Жудаг VS Жүжиг
Норовын Алтанхуяг аавынд хоригдож байгаа Л.Гансүхтэйгээ очиж золгосны сацуу, түүний мэндийг нийт Монголчууддаа уламжилжээ. Экс болоод эдүгээгийн хоёр Ерөнхийлөгч хөөрөг юугаа гарган тамхилж байгаа дотно зураг сошиалаар лайк хийгээд комментоор бөмбөгдүүлж байсны араас Н.Алтанхуяг, Л.Гансүх хоёрын шоронд авахуулсан патиар гүйцэж түрүүлээд гараад ирэв. Н.Алтанхуягийг жинхэнэ жудагтай эр хүн, мужик, яс чанараа одоо л харуулж байна гэж хэлэгсэд олон байна. Гэхдээ бас өөр өнцгөөс харагсад ч цөөнгүй байх аж. Юу гэхээр түмэн олныг хорт утаанаас ангижруулах нэрээр тэрбум тэрбумаар нь идэж, шамшигдуулсан хүмүүс бие биенээ эргэж тойроо л биз, юунд нь өрөвдөж хайлаад байгаа юм гэж өрвөлзөх хэсэг ч байх.
За ямартай ч МАХН-ын Генсек Г.Шийлэгдамба суллагдсаныхаа дараа намынхаа дарга Н.Энхбаярт гомдсон сэтгэлээ нийтийн өмнө уудлачихаад байгаа энэ үед экс Ерөнхий сайд өөрийнхөө ахлах зөвлөх асныг эргэн тойрч яваа нь, ичиж зоволгүй хамтдаа зургаа татуулчихаж байгаа нь хүн чанарын тасархайтай хүн үү дээ гэж харахад хүргэх нэг өнцөг байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Л.Гансүх 4.6 жилийн ял сонсож, эдэлж байгаагийн учиг зангилаа нь Н.Алтанхуягийн удирдаж байсан Засгийн газартай холбоотой асуудал. Ямартаа л Л.Гансүх өөрийгөө улс төрийн зорилгоор яллуулчихлаа гэж ярьж байхав дээ.
Эрхэм та санаж байгаа бол Л.Гансүхийг анх хоригдсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар эргэж очсоныг АТГ-ынхан бичиж, олон нийтэд цацсан байдаг. Эрх мэдэлтнүүд өөрийн хүнээ албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж эргэж тойрлоо, цаагуураа асуудлаа тохирцгоолоо гэх мессеж гарч ирж байв. Харин Л.Гансүх уг асуудлын талаар хэлэхдээ "Өнөөдөр хардлага гэдэг зүйл замбараагүй л болчихоод байгаа нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Ерөнхий сайдтай хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь хамт орж ирсэн. Х.Тэмүүжин сайдтай би уулзаагүй. Ажлыг нь шалгаад л явж байсан юм шиг байгаа юм. Ерөнхий сайд надад хоёр зүйлийг л хэлсэн. "Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг чи амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс чамд ямар нэгэн буруу байхгүй. Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал ямар байна. Энд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга сууж байна. Янз бүрийн дарамт шахалт байна уу” гэж асуусан... Ер нь би улс төрийн зорилгоор л яллуулсан юм болов уу гэж боддог. Намайг эмчлүүлэх гээд БНСУ явж байхад оргосон, зугтсан гэж зарлаж байлаа. Тэр үед нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах акци явагдаж байлаа. Нэг сайдыг нь огцруулахад Ерөнхий сайдынх нь ахлах зөвлөх идээчин, уугаачин байх нь ашигтай байсан юм байлгүй.” гэхчлэн ярьсан байдаг.
Түүнийхээр бол Ардчилсан намыг засаглаж чаддаггүй гэдгийг харуулах гэсэн хэсэг бүлэг хүний хүчин чармайлт, сонирхлын золиос нь өөрөө болоод явж байгаа гэх зүйлийг хэлдэг. Магадгүй, тийм ч байж болно. Гэхдээ ямар ч байсан шаазгайд сууж болохуйц овооны хэлтэрхий байсан байх магадлал бас бий. Гээндээ ч, гоондоо ч гэдэгчлэн эрх мэдэлд хүрсэн хэнбугайд ч, аль ч бүлэглэлд сул тал бүрэлдчихсэн байдаг. Тиймээс, магад тэр жишиг давтагдсан байж болохыг шууд үгүйсгэж чадахгүй байгаа юм л даа.
Нийлж хамтдаа жудаггүй загнасан нөхдүүд, нэгийгээ хэцүүдээд ирэхийн цагт нөхөрлөлөө санагалзан хэн хэндээ жудаг гаргаж байж болох. Өгсөн даалгаврыг нь онцсайн биелүүлээд, өөрийнх нь өмнөөс хатуу хөтүүг үзэж яваа журмын нөхөртөө жудгаа таниулж суугаа ч байж болох. Яаж ч байсан сонгууль угтаад "жудаг”-ийн тухай асуудал анхааралд орж ирэв. Жүжиг биш л бол хүмүүний орчлонд эхэнд эрэмбэлэгдэх учиртай эд ч мөн л дөө, уг нь.
Эргэн сануулахад, Л.Гансүх нарыг "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хоёр шатны шүүх шүүж, Л.Гансүхэд 4.6 жилийн ял оноосон билээ. Давж заалдах шатны шүүх хурал дээр Монголын шүүхийн түүхэнд гарч байгаагүй зүйл болсон нь, нэг шүүгч тус хэргийг гэмт хэргийн шинжтэй биш гэж үзэж буйгаа илэрхийлж, тусгай санал өгсөн байдаг. Нэг хэсэг нь гэмт хэрэг гэж үзэн ял оноон шийдвэрлэж байхад, нөгөө нэг нь гэмт хэрэг бус гэж үзнэ гэдэг нь анхаарал татсан асуудал шүү!
Э.Болор
Сэтгэгдэл байхгүй байна.