Ерөнхий сайдаа, Н.Энхбаяраа хулхидаж дууссан бол ЭМС-ын сайдыг эртхэн томилъё, салбар нь хэцүүдлээ
"Ноосоо ч тушаачихлаа, намын батлахаа ч хураалгачихлаа, эхнэрээсээ ч салчихлаа. Одоо ч санаа зовох юмгүй боллоо" гэдэг шиг АТГ-аас "ялтай" гэсэн хариугаа ч авчихлаа, Н.Энхбаяраараа тоглоод хулхидаад ч дуусчихлаа. Өвөлжин МАХН-ын дарга Н.Энхбаярыг "чулуу хөөлгөчихлөө"
Одоо ганцхан Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг "Шадар сайдад МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг томилох боломжгүй боллоо" гэсэн хариуг олон нийтийн өмнө МАХН руу хандаж "шидлэх" л үлдлээ. Тодруулбал, өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын 4-ны өдөр ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулаад өнөөдрийг хүртэл шалгаж байгаа юм. Г.Шийлэгдамба нь албаныхаа өрөөнд их хэмжээний мөнгөтэй байж байгаад АТГ-ын ажилтнуудад газар дээрээ "гардуулсан" талаар эх сурвалжууд мэдээлдэг. Харин тэрбээр үүнийгээ "Намынхаа санхүүжилтийг олох гэж таньдаг ахаасаа мөнгө авсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Дараагийн мөнгөө өгч амжаагүй байсан" гэж мэдүүлдэг. Харин Н.Энхбаяр болон намын нөхөд нь түүний ярьсан зүйлийг "худал" гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус намын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.
Тэгвэл Г.Шийлэгдамбыг баривчилсны дараахан нь Засгийн газраас МАХН-д хандаж өөрсдийн олгогдсон сайдын квот дээрээ хүн санал болгохыг хүссэн байдаг. Харин МАХН-аас Ц.Лхагвасүрэн болон Н.Энхбаярын нэрийг дэвшүүлж байгаад сүүлд нь Н.Энхбаяр даргаа томилуулах шийдвэрт хүрч Ерөнхий сайдад хандаж Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, одоо Шадар сайдын үүрэгт ажлыг хашиж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдаар томилж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Хачирхалтай нь Ерөнхий сайд энэ талаар тайлбар хийхдээ "Би Н.Энхбаярыг биш өөр хүнийг сайдад сонгосон" гэж тайлбарлаж байлаа.
Гэвч тэрбээр хоёрхон сарын дараа нөгөө "муу нэрт, луу данстай" Н.Энхбаяртай хамтарч байж өөрийнхөө эрх мэдлийг хамгаалж чадсан нь үнэн. Саарал ордонд ийм тохироо хийгдсэн гэх яриаг бараг бүх хүмүүс л ярьж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга нарын өргөн барьсан огцруулах эсэх асуудлаар хуралдахад Ерөнхий сайдыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл хамгаалах кноп дарж Шийдлийн Засгийн газрыг аварч үлдээсэн түүхтэй.
Тэрхүү тохироо нь Н.Энхбаярыг эвслээрээ Ерөнхий сайдыг хамгаалуулаад АН-ынхан хариуд нь түүнийг Шадар сайдын суудалд томилж өгөх явдал байсан гэдэг. Харин баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар засгаа авч үлдсэнийхээ дараа эрх баригчид тохирооноосоо буцаж, Н.Энхбаярыг дахин нэг удаа "хамраар нь газар хатгуулжээ". Тэд АТГ-аас хориглосон утга бүхий бичиг ирнэ гэдгийг анхнаасаа л тооцож байсан. Н.Энхбаяр ч тэнэг хүн биш болохоор АТГ-аас ийм бичиг ирүүвэл яах талаар асуухад "Том тохироо хийгдэж байна. Асуудлыг цаагуур нь шийднэ" гэж байгаад хулихдсан сурагтай.
Ингээд АН-д итгэсэн Н.Энхбаяр өнгөрсөн дөрвөн жилийн дотор хэд хэдэн удаа хууртагдаж байгаа энэ юм. Хамгийн хорон нь өөрсдийгөө хамгаалуулахын тулд Н.Энхбаярт өөрсдөө очиж сандал ширээ ярьж тал засчихаад эргэж харахдаа авилгач, ялтан, хэрэгтэн мэтээр элдэв мэдээлэл цацаж байгаа нь ёстой л улс төрийн бохир тоглоом гэлтэй.
Нэгэнт л МАХН-ын даргыг Шадар сайдад томилж чадахгүй юм бол асуудлыг 4, 5 сар сунжруулж байхаар эртхэн шиг ЭМС-ын сайдаа томилох хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар гэдэг өнгөрсөн дөрвөн жилийн турш Засгийн газрын "бонус" салбар болсоор хамаг ажил нь сүйрч гүйцлээ. Ёстой л мэргэжилдээ үнэнч хэдэн эмч нарын буянаар өдийг хүртэл явж байна. Тэдэнд эртхэн шиг сайн менежерийг нь томилж өгөөд хэсэгхэн хугацаанд ч ЭМС-ын салбарыг "буух эзэн, буцах хаягтай" болгосон нь дээр. Ядархад яр гэгчээр тус салбарын Төрийн нарийн бичгийн дарга нь хүртэл авилгын хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа нь хүртэл асуудлыг улам бүр хурцатгаж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын асуудлыг нэн түрүүнд цэгцлэх цаг нь боллоо. Одоо арай дэндлээ.
Г.Лхагваа
Сэтгэгдэл байхгүй байна.