Эрхэм түшээдийн баярын хөтөлбөрийг барагцаалбал... Том онцлох мэдээ 2015/12/24 0 Эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүс уламжлалт баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг нь жирийн иргэдийн сонирхлыг татсаар байдаг билээ. Гэвч ихэнх нь баярын том ширээ, бүтүү чихэр жимс, үнэ цэнэтэй хоол хүнс, дарс төдийхнөөр төсөөлөх нь бий. Тэгвэл шинэ жилийн баярыг төрийн түшээд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг бол гэж бодохоор ийм таамаг өөрийн эрхгүй төрөөд байх юм. Ангийнхан дундаасаа энэ баярын хамгийн өвөрмөц тэмдэглэдэг эрхэм бол мэдээж Н.Батбаяр гишүүн. Түүний хувьд шинэ жил угтах бэлтгэлээ эртнээс зэхдэг боловч, сарын сүүлийн өдрүүдэд олон шинэ жилд уригдан үг хэлж, тууз хайчилж, "Есөн Э-гийн” ерөөл хэлсээр яваад он солигдох мөчтэй тун ойртоно. Гэсэн хэдий ч 31-ний оройхон тулга, саваа ачаад ураг төрлөө цуглуулан их хотын шуугианаас холддог бололтой юм билээ. Тэгээд л тэнгэрт хамгийн ойр байх уулыг сонгож, орой дээр нь гал асааж баярын оршил эхэлнэ дээ. Тулганд гал дүрэлзэж байх явцад хуяг дуулгаа аль хэдийнэ зэхсэн байх тул хэнгэргээ аван хэдэнтэй балбахад ирэх жилийн өнгө аяндаа тодроод ирдэг шиг байгаа юм. Ядахад ирэх жил сонгууль болно. Тиймээс шинэ оноо өмнөх жилүүдээс илүүтэй ёслол төгөлдөр угтаж таарна. За тэгээд яг л энэ үеэр ямар мөрийн хөтөлбөр боловсруулж сонгуульд оролцох зэргийг нь дээр байгаа хүн зааж өгдөг юм байгаа биз. Ямартай ч энэ бүхнийхээ дараа 99 оргилуун дарс тэнгэрт өргөдөг нь бол маргаангүй үнэн. Харин Лүндээ гишүүн энэ баярыг даруухан хийгээд маш хөгжилтэй тэмдэглэдэг юм шиг санагддаг. Түүний хувьд мөн л үр, ачаа цуглуулаад шинэ жилийн баярыг угтсан шүлгийн тэмцээн, "My voice” нэртэй дууны уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Түүний энэ санааг харин Л.Балхжав "туугаад” телевизийн том төслийн хэмжээнд хүргэсэн тухай ч зарим нэг нь ярих юм билээ. Хэдий тийм байсан ч уламжлалын дагуу ерөнхий шүүгч Лүндээ тэргүүн шүлэгчид хамгийн том бэлэг гардуулна. Мөн өөрийнх нь шүлгээр бүтсэн дууны "Зангаараа амраг” цомогт орсон уран бүтээлээс хамгийн сайн дуулсан нэгнийг хөгжим, тоглолтын хувцас зэргээр урамшуулдаг байх. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн ард түмнээс сонгогдсон тул иргэддээ ойр байх бодлого баримталдаг. Тиймээс л Толгойт Баянхошууны чиглэлийн автобусанд өөрөө болон төлөөний хүмүүстэйгээ хамт тасалбар түгээгч хийж яваад 12 цагаас хэтэрчих шахаад гэртээ ордог байх. Өмнөх жилүүдэд 500 төгрөгийн тасалбар авсан хүнд хариулт болгож, 1000 нэгж өгдөг байсан бол энэ жил тасалбар түгээгчийн ажил байхгүй болсон. Тиймээс автобусны буудал дээр 1000 нэгжийн урамшуулалт бэлгээ үргэлжлүүлж мэдэх юм. Мөн бээлий өмсөөгүй нэгэнд нь хуруу, шархны наалт бэлэглэж, "Монос”-ын амин дэмээр тэтгэдэг тухай явган яриа ч бий. Харин С.Баярцогт сайд энэ баярыг хамгийн өрөвдөлтэй тэмдэглэдэг. Учир нь хүүхэд багачууд, хамаатан садандаа авсан шинэ жилийн бэлгээ аль эрт базаасан хэрнээ гадаадад томилолтоор явж байгаад таг мартчихаад ирдэг нь сонин. Уг нь гэр орондоо нууж болно доо. Гэтэл биеэсээ салгалгүй явсаар байгаад гадаадад аваачиж орхиж л байдаг. Тэгвэл Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйн тойрогт энэ жил нүүрсээр сүлд мод засах төлөвтэй байгаа бол бие даагч гишүүн С.Ганбаатар энэ жилээс эхэлж сүлд модноос татгалзаж, оронд нь "Оюу толгойн” загварыг гэрийнхээ хойморт чимэглэж, "Ноён уул”-ын зураг, ажлын бээлий, тооны машин зэргээр түүнийгээ чимэглэх бодолтой байгаа гэсэн. Харин энэ чимэглэлд цэнхэр өнгийн зүйл огт оруулахгүй байхаа тэр мэднэ. Учир нь "Фенг шү”-д цэнхэр өнгийн чимэглэл үер, усны аюул зөгнөдөг гэж үздэг юм билээ. Тиймэс "Оюутолгой”-гоо живүүлэх хувилбарыг сонгохгүй нь ойлгомжтой. Тэднээс гадна Д.Арвин гишүүн оргилуун дарсны оронд Дондогдуламын рашааныг сонгосон бол "Шударга ёс” эвслийн бүлгээс Н.Энхбаярт зориулсан урлагийн тоглолт, багт наадам бэлтгэсэн тухай ч сураг гарч л байна. Ухаандаа гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ хоёр энэ шинэ жилээр наандаж 20 жилийн дараа буцаад цасан охин болж "хувирна”. О.Баасанхүү талбай дээгүүр дуран барьж, жүжигчин Чапиг хайж олоод "Хамраараа дугарч хүн шоолохоо боль” гэж сануулахыг хичээнэ. Учир нь баярын өдрүүдэд амс хийсэн дээрээ өөрийг нь дооглоод байдаг өнөөх нөхрийг олж авахгүй Г.Шийлэгдамбыг албан бусаар өмгөөлөхөөс эхлээд түүнийг олон ажил хүлээж байгаа. Тэгвэл сайд Ц.Цолмон яамны зардлаар эхнэр хүүхдүүддээ шинэ жилийн бэлэг хийгээд багт наадмын хувцас, чимэглэлээ захисан гэж байгаа. Мөн тэднээс гадна Улаанбаатарын удирдлагууд хөлбөмбөгийн тэмцээн үзсэн багаараа шинэ жилийн баярыг Бразилын Рио Де Жанейро хотод өнгөрүүлэх бодолтой ч байж магадгүй. Учир нь жил бүрийн энэ баяраар зуун мянган жуулчин тус хотод нуурын мандал дээр хөвж буй асар том сүлд модыг харахаар очдог. Баярын үдэш уг гацуураас салют буудуулж, сүрлэг дуу хөгжим эгшиглэн үзсэн хүний зүрх сэтгэлийг догдлуулдаг нь туйлын гайхамшигтай гэлцэх юм билээ. Б.Бат Эх сурвалж: тоншуул.мн 0
Сэтгэгдэл байхгүй байна.