Н.Энхбаярын өмнө МАН-ыхан бөхөлзөж байна
Энэ сарын зургааны өдөр МАН, МАХН-ын ахмадууд нэгдэж М.Энхболд, Н.Энхбаяр нарт ирэх сонгуульд хоёр намаа нэгдэж оруулах тухай өргөх бичиг өргөн барьсан. Тэдний өргөх бичигт МАН-ын дарга М.Энхболд "Судалж үзье. Ойрын хугацаанд шийдвэрлэе” гэсэн утгатай хариултыг өгсөн юм. Харин сүүлийн үеийн мэдээллээр МАН-ын удирдлагууд хоёр намын ахмадуудын төлөөллийг Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар МАН, МАХН-ын ахмадуудын өргөн барьсан албан бичгийг ойрын хугацаанд Удирдах зөвлөлдөө танилцуулж, тоймтой хариу өгөхөө мэдэгджээ.
М.Энхболд: Ойрын хугацаанд шийдвэрлэе
Хоёр нам нэгдэх эсэх дээр УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Н.Энхболд "Хуучин МАХН гэж байгууллага байсныг хуваасан нь буруу. Ингэснээр Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн улс төрийн хүчнийг хоёр хуваасан. Хамгийн нуруутай, тулхтай намыгхуваасан шүү дээ. Гэтэл үүнээс болоод энэ намууд нь цөөнх болоод төрийн эрхийг барихгүй байна. Ямар ч байсан Удирдах зөвлөлийн хуралд энэ талаар танилцуулж байна лээ. Үнэхээр бас бодмоор зүйлийг ахмадууд маань бичсэн байна лээ. Хэрхэхийг цаашдын үйл явц харуулах байх” хэмээн хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн цагтаа Монгол Улсын Сангийн сайдыг толгойлж байсан Д.Хаянхярваа энэ талаар "Би энэ процессыг нийгмийн захиалга юм гэж харж байгаа. Монгол Улсад улс төрийн нам олдсон уу гэхээс цөөдөөгүй. Өнөөдөр улс төрийн намуудын чанар чансааны асуудлыг ярих ёстой. Эдийн засаг хямарчихсан, улс төр нь хямралтай амаргүй байгаа энэ цаг үед улс төрийн намууд хүчээ, улс төрийн хүчнүүд бодлогоо нэгтгэх, өөрсдийн байр суурийг тодорхой болгох хэрэгтэй учраас нийгэм өөрөө шаардаж байгаа юм болов уу” гэсэн байдаг.
Н.Энхбаяр: МАН гэдэг нэг л хаалга
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр ахмадуудынхаа өргөх бичгийг авсаныхаа дараа ахмадууддаа хандан "Ахмадуудынхаа өргөх бичгийн агууллагыг сонсоход та бүхний сэтгэлийн зовинол өнөөдрийн хүнд хэцүү байдлыг дүгнэн энэ байдлаас гарах гарцыг хоёр нам эвсэх гэж дүгнэж тунгаажээ. Энэ бүхэнтэй би санал нэг байна. Бидний өмнө дөрвөн үүд хаалга бий. Нэгдүгээрт, дангаараа УИХ-ын сонгуульд оролцох, хоёрдугаарт АН-тай хамтрах, гуравдугаарт МАН-тай хамтрах, дөрөвдүгээрт бие даагч, жижиг намуудтай хамтрах гэсэн үүд хаалга байна. өнөөдрийн тухайд та бүхэн МАН-тай хамтар гэсэн хаалгыг зааж байна. Та бүхний тавьсан саналын дагуу нөгөө талтай уулзъя. Улзахад буруу зүйл гэж байхгүй” хэмээн хэлж байлаа. Харин Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж явсан, туршлагатай улстөрч УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва энэ талаар "Хоёр нам хамтарч болохгүй юм байхгүй” хэмээн мэдэгдэж байсан бол МАХН-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаО.Баасанхүү "МАХН, МАН бол нэг угшилтай. Бие биенийхээ мууг үзэх хэрэггүй. Харин ч нэгдэж эвсэх ёстой” гэсэн юм.
Д.Булган
Эх сурвалж:tonshuul.mn