Н.Батцэрэг: 2020 он гэхэд агаарын бохирдол 70-80 хувь буурна
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг "Сайдын цаг”-т оролцож салбартаа хэрэгжсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон "Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд "Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм.
2016 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1,84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ, "Ойн цэвэрлэгээ хөтөлбөр"-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн,1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийнэ. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж байна гэлээ.
Мэдээллийн дараа цаг үеийн зарим асуудлаар хариулт авсан юм.
-Агаарын бохирдлыг салбарын яам хэзээ арилгана гэсэн хэтийн зорилт тавьж ажиллаж байна вэ. Түлш зуух, гэрийн дулаалга тараах зэрэг бол завсарын ажил байх. Хэтийн ажил юу байна гэж тодорхойлж байгаа вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хэд хэдэн удаа хуралдсан. Нийт 5 тэрбум төгрөгийг тодорхой газруудад хуваарилалаа. Гол нь орон сууцжуулах ажлаа далайцтай хийх ёстой. Миний тооцоолж байгаагаар бол, өнгөрсөн 3 жилд 46 мянган айл орон сууцанд орсон. Энэ хурдаар орон сууцжуулбал ойролцоогоор 2020 он гэхэд, магадгүй түүнээс ч наана агаарын бохирдол 70-80 хувь буурна.
-Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барих гэж байна гэсэн. Намын жагсаалтын 28 квотоос 6-г нь нийслэлийн мандат дээр нэмэх асуудал ярьж байгаа. Танай бүлэг үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын хуралдаан дээр Ш.Түвдэндорж гишүүн энэ талаар ярьсан байна билээ. Засгийн газраас санал асуусан ч тухайлан өгөх саналгүй гэсэн. Манай бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа гаргаагүй байна.
-УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилно гэсэн мэдээлэл байна. Бүлгийн даргыг солих талаар бүлгээр хэлэлцсэн үү?
-Бүлэг дээр энэ асуудлыг яриагүй. Засгийн газрын гишүүнээр томилогдсоны дараа би хоёр намын даргад бүлгийн даргын ажлаа өгөх саналаа хэлсэн. Гэтэл улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан намайг бүлгийн даргын ажлаа хийж бай гэсэн чиглэл өгсөн. Хэрвээ бүлгээр энэ асуудлыг хэлэлцвэл би ажлаа өгөхөд бэлэн.
-МҮАН-д АН нэгдэх санал тавьсан. Энэ асуудлыг танай нам дотроо хэлэлцсэн үү?
-АН-аас манай намд 2016 оны сонгуульд нэгдэн орох санал өгсөн. Энэ саналыг бид судалж үзсэн. Намын удирдах зөвлөлийн хүрээнд яриад намын дарга "Нэгдэн орох бололцоогүй, харин хамтрах боломжтой" гэсэн хариу өгсөн. Намрын чуулган эхлэхэд ямар байдлаар сонгуульд оролцох вэ гэдгээ эцсийн байдлаар шийднэ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал