Ж.Батзандан: Би Б.Булгантай уулзана
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийгээгүй байх үед Ж.Батзандан гишүүн МАН-ыг "алуурчдын нам" хэмээн олон нийтэд зарласан. Энэхүү хариуцлагагүй үгэндээ уучлалт гуйхыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр хэвлэлийн хурлын үеэр түүнд сануулсан. Тэрээр "Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн, МАН-ын төлөө ажил амьдралаа зориулж явсан хүн. Төрсөн ах Бат-Эрдэнэ нь манай намын гишүүн. Манай намын нэрийн өмнөөс олон удаа албан тушаалд томилогдож байсан. Хамгийн сүүлд засаг хамтрахад Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэгэхээр Батзандан аавынхаа, ахынхаа намыг алуурчдын нам гэж олон удаа хэлж доромжилж байгаадаа МАН, МАН-ын гишүүдээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр түрий барьж болохгүй" гэсэн. Мөн түүнийг Ёс зүйн хороо болоод хуулийн байгууллагад өгч шалгуулна гэдгээ ч мэдэгдээд байгаа.
Энэ асуудлаар болон С.Зоригийн хэрэгтэй холбоотой гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-С.Зориг агсны гэргий Б.Булганы талаар түүний ар гэрийнхэн нь өргөдөл ирүүлсэн. Энэхүү өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог.
-Ямар үндэслэлээр хэнийг шалгаж байгаа вэ?
-Миний бие байнгын хорооны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг бичелэн харахыг хүсэж байна. Аливаа хэргийг шалгахдаа Монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна.
- Та өнгөрсөн долоо хоногт чуулганы танхимд "МАН алуурчин” нам гэсэн. Энэ асуудлаар МАН-ын гишүүд өөрийг тань уучлалт гуйх ёстой гэж идэрхийлээд байгаа. Та уучлалт гуйх уу.
- Улс төрийн үйл ажиллагааны явцад улс төрчид бие, биенээ хатуу үгээр хэлэх шүүмжлэх нөхдүүд цөөнгүй байдаг. МАН-ынхан ч мөн АН-ыг хатуу шүүмжилдэг. Энэ бол улс төр дэх жирийн үзэгдэл. Гомддог хүн улс төрд явах боломжгүй. Тэгэхээр улс төрчид тэвчээртэй хүн ажилладаг. МАН-ын нөхдүүд маань надад жаахан гомдсон юм шиг байна. Гомдох хэрэггүй. Би уулчлалт гуйхгүй.
Д.ЖАРГАЛ