Р.Отгонтулга: Супер азтан 950 сая төгрөг хожих боломжтой

0

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь иргэдэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авах, төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Иргэд дурын аж ахуй нэгжээс худалдан авалт хийж, сугалаатай аваад түүнийгээ ebarimt.mn сайтад бүртгүүлснээр сугалаанд оролцож азтан болох боломжтой юм. Сугалааны эхний азтанууд энэ сарын 17-ны өдөр тодрох юм. Энэ талаар "НӨАТ-ын урамшууллын систем" төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

-Эхний сугалааны шагналын сан хэдэн төгрөг вэ?

-Энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг. Энэ сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой.

-100 сая хүртэлх төгрөгийн шагналын сантай гэж байсан. Хамгийн бага нь хэдэн төгрөг вэ?

-Азтан болсон хүмүүс хамгийн багадаа 200 мянган төгрөг хамгийн дээд тал нь 100 сая төгрөг хожих боломжтой юм. Эхний сугалаанд оролцох эрхтэй нийт 1,500,000 сугалаа бүртгэгдсэн байгаа.

-Сугалааны азтаныг яаж шалгаруулах вэ?

-Сугалааны азтануудыг сугалаанд дээрх хоёр латин үсэг найман оронтой тооноос бүрдсэн сугалааны дугаарын сүүлийн орноос эхлэн тодруулна. Тодруулбал, сүүлийн гурван орон нь таарсан иргэн 20,000 төгрөг, дөрвөн орон нь таарвал 100,000 төгрөг гэх мэтээр урамшуулал нэмэгдсээр найман орон нь таарсан иргэн 100,000,000 төгрөг хожино.

-Ямар төхөөрөмж ашиглах вэ?

-Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ.

-Сугалааны найман орон таарах магадлал тийм ч их биш. Хэрвээ супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд яах вэ?

-Тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно. Өөрөөр хэлбэл, дараагийн сард 150 сая төгрөг болж өснө. Энэ мэтчилэн энэ жил нийтдээ 18 удаа сугалаа зохион байгуулна. Ямар нэгэн супер азтан тодроогүй бол 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодрох боломжтой. Тиймээс эхний сугалаан дээр хожоогүй байна гээд баримтаа хаяж болохгүй.

-Азтан болсон хүн шагналын мөнгөө хаанаас яаж авах вэ?

-Хожсон мөнгө автоматаар тухайн иргэний бүртгүүлсэн данс руу шилжинэ.

-Баримт бүртгүүлэх сайтын ачаалал их байгаа учраас зарим хүмүүс орж чадахгүй байгаа гэсэн. Энэ асуудыг яаж шийдэх вэ?

-Манай ebarimt.mn сайтад өдөрт 100 мянган хүн хандаж байна. Энэ нь Монгол Улсын ачаалал ихтэй сайтуудын тоонд орж байгаа юм. Системийн ачааллыг ямар учраас үүсгээд байна вэ гэхээр кассын машингүй газрууд ebarimt.mn сайтаар дамжуулж баримт хэвлэх зорилгоор идэвхтэй ороод байгаа учраас тооцоологдоогүй ачаалал ирээд байна. Кассын машин нийлүүлж байгаа компаниуд нийлүүлэлтийн ачааллаа дийлэхгүй байгаа учраас сайт ачаалалтай байна. Одоогоор системийн өргөтгөл хийж байна. Энэ ажлыг ойрын хугацаанд шийдвэрлээд сугалааны тохирлоос өмнө бүрэн ажиллагаанд оруулна.

-Сугалааны тохирлыг сард хэдэн удаа явуулах вэ?

-НӨАТ-ын хууль жигдрээд ирэхээр сард нэг удаа хонжворт сугалааг зохион байгуулна. Сугалааг энэ оны эхний хагас жилд сард хоёр удаа зохион байгуулахаар тогтсон. Энэ жил нийтдээ 18 удаа сугалааны тохирол зохион байгуулахаар төлөвлөсөн.


Т.Болормаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.