Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгчийн Мэндчилгээ

0

21-р зууны мэдээллийн өнгө төрхийг тодорхойлон, өдөр тутам олон арван уншигч, хэрэглэгчээр хүрээгээ тэлж буй  цахим мэдээллийн хэрэгслийн уншигчид, вэб сайтын эзэд, цахим сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.

Энэ өдрийг " Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор таван тивийн 100 гаруй оронд сэтгүүлчид тэмдэглэж байна. Харамсалтай нь өнөөдөр Монголын сэтгүүл зүй, тэр дундаа цахим сэтгүүл зүйн орчин иргэдийнхээ үндсэн эрх болсон мэдээлэл авах эрх чөлөөг бүрэн дүүрэн хангаж чадахгүй, хууль эрх зүйн орчингүй, хагас хаалттай, хэн нэгэн өндөр дээд албан тушаалтан үнэний эрэлд яваа сэтгүүлчийг ч, үзэл бодлоо илэрхийлсэн уншигчийг ч мөрдөж, мөшгиж, сайтыг нь хааж, үгээ хэлсэн иргэдийг хорьж цагддаг нийгэмд бид ажиллаж байна.

Үндсэн хуулиндаа хэвлэн нийтлэх үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хуульчлан зааж өгсөн ардчилсан Монгол улсад өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод  сэтгүүлчийн үйл ажиллагааг хамгаалсан бодлого, тэдний төлөө гэсэн үйл ажиллагаа төр засгийн зүгээс хомс байна. Цахим сэтгүүлчид дарамт шахалтад орж, сайтууд Үндсэн хуулиасаа ч давсан эрх мэдэлтэй Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэдэг ганцхан байгууллагын шийдвэрээр хаагдаж байгаа нь нууц биш.

Тиймээс сэтгүүлчид бидний өмнө илүү хариуцлагатай, эв нэгдэлтэй, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээдлэн ажиллах шаардлага тулгарч байна. Монголын сайтын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн сайтад ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, шинэ тутам хөгжиж байгаа цахим сэтгүүл зүйг хөгжүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж ирлээ. Бид эгнээндээ 200 орчим гишүүн сайтуудыг нэгтгэж, өнгөрсөн жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг тохиолдуулан Төрийн ордонд Цахим сэтгүүл зүйн анхдугаар форумыг  төрийн болон төрийн бус 16 байгууллага, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгт 800 хүний төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулж, Цахим салбарын өмнө тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, салбарын хувьд нийтээрээ даган мөрдөх бодлогын баримт бичгээ "Улаанбаатарын цахим тунхаг”  нэртэйгээр батлан гаргасан билээ. "Улаанбаатарын цахим тунхаг” бол цахим сэтгүүл зүйн салбарт хэрэгжиж буй анхны өөрийн зохицуулалтын баримт бичиг мөн билээ.

Түүнчлэн  цахим сэтгүүл зүйн мэргэжлийн сэтгүүлч бэлтгэх зорилгоор Отгонтэнгэр Их сургуультай хамтран Цахим сэтгүүл зүйн анхны ангийг нээж, Орон нутгийн сайтуудын анхдугаар чуулганыг зохион байгуулж, Цахим салбарын шилдгүүдээ тодруулдаг "Web awards 2015” оны тэргүүн наадмаа утга төгөлдөр зохион байгууллаа.

Монголын сайтын холбоо2016 онд Оюуны өмчийн зөрчилгүй хамт олон болох, Гадаад харилцаагаа өргөжүүлэх хоёр гол зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Мэргэжил нэгт сэтгүүлч нөхдийнхөө хөдөлмөрийг үнэлэх, шударга ёсыг дээдлэх, Оюуны өмч болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй дагах, уншигчаа хүндлэх, цахим сэтгүүл зүйн салбараа хөгжүүлэх уриалга гарган, тодорхой ажлуудыг зохион байгуулснаар бодитой үр дүнд хүрч эхлээд байна.

Гадаад харилцааны тухайд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн байгууллагатай шинэ мэдээллийн хэрэгсэл буюу цахим сэтгүүл зүйн салбарын хүрээнд тодорхой асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Бидэнд хамтдаа хийж амжуулсан ажил их бий. Гэхдээ хийх ажил түүнээс их байна. Цахим сэтгүүлчид та биднийг энэ 2016 онд  УИХ-ын болон Орон нутгийн ээлжит  сонгууль, АСЕМ-ийн дээд хэмжээний чуулган гээд олон томоохон үйл явдлууд хүлээж байна. Энэ бүхэнд шударга зарчим, сэтгүүлчийн ёс зүйг баримтлахын зэрэгцээ улс орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн ажиллахыг уриалж байна.

Ингээд, Хэвлэл эрх чөлөөний өдрийг тохиолдуулан уншигчдынхаа эрх ашгийг дээдэлж, эх орныхоо нэр төрийг эрхэмлэж, шударга ёсыг сахин хамгаалж, эв нэгдлээ бататгаж, иргэд олон нийтийнхээ дуу хоолой болж ажиллахыг Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгчийн хувиар сайтын нийт сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд та бүхэндээ уриалж байна.

Монголын сайтын холбооны зүгээс Мэдээлэлтэй байх, мэдээлэл олж авах  Таны үндсэн эрхийг хамгаалахын төлөө,  ёс зүйтэй цахим сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхийн төлөө Монгол улсын сэтгүүлзүйн салбарын ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон бусад төрийн бус байгуудллагуудтай хамтын ажиллагаагаа  өргөжүүлэх  эрмэлзлэл дүүрэн байгааг  илэрхийлье.

Хэвлэлийн эрх чөлөө бол дан ганц  сэтгүүлчийн эрх чөлөө биш, мэдээлэл олж авах үндсэн эрхээ эдлэх учиртай  ард түмний эрх чөлөө юм гэдгийг мөн цохон тэмдэглэхийг хүсч байна.

Монголын цахим сэтгүүл зүйн  хөгжил дүрэлзэн бадрах болтугай!

Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаяр

                                                         Монголын Сайтын Холбоо 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.