байдаг нь хүүхэд гэлтгүй, нас хязгаарлахгүйгээр хүний сэтгэлийг хөдөлгөж, хөтөлж байгаа юм. Тийм болохоор миний ой тойнд энэ үйл явдал, дүрүүдийн харьцаанууд мартагдахгүй үлджээ.

   Мөн Ширээт лам бас л Наполеоны хэргээр Ив цайзын шоронд орчхоод, мэддэг бүх юмаа зааж өгье, их эрдэнэс хөрөнгө байна гээд байхад хэн ч түүнд итгэдэггүй. Галзуу солиотой л гэж боддог. Гэтэл тэр оюун ухаан, мэдлэг боловсролоороо тэр яриаг нь сонсож буй улсаас ч илүү шүү дээ. Фариа лам уг нь нүдээр харсан нууцаа дэлгээд эрх чөлөөтэй болохыг л хүсч байгаа юм. Гэтэл тэрийг галзуу гэж хардаг шиг үзэгдэл өнөөдөр манайд байна. Том нээлт хийчхээд, хэрэгтэй зүйл бүтээчхээд "Намайг дэмжээд өгөөч” гэхээр "Галзуу солиотой” гэх явдал олон байна шүү дээ. Амьдралын үнэн, эрх чөлөөний үнэ цэн тэр Ширээт ламын дүрээс харагддаг юм.

Александр Дюма бол Францын Шекспир

   Арван гурван настай хүүхэд тэр зузаан номыг барьж аваад тэгж амтанд нь орж уншсан гэхээр А.Дюма үнэхээр агуу зохиолч юм. Би түүнийг тэр үеийн Францын Шекспир л гэнэ. Би А.Дюмагийн "Шадар гурван цэрэг”-ээс эхлээд хэд хэдэн зохиолыг нь уншсан юм байна. Гэхдээ сүүлийн үед "Монте Кристо гүн” зохиолоос үндэслэж дараа дараагийн өөр зохиолчид зөвхөн нэг дүрийг нь, нэг үйл явдлыг нь салгаж аваад ондоо нэг бүтээл болгоод байх шиг санагдаад байгаа.

   Мөн энэ зохиол шиг сайхан манай үндэсний сонгодгууд байна аа. Л.Түдэвийн "Оройгүй сүм”, "Алтан гадас чигийг заана”,  Д.Намдагийн "Цаг төрийн үймээн” гэх мэт. "Цаг төрийн үймээн” үнэхээр гайхалтай зохиол. Зохиолч өөрөө тэр үйл явдлыг мэдэрсэн учраас зүрхнээсээ урсгаж бичсэн байдаг. Мөн С.Жаргалсайханы "Чингисийн нууц түүх” байна. Тэр зохиол уран бүтээлч хүний сэтгэлгээ ямар эрх чөлөөтэй, танхай вэ гэдгийг харуулсан. Энэ зууны зохиолч яагаад тэр XIII зууныг өөрийнхөөрөө харж, фантаазлаад тэгж бичиж болохгүй гэж. Энэ чинь түүх биш уран зохиол шүү дээ. Уран зохиол тийм гоё задгай сэтгэж, хүлээн зөвшөөрөгдөж, хүлээн зөвшөөрөгдөхгүй ч оршиж байдаг. А.Дюма мөн л цаг үеэ мэдэрсэн учраас "Монте Кристо гүн”-гийн тэр олон үйл явдлыг маш авцалдаатай бичжээ. Мөнхөд хүлээн зөвшөөрөгдөх бүтээл гэж байдаг. Энэ бол тийм бүтээл. Одоо энэ XXI зуунд ч "Монте Кристо гүн” зохиолыг уншиж байгаа хүн шүлсээ гоожуулаад уншина. Шекспирийн зохиолууд ч тийм байдаг шүү дээ. А.Дюмагийнх яг адилхан.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.