Эрэгтэй эмэгтэй нууц амрагийн ялгаатай үйлдлүүд
Эрэгтэй хүн полиграм шинжтэй бол эмэгтэй хүн монограм шинжтэй байдаг. Тэднийг харьцуулахад хоёр өөр ертөнц тул аливаа асуудалд нэг адил хандаж хэрхэвч болохгүй. Ялангуяа гэр бүлээс гадуурх итгэл эвдэн байж холбоо тогтоосон нууц харьцаанд. Нууц амраг гэхээр л ижил санаа бодолтой, адилхан хүмүүс байдаг мэт ойлголт түгээмэл. Гэтэл тийм биш ээ эрс тэс ялгаатай байдаг байна.
Хөгшин үү, залуу юу?
Эрэгтэй хүнд залуу эмэгтэйчүүд таалагддаг бол эмэгтэйчүүдэд ийм хандлага бараг үгүй. Эрчүүд өөрөөсөө дүү бүсгүйчүүдийг сонирхоод байдгийн учир нь тэдний эр хүйсэнд байдаг аж. Эр хүйстнүүд өөрсдийгөө хэзээ ч хөгширч байна, хэн нэгэнд гологдох вий гэж айдаггүй. Харин ч нас ахих тусам амьдралын арга туршлага сууж, эрх мэдэлтэй, санхүүгийн хувьд хараат бус болдог зэргээс шалтгаалж хүчирхэг, омог бардам, айж эмээлгүй амьдардаг байна. Бүхнийг захирч, эзэгнэж байх тэдний далд хүсэл нас ахих тусам нь ил болдгийн нэг жишээ энэ юм. Амьдралын туршлагаар олж авсан сексийн мэдлэгээ залуу, сайхан бүсгүйд үзүүлж, тэдэнд таашаал өгч, сексдээ сайн, мундаг гэдгээ мэдрэх хүсэл ч тэдэнд нуугдаж буй. Харин эмэгтэйчүүдийн хувьд үеийнхээ юм уу, нас тогтсон эрчүүдийг илүү сонирхдог. Тэд хэн нэгэнд эрхэлж, хайр халамжинд нь байхыг хүсдэг. Тиймээс амьдрал мэдэх, аливаад ухаалаг хандах, хамгийн гол нь ноён нуруутай сайхан эрийг сэтгэлдээ мөрөөдөж явдаг. Тиймээс хэр барагтай өөрөөсөө дүү залуутай орооцолдохгүй. Хайр халамж байгаа цагт л эмэгтэй хүн уяран хайлж, дасан дурладаг.
Бие үү, сэтгэл үү?
Эрчүүд нууц амрагийн явдлыг физиологийн хэрэгцээ мэт үздэг бол эмэгтэй хүн үүнийг сэтгэл санааны хувьд ойлгож, тусгаж авдаг байна. Сайхны өмнө харц буруугүй гэдэг үгээр эрчүүд өөрсдийнхөө хүүхэмсэг занг хаацайлдаг талтай. Тэд өөрсдөө эхэлж эмэгтэй хүнийг өдөж, гэр бүлээс гадуурх харилцаанд татан оруулчихаад, эцэст нь ямар ч шаналалгүй бие сэтгэлээ татан авдаг нь эрчүүдийн гайхалтай авьяас. Тэдний түр зуурын сэтгэл хөдлөл, зугаа цэнгэл л нууц амрагтай болох хүслийг өдөөдөг. Эрчүүд нууц амрагийнхаа өмнө үүрэг, хариуцлага хүлээж чаддаггүй хэрнээ өөрт нь бүхнийг зориулахыг шаарддаг. Гэвч зөвхөн өөрт нь бие, сэтгэлээ зориулъя гээд бүхнийг орхих тэр цагт эрчүүд эргэж буцдаг. Тэдэнд амлалт, хайр дурлалаа сонгох зориг зүрх байдаггүй. Харин эмэгтэй хүн бол өөр шүү. Тэд нууц амрагийн асуудалд зүрх сэтгэлээсээ хандаж чаддаг улс. Хэдийгээр эхэндээ айж, сандарч дургүйлхдэг ч амьдралын олон тойрогт эрэгтэй хүний энхрийлэл, хайр халамжийн өмнө өвдөг нугалдаг. Эмэгтэйчүүд нэгэнт л сонголтоо хийж нууц амрагийн тойрогт орсон бол энэ харилцааныхаа төлөө бүх эрсдлийг хүлээхэд бэлэн байдаг. Тэдний хувьд нууц амраг гэдэг нууцаар учраад орхиод явах жирийн харилцаа биш аж. Тиймээс хүний эхнэрийг нууц амрагаа болгохоор шийдсэн бол түүний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлах нь эрчүүдийн үүрэг.
Мартах уу, санах уу?
Эрэгтэй хүн эхнэрээ удаа дараа хуурчихаад араар нь тавьж байна гэж огт боддоггүй байхад эмэгтэй хүн өөр амрагтай болсон бол бие төдийгүй сэтгэл зүрхээ ч өгсөн байдаг. Тохиолдлын бэлгийн харьцаанд ч эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр ханддаг байх юм. Эрчүүд санамсаргүй үед тохиолдлоор хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орчихоод эхнэрээ хуурсан гэж хэзээ ч боддоггүй байна. Учир нь тэд зүгээр л эрэгчин зангаараа гэнэтийн учралд орсон гэж өөрсдийгөө өмөөрдөг ба энэ талаар бодож шанална гэж үгүй. Харин ч бяцхан жаргал амсчихаад додигор алхах вий. Гэтэл эмэгтэй хүний хувьд нөхрөөсөө өөр хүнд өврөө нээнэ гэдэг сэтгэлээ нээсэнтэй ялгаагүй байдаг. Аливаа учрал, холбоо сүлбээг зөвхөн сэтгэлийн торгон мэдрэмжээрээ хүлээж авдаг учраас бие махбодиос илүү сэтгэл санаа нь хямардаг. Ер нь эмэгтэй хүн өөрийн хүссэн, хайрладаг хүндээ л өврөө нээдэг болохоор гэнэтийн учралд ч сэтгэл зүрхээ зориулж шаналах нь элбэг. Тиймээс хайр дурлал, ор хөнжлийн асуудалд мэдрэмжтэй, ухаалаг хандаж чадвал олон эмэгтэйчүүдэд зовлон шаналал биш, аз жаргал бэлэглэх болно.