“Женкогийн Баатарууд” буюу “Херогийнхон” алдагдсан бичлэгүүдээрээ хэнд сануулга өгөв
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд нэгэн сонирхолтой үйл явдал өрнөв. Тодруулбал, "Херо энтертаймэнт" бэлтгэн хүргэдэг "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хар дүрс алдагдсан явдал байлаа. Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хар дүрс буюу монтажлагдаж үлдсэн нууц бичлэг олон нийтийн сүлжээ сайт болох фэйсбүүкээр цацагдсан юм. Хэд хэдэн бичлэг фэйсбүүкэд тавидсан бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогч болон хөтлөгч нарыг нийгэмд муугайгаар харагдуулахуйц бичлэг байлаа. Ялангуяа гуравдахь Ерөнхийлөгч болон түүний гэргийн хэвийн бус байна уу даа гэмээр уг яриа олон нийтэд муухай харагдахыг тэд хангалтай мэдэж байсан. Гэвч бичлэгийг алдсан хойноо Delete хийгээгүйнхээ төлөө уучлал гуйсан ч уучлалаар засагдах алдаа мөн гэж үү. Delete хийнэ гэдэг хэнд ч хэцүү биш. Гэтэл яах гэж өдий хүртэлх хугацаанд байлгав. Яагаад энэ цаг үед, хэн хэний тухай дурьдагдсан яриа фэйсбүүкээр цацагдав гээд харахаар энэ нь уран бүтээлчийн хариуцлага яригдах асуудал биш. Эзний даалгавраар хэрэгтэй цагтаа чухал хэсгийг халдлагад алдсан мэтээр харагдуулах жүжиг байсан юм биш биз гэж хардахад хүргэсэн юм.
Тэр ч байтугай хариуцлага хүлээлгэхэд бэрх сошиал ертөнцөө сонгосон арга нь хүртэл жигтэй сэжигтэй. Энэ тохиолдолд сошиал ертөнцийн давалгаагаар, бэлтгэгдсэн багаар хамгаалалт хийж, хуулийнхан буруутгах тохиолдолд бид өөрсдөө энэ үйлдлийг шалгаж өгөөч гэж хэвлэлийн хурал хүртэл хийсэн гээд "нулимс унаган” хэлмэгдсэн царайлах бүрэн боломжтой урьдач арга хэмжээг тэд авчихаад байна. Мөн "Яагаад алдав” гэдэг асуултад хариу болгож "Зоригийн амь насанд халдсан хэрэг”-ийн талаар нэвтрүүлэг бэлтгэж байсан болохоор халдсан байх гэдэг таамаг "хаяж өгч” байна. Тэгэхээр одоо "хайж буй боловсон хулгайч” нь "Зоригийн хэргийн талаарх” нэвтрүүлгийн нооргийг хайж яваад хоосон гараад яахав гээд Н.Энхбаярын улс төрийн шантааж бүхий яриа, түүний гэргийн эрүүл эсэхэд нь эргэлзэхээр байдалтайгаар улстөрчдийг доромжилсон хов ярианы бичлэгийг дэл сул хэвтэж байхаар нь "тууж” фэйсбүүкт цацчихаж гэвэл итгэх хүн хэр олон байх бол.
Аль нь ч байлаа гэсэн одоо Солонгост эмчлүүлж байгаа гэх МАХН-ын дарга Н.Энхбаярыг өдөв үү, "Зоригийн хэрэг илэрлээ” гэх сургаар өвдөг нь чичирч буй АН-ынханд сюрприз барив уу гэдэг л дүр зургийг дээрх "хохирогчдын өчил” харууллаа.
Үүнтэй яг зэрэгцэн өчигдөр өрнөсөн бас нэгэн сонирхолтой үйл явдал бол"Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат, "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполын эрлээс хассан явдал байв. Олон улсын цагдаагийн байгууллагын албан ёсны сайтаас тэдний тухай мэдээллийг устгасан бөгөөд "Identity unknown буюу мэдээлэл тодорхойгүй" гэж тэмдэглэгджээ. Бас дээр нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн тухай мэдээллийг интерполоос хассан гэж зарим сайт мэдээлсэн. Албаны эх сурвалжаас тодруулахад, "Эрлийг яагаад зогсоосон гэдгийг мэдэхгүй. Лав манай зүгээс эрлийг зогсоож өгөөч, мэдээллийг устгуулъя гэсэн хүсэлт тавиагүй. Энэ талаар бид холбогдох байгууллагаас лавлаж тодруулж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм. Яагаад "чинийх хоёр, минийх хоёрхон” гэдэг шиг интерполоор хайж байсан улс төрийн хамаарал бүхий гурван хүний мэдээлэл хүртэл алга болчихов. Өнөөх бичлэгийн хулгайтай ямар нэг сэжмээр холбоотой юу. Лав л хэчнээн "но”-той гэхэд Интерполыг авлигадаж найртлаа авангард хор найруулна гэж баймааргүй. Тохиолдол гэхэд зөвхөн Х.Баттулгынхан, Н.Энхбаярынханд хамааралтай эдгээр үйл явдлын зангилаа юунд байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Гэхдээ ноцтой хэрэг шүү гэдгийг сануулъя.
Учир нь өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нараас цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авчээ гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр эхлээд Шадар сайд, дараа нь УИХ-ын гишүүн болохын төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа. Тэр хоёрт холбоотой, хонзонтой бүх ньюанс нь олон нийтэд анзаарагдсаар байгаа билээ.
Г.Бат
Сэтгэгдэл байхгүй байна.