Э.Бат-Үүл дарга 67 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо
Тэрбээр хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эх, багш нарт баярын мэнд хүргээд "Хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр бол бие биеэ санасан хүүхдүүдийн сургууль, эрдмийн гараагаа эхэлдэг, багш нарын хүүхдүүдээ догдлон хүлээдэг баярын өдөр. Миний бие та бүхний энэ эрхэм баярт оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна.
Нийслэлийн Засаг даргын хувьд хамгийн ачаалалтай, шилжилт хөдөлгөөн ихтэй сургуулийг зориуд сонгон ирсэн юм. 67 дугаар сургуулийн нэгдүгээр анги гэхэд А-О гэсэн бүлэгтэй. Биеийн тамирын заалаа хүртэл хичээлийн танхим болгосон гээд асуудал бэрхшээл ихтэй сургуулиудын нэг. Тиймээс бид ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийнхээ сурах тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө дээрх асуудлуудыг шийдэж, үе шаттай арга хэмжээ аван ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. 2015-2016 оны хичээлийн жилд энэ хороонд цэцэрлэг, бага сургуулийн хоёр цогцолбор ашиглалтад орно.
Шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаагаас шалтгаалан ачаалал буурахгүй байгаа ч сургуулийн давхрыг нэмэх, өргөтгөх замаар ачааллыг багасгаж, биеийн тамирын заалыг чөлөөлөх зэргээр хүүхэд багачуудынхаа сурах нөхцөл бололцоог хангахад анхааран ажиллана.
Хамгийн чухал нь хүүхдийг ирээдүйд хэн болох гарааг нь бэлтгэдэг багш нартаа хандаж хэлэхэд "Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтран зүтгэе”. Ингээд энд хуран цугласан хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ. Энэ үеэр Засаг дарга тус сургуулийн таван сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэж, тус сургуулийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.