Ноён ам.долларт дарлуулсан төгрөг “Мандтугай”

1

Дэлхийн улс орны мөнгөн тэмдэгтүүдээс хамгийн азгүй нь Монгол Улсын "төгрөг”. Нэг хэсэг ам.доллартай ана мана үзэлцэж, чи бидээ тулж байсан төгрөгийн тамир эрх баригчдын буруу бодлогын ачаар тасарчээ.  Өнөөдөр нэг ам.доллар 2028 төгрөгтэй тэнцэж байна гэж бодохоор цээж давчдана. Ийм байхад УИХ-ын дарга, АН-ын дарга, ноён З.Энхболд "Бидний зөв бодлогын ачаар ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж байна. 5000 төгрөг хүрчихээгүй нь их юм” хэмээн өрөвдөлтэй "төгрөг”-ийг даапаалж суух юм. Нөгөөтэйгүүр төгрөг чангарах, эс чангарахыг шийддэг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ноёнтон "Хэрэв ам.долларын ханш 2000 төгрөгт хүрвэл би ажлаа өгнө” гэж ирээд л пээдийсэн. Тэгвэл одоо ам.доллар аль хэдийнэ 2000 төгрөг давчихсан явж байна. Ардчилсан намын генсек асан, өнөөдрийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гуай "Худлаа ярьж байгаа юм биш, ам.доллар 1000 төгрөгөөс доош буурна” гэж ирээд л ард түмнийг "хошгируулсан”. Ард түмэн ч яахав, амны билгээс ашдын билэг гээд л хүлээж авсан. Даан ч түүний амлалт тоос болон замхарлаа. Сайхан залж, сайхан бурж болно. Тэр хэрээр чинь улс орон чинь дампуурал руу л явж байна, эрх баригчдаа. Одоо та нар төгрөгийн ханшийг бүр сулруулж зүгээр л Чингисийн хөрөгтэй цаас, Д.Сүхбаатарын зурагтай хүүхдийн тоглоом болгох гэж байна. Зүй нь Монголбанкнаас энэ сардаа багтааж 240 гаруй тэрбум төгрөгийг хэвлүүлнэ гэнэ. Тэгэх юм бол ам.долларын ханш улам л чангарна. Нөгөө үйлийн үртэй төгрөг чинь зүгээр л цаас болж хувирна. Бүр цаашилбал, нэг талхаа шуудай мөнгөөр сольж авдаг болох вий дээ, нөгөө нэг африкийн орон шиг. Өрөвдөлтэй гэхэд дэндүү өрөвдөлтэй төгрөгөө яая даа байз. Эрх баригчдаа, төгрөгөө ингэж зовоох хэрэг байна уу.

 

С.НЭМЭХ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл