Ч.Санжаадамба аварга цолны хүндэтгэлийн найраа төрсөн нутагтаа хийнэ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба уран мэхээ уралдуулан, эд хавийг гайхуулан арав даван түрүүлж, төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, Улсын аварга цол хүртэж түүхэн амжилтын эзэн болсон билээ.
Олон жил наадмын түрүү бөхөөр яригдаж түмэн олныхоо тэр дундаа бөх сонирхогчдыг хүлээлгэсэн хүчтэн өнөө жил ийнхүү наадамчин олныхоо магнайг тэнийлгэж баярлуулсан юм. Энэ жилийн үндэсний их баяр наадамд арын сайхан хангай нутгийнхан адтай, одтой сайхан наадаж Улсын аварга, арслан, начин цолтнуудаа өлгийдөн авсан юм.
Тэгвэл шинэхэн аварга Ч.Санжаадамба аварга цолны хүндэтгэлийн найрынхаа зарыг тараажээ. Тэрбээр цахим хуудсандаа "Сайн байцгаана уу нүүр номын найзуудаа энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Аварга цолны маань хүндэтгэлийн наадам төрөлх Хашаат суманд энэ сарын 14-нд болно. Наадамд хүчит бөхийн барилдаан, их нас, соёолон, шүдлэн морьд уралдана. Та бүхнийг урьж байна” гэж бичжээ.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.