БГД-ИЙН ИТХ ДАХЬ С.БАЯРЫН ДҮҮ, Х.ГАНХУЯГИЙН БЭРИЙН БИЗНЕСҮҮД

0

       БГД-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ИТХ-д нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин нэхжээ. Үүнийг нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Сүхбаатар сошиал хуудастаа бичиж, халаасанд нь 100 сая төгрөг байхгүй тул ИТХ-д нэр дэвших боломжгүй болсноо илэрхийлж, МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа зарлажээ. Өөрөөр бол, дансандаа бэлэн 100 сая төгрөгтэй, түүнийгээ салхинд хийсгэхэд харамсахгүй, товчхондоо хур хөрөнгөтэй хүнийг л БГД-ийн ИТХ-д нэр дэвшүүлнэ гэдгээ Ж.Ганбаатар ийн ил цагаан илэрхийлжээ. Тэгэхээр БГД-ийн ИТХ-д хэтэвч зузаан хүмүүс нэр дэвшиж, ирэх дөрвөн жил тус дүүргийг хувийн ашиг сонирхол ханхлуулсан хүмүүс удирдахаар болж байх шиг. 
 
Тэгвэл БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр 100 саяын дэнчинд хотойхгүй, харин ч чамлаж мэдэх хамгийн хөрөнгөлөг хоёр төлөөлөгчийг нь танилцуулж байна. 

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН ДҮҮ, БИЕ ХАМГААЛАГЧААС ТЕНДЕРИЙН "ЭРЛЭГ” БОЛЖ ТОМОРСОН Ц.ГАНТУЛГА

       Нэр дээрээ 1.9 тэрбум төгрөгийн 16 орон сууцтай хэмээн АТГ-т мэдүүлэн аархаж ирсэн ганц төлөөлөгч БГД-ийн ИТХ-д суудаг нь Цэнд-Аюушийн Гантулга гэх залуу. Уг нь 10-аадхан жилийн өмнө Ц.Гантулга УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн бие хамгаалагч байсан. Харин одоо хот, хөдөөгийн тендерүүдийг хамдаг, хотхон барьж худалддаг том компанитай, 16 орон сууцтай, хагас тэрбумын жийп хөлөглөсөн, БГД-ийн ИТХ-ын толгой баян төлөөлөгч болж томорчээ. Чухам яаж гэдгийг нь он дарааллаар нь, басхүү баримтаар тайлбарлая. Эхэнд нь онцлоход, хэрвээ хэн нэгэн нэр нөлөөтэй улстөрчийн халамж, хамгаалалттай бол хэрхэн хөлжиж болдгийн сонгодог жишээ нь энэ байж болох юм. 
 
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Гантулга Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул. Өөрөөр бол, Ерөнхий сайд асан С.Баяртай нэг сумынх, бүр үеэл дүү нь гэх. Лавшруулж үзвэл, 2020 онд Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар 3.3 сая ам.доллар угаасан хэргээр шүүгдэж, ял сонссон. Шүүх хурлынх нь протоколд "С.Баярын дансанд үеэл дүү Ц.Гантулгаас нь 50 мянган ам.доллар орж ирснийг шинжээчид илрүүлсэн” гэх мөр цагаан дээр хараар дурайж байх ажээ. Цаашилбал, Ц.Гантулгын намтар нь ч С.Баяраас хөтөлж, хормойдож өдий хүртлээ хөлжиж, хөрөнгөжсөнийг нь хэлээд өгөх ажээ.
 
Тодруулбал, 
 
      2007 оны арваннэгдүгээр сард С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон. Гэтэл 2008 он гармагц Ц.Гантулга Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын комиссар болж, тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн бие хамгаалагчаар томилогдсон. Тухайн үед Ц.Гантулга жүдогоор хичээллэдгийг нь эс тооцвол Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль төгсөөд удаагүй, эдийн засагч мэргэжилтэй нэгэн байсан. Өөрөөр бол, Ерөнхий сайд С.Баяр үеэл дүү Ц.Гантулгыгаа өөрийн нүд, чих болгож УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн дэргэд хамгаалагчаар тавьсан дүр зураг шууд бууж байгаа биз. Харин Ц.Гантулгын төрсөн ах Ц.Цэцэнзориг нь 2008 оны наймдугаар сард Ерөнхий сайд С.Баярын эхнэр Э.Сувд, охин Б.Бадамханд хоёртой "Грийн ресурс” ХХК-ийг байгуулж, барилгын бизнес эхлүүлсэн байдаг. Товчхондоо, 2008 он бол Ц.Гантулгын, түүний ах Ц.Цэцэнзориг хоёрын С.Баяраас хормойдож томрох, тодрох эхлэлийн он байжээ. 
 
Цааш хөөвөл, С.Баяр 2009 оны аравдугаар сард Ерөнхий сайдын, 2010 оны дөрөвдүгээр сард МАХН-ын даргын албаа өгсөн. Тэр даруйдаа АНУ руу урт хугацааны эмчилгээнд явсан. Хоржоонтой нь, түүний явахтай яг зэрэгцээд Ц.Гантулга ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн бие хамгаалагчийн ажлаасаа гарсан. Улмаар төрсөн ах Ц.Цэцэнзориг, С.Баярын эхнэр Э.Сувд, охин Б.Бадамханд гурвын "Грийн ресурс” ХХК-ийн охин компани болох "Монад” ХХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Тун удалгүй буюу 2011 оны нэгдүгээр сард дээрх "Грийн ресурс” ХХК-ийн харьяанд "Грийн ресурс констракшн” ХХК-ийг байгуулсан. Ингээд Ц.Гантулга "Грийн ресурс констракшн” ХХК-иараа хот, хөдөөгийн тендерүүдийг хуу хаман, хотхон хороолол барьж худалдаж эхэлсэн байдаг. 
 
Тухайлбал, "Грийн ресурс констракшн” ХХК нь 
 
- 2011 онд Засгийн газрын "100 айлын орон сууц” хөтөлбөрийн гүйцэтгэгч болж, БЗД-ийн 14-р хороонд 264 айлын "Грийн ресорт” хотхоныг барьж худалдсан. 
 
- 2013 онд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжингээс Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг тендергүйгээр авч гүйцэтгэсэн. 
 
- 2014 онд БГД-ийн 10-р хорооны гэр хорооллын 30 га талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 3120 айлын "Хөх сувд” хотхоныг барьж худалдсан. 
 
- 2015 онд СБД-т 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих 7.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, мөнгөө авсан. Гэвч ажлаа гүйцэтгээгүй хаяж явсан бөгөөд одоог хүртэл 40 хувийн гүйцэтгэлтэй царцаад буй.
 
Түүнээс хойш, БГД-т 640 хүүхдийн сургууль барих 3.2 тэрбум төгрөгийн тендер, БГД-ийн 10-р хороонд инженерийн шугам сүлжээ угсрах 4.4 тэрбум төгрөгийн тендер, СБД-т 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих 7.3 тэрбум төгрөгийн тендер, Хэнтий аймгийн Батноров суманд "сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлэх 3.9 тэрбум төгрөгийн тендер, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 960 хүүхдийн сургууль барих 6.7 тэрбум төгрөгийн тендер зэргээр хэдэн арван тэрбумын тендер авч байв.
 
Хамгийн сүүлд, Ц.Гантулгыг БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш "Грийн ресурс констракшн” ХХК нь 2021 онд Тээврийн цагдаагийн албаны шинэ конторын барилгын 10.9 тэрбум төгрөгийн тендер, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн барилгын 2.9 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарчээ.  
 
      Харин Ц.Гантулгын төрсөн ах Ц.Цэцэнзориг нь одоо ч С.Баярын эхнэр Э.Сувд, охин Б.Бадамханд хоёртой "Грийн ресурс” ХХК-иа хамтран эзэмшиж, бизнесээ үргэлжлүүлж байгаа. Тэдний бизнесийг дурдвал, Зайсангийн аманд сүндэрлэсэн тансаг зэрэглэлийн "Рома таун” хотхоноос эхэлнэ. Гэхдээ дэлгэрүүлэхгүй үлдээе. Сонирхуулахад, Ц.Гантулгын ах Ц.Цэцэнзориг нь МАН-ын Бага хурлын гишүүн, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН БЭР ЭГЧ, 6.1 ТЭРБУМЫН ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ, 660 САЯ ЖИЙП ХӨЛӨГЛӨДӨГ Б.АЛТАНЦЭЦЭГ

      2020 оны зун БГД-ээс Х.Ганхуяг УИХ-ын гишүүн болж, намар нь бэр эгч Б.Алтанцэцэг нь БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч болж байв. Өөрөөр бол, БГД-т Ж.Ганбаатарын гэр бүл, араас нь Х.Ганхуягийн гэр бүл ноёлж буй. 
 
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн бэр эгч, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтанцэцэгийн тухайд, ИТХ-ын төлөөлөгчидтэй байтугай, Их хурлын гишүүдтэй зиндаархах хэмжээний хөрөнгөлөг нэгэн. Тухайлбал, Б.Алтанцэцэгт 6.1 тэрбум төгрөгийн хоёр хаус, гурван орон сууц бий. Гараашид нь 606 сая төгрөгийн Land cruiser 200, Nissan patrol, Mercedes benz маркийн гурван жийп, хоёр суудлын автомашин бий. Харин хадгаламжиндаа 252 сая төгрөгтэй, 1.5 тэрбум төгрөгийн авлагатай. Эзэмшдэг компаниуд нь 20-иос хол давна. 
      Б.Алтанцэцэг УИХ-ын гишүүний бэр эгч болоод ч тэр үү, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчийн сэнтийгээсээ гадна төрийн албаны даргын суудлуудыг хүссэнээрээ сэлгэн тухалж байгаа нэгэн. Тухайлбал, Б.Алтанцэцэг 2021 оны хоёрдугаар сард "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. 2023 оны наймдугаар сараас  "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байгаа. Хувьдаа 20 гаруй компанитай, нэмээд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, бас төрд хэлтсийн даргын давхар сэтэртэй. Ачаалалтай ажиллах дуртай юу, аль эсвэл албан тушаалд дуртай юу, уншигч таны дүгнэлтийн асуудал. 
 
      БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтанцэцэгт дээр дурдсанчлан нийслэлийн нийтийн тээвэрт автобусаар үйлчилдэг "Блюбус” ХХК, уул уурхайн компаниудыг хүнд даацын техник, сэлбэгээр хангадаг "Хера холдинг” ХХК, "Хера экуйпмент” ХХК гэхчилэн олон компани бий. Тэднээс нь тендерийн түүх арвинтай нэг компанийг нь онцлон танилцуулъя. БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтанцэцэгийн нөхөр Х.Гантулга нь "Говь экуйпмент рентал флийт” ХХК-ийг эзэмшиж, удирдаж ирсэн. Одоогоор ээж П.Бямбасүрэнгийнхээ нэр дээр бүртгүүлээд буй. Тэгвэл "Говь экуйпмент рентал флийт” ХХК нь төрийн бүх байгууллагад техник, сэлбэг хэрэгсэл нийлүүлдгээрээ зартай. Хамгийн сүүлд л гэхэд 
  • ХУД-ийн Зам арчлалтын газарт авто замын индүү нийлүүлэх 205 сая, дугуйт экскаватор нийлүүлэх 550 сая, 
  • Геодези, усны барилга байгууламжийн газарт экскаватор нийлүүлэх 605 сая
  • СБД-ийн Зам арчлалтын газарт автомашин нийлүүлэх 555 сая
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д экскаватор нийлүүлэх 600 сая
  • Эрдэнэт үйлдвэрт сэлбэг нийлүүлэх 1.3 тэрбум, тусгай зориулалтын техник нийлүүлэх 1.8 тэрбум
  • "Цемент шохой” ТӨХК-д сэлбэг нийлүүлэх 765 сая, тос 275 сая, дугуй 225 сая, 
  • "УБТЗ” ХНН-т экскаватор нийлүүлэх 2.5 тэрбум гэх мэтээр шалгарчээ.
Ийм хэмжээний тендерийн тендер авдаг компанийн эзэн 6.1 тэрбумын хауст амьдарч, 660 саяын жийп унах нь арга ч үгүй биз ээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.