Н.Алтанхуягийн Засгийн газар бүтээн байгуулалтаараа тэргүүлсэн гэж дүгнэжээ
"2012 оноос хойш засгийн эрх барих хугацаандаа урьд өмнө нь байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн” гэж АН-ынхан өөрсдөө бахархан ярьдаг. Харин сөрөг хүчин "Энэ бол зөвхөн АН-ынхны хийсэн зүйл биш. Өмнө нь эхлүүлсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ашиглалтад оруулснаар ийм дүн гарч байгаа юм” гэдэг. Энэ хоёр байр суурийн аль нь үнэн болохыг ард иргэд, сонгогчид л дүгнэнэ. АН удахгүй болох УИХ-ын сонгуульд бүтээн байгуулалтын ажлуудаа туг болгон барьж орохоор төлөвлөж байгаа. Тэгэхээр сонгуулийн дараа дээрх хоёр байр суурийн аль нь үнэн болохыг сонгогчид тогтооно гэсэн үг. Харин түүнээс наана бизнес, эдийн засаг, нийгэм болон улс төрийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээг голлох чиглэлээ болгон ажилладаг "Эс Ай Си Эй” компани бүтээн байгуулалтын талаар олон нийтийн санаа бодлыг сонсч нэгтгэжээ. Тус компани судалгаагаа Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 520 мянган утасны дугаараас санамсаргүй байдлаар сонгон CATI аргаар нэгтгэжээ. CATI арга гэдэг нь компьютерт суурилсан утгаар мэдээлэл цуглуулах арга юм байна.
"Эс Ай Си Эй” компанийнхан 1189 хүнтэй ярилцаж судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 95 хувь улс орны хөгжилд бүтээн байгуулалт чухал гэж үзжээ. 1990 оноос хойш болон өмнөх бүтээн байгуулалтын хэмжээг тодорхойлох асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 56 хувь 1990 оноос хойшхи бүтээн байгуулалтад нь их гэж хариулсан байна. Ингэхдээ 1990 оноос хийгдсэн бүтээн байгуулалтаас авто зам, орон сууцны барилгажилтыг онцолжээ. Харин 1990 оноос өмнөх бүтээн байгуулалтад "Эрдэнэт” үйлдвэр, ТЭЦ-4-ийг онцолсон байна. Сүүлийн 25 жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Засгийн газраар Н.Алтанхуягийн тэргүүлэн ажилласан шинэчлэлийн Засгийн газрыг нэрлэжээ. Судалгаанд оролцогчдын 30.3 хувь нь ингэж дүгнэсэн байна. Харин түүний араас 2000-2004 оны Н.Энхбаярын, 2007-2009 оны С.Баярын Засгийн газар жагсчээ. Хамгийн том, хамгийн үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлаар авто зам, барилга, уул уурхайн салбарт хийгдсэн бүтээн байгуулалтуудыг нэрлэсэн байна. Авто зам дотроо аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбосон авто зам, хот доторхи авто зам, гүүр, гүүрэн гарц, Мянганы зам, барилгын салбараас орон сууцжуулах хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, "Буянт-Ухаа” нэг, хоёр хороолол, найман хувийн зээл, "Гудамж” төсөл, аймаг, нийслэлийн бүтээн байгуулалтууд, хувийн орон сууцыг онцолжээ. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтаас "Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг нэрлэсэн байна. Мөн цаашид хийх шаардлагатай бүтээн байгуулалтын жагсаалтыг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, авто замын бүтээн байгуулалт тэргүүлсэн байна. Харин улстөрчдийн хамгийн чухал гэж үздэг төмөр замын бүтээн байгуулалт нийт судалгаанд оролцогчдын найман хувийн саналыг авчээ.
Судалгааны дүнд эргэлзэж байгаа хүмүүс судалгаанд оролцогчидтой хийсэн яриаг тус байгууллагын цахим хуудаснаас сонсох боломжтой ажээ. "Эс Ай Си Эй” компани нь олон улсын стандартад нийсэн программ хангамж болон тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан CATI төвийг 2014 оноос ажиллуулж байгаа юм байна.