Сэрэмжлүүлэг: 10 сартай хүү цахилгааны тогонд цохиулж нас баржээ
Өдөр бүр бага насны хүүхэд халуун хоол цай, цахилгаанд цохиулж золгүйгээр буюу харамсалтайгаар нас бараад байна. Хамгийн гол буруутан нь бага насны хүүхдийг харж хандаж байгаа эцэг эх, асран хамгаалагч нар нь юм шүү. Ямар хариуцлагагүй, ямар хяналтгүй юм бэ. Гэртээ ил харагдах цахилгаан хэрэгслийн утсаа далд хийж, хүүхэд хүрэхгүй газар халуун савтай хоол цайгаа тавьж байгаач дээ гэж байнга анхааруулж бичнэ. Гэтэл өдөр бүр л 1-2 хүүхэд түлэгдэх, түлэгдсэний улмаас шархаа даалгүй нас барах, эсвэл эмчлүүлж байгаад нас барах нь энгийн үзэгдэл боллоо. Хэдэн хүүхдийг шарж, түлж идэж байж хаширах ёстой юм болоо. Эл харамсалтай эмгэнэлтэй байдалд 100 хувь эцэг эхчүүдийн буруу.
ГССҮТ-ийн эмч нарын ярьж буйгаар зуны улиралд түлэнхийн ачаалал эрс нэмэгддэг гэж ярьж байсан удаатай. Учир нь цэцэрлэг сургууль амарчихсан энэ үед эцэг эхчүүдийн хараа хяналт суларч, бага насны хүүхдүүдээ харахгүй зөнд нь орхичихдог гэж хэлж болно. Үүнээс болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, түлэгдэх, эндэж гэнэдээд байна. Өчигдөр гэхэд арван сартай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй харамсалтайгаар амиа алдсан байна.
Тодруулбал, БЗД-11. "Шунхлай” ШТС-ын хажууд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус товчооны задгай тоотод оршин суух Г /эр.10 сар/ нь гэрийн шалан дээр ил байсан гэмтэлтэй цахилгааны утас барьж, баруун гарын сарвуу, зүүн суганы доод хэсэгт түлэгдэж халцарсан шархтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн түүнчлэн өчигдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төв 2-р багт суух Э /эр.41н/ хашаандаа цахилгаанд цохиулж нас барсан байна. Энэ мэтчилэн бага насны хүүхдүүд тогонд цохиулах, халуун хоол цайнд түлэгдэж амиа алдах хэрэг гарсаар байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.