Л.Өлзийтөгс: Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно

3
 Хаалттай цонхны цаанаас ч нэвт анхилах

        Хачин сэргэг навчисын үнэр...

        Хавар яасан гунигтай юм бэ?

Түүний шүлгүүд тийм гэхийн аргагүй яруу тансаг. Яагаад ийм энгийн мөртлөө, ийм гоёор моддыг, хайрыг, амьдралыг бичиж чадна вэ. Миний өмнө түүний хоёр ч ном дэлгээтэй байна. Унших тусам дахин дахин уншмаар...

Гэхдээ ширээнийхээ бүүдгэр гэрлийг асаачихаад, анир гүмхэн өрөөнд ганцаархнаа суугаад унших, тэр л мэдрэмж. Тэр бүсгүй шүлэг шигээ тийм тансаг. Эсвэл тэс өөр.. Тийм мэдрэмж. Л.Өлзийтөгс. Тэр зүгээр л бурхны нэг тансаг, зөөлөн бас ихэмсэг өгөгдөл аж.


 

 


-Л.Өлзийтөгс та миний унших дуртай зохиолчдын нэг. Та тэр бүр хэвлэлд ярилцлага өгдөггүй. Бид анх удаа ярилцах гэж байна. Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа?

-Зүгээр, зүгээр. News.mn бол миний орж мэдээ уншдаг цөөхөн сайтын нэг тул урилгыг хүлээж авахдаа би ч баяртай байна.

-Таныг харахад нэг тийм нам гүм дундах ихэмсэг оршихуйг бүтээж амьдардаг юм шиг. Яаж ийм гоё, ийм дөлгөөн, ийм намуухан тайван амьдарч чадаж байна вэ?

-"Нам гүм бол энэ цагийн хамгийн тансаг, luxury зүйл мөн” гэж Том Форд хэлсэн байдаг даа. Уг нь олны анхаарлаас хол, нам гүм амьдрах сайхан ч ном бүтээлээсээ болоод зарим нэг хүний анхааралд өртөөд байх юм. Уран зохиолын ажлын, мэргэжлийн онцлог гэж юм байна аа, бас.

-Та энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу. Үеийн чинь яруу найрагч бүсгүйчүүд улс төр хөөгөөд, дарга цэрэг болоод явчихлаа? Харин та нөгөө л ихэмсэг хийгээд эрх чөлөөтэй хэвээрээ л байх юм?

-Уран бүтээлчийн амьдрал дэндүү эрх чөлөөтэй, сонирхолтой л доо. Бусдын дарга байхаас өөртөө эзэн байхыг илүүд үзнэ. Үнэн шүү, өөрөө хэнд ч захирагдахыг хүсдэггүй болохоороо хэнийг ч захирахыг хүсдэггүй юм аа.

-Зохиолчдын дотор өрсөлдөөн их байдаг юм шиг харагддаг. Энэ үнэн үү?

-Өрсөлдөөн гэхээсээ хувь хүмүүсийн хоорондын үл ойлголцол л их байдаг. Ер нь утга зохиол дахь ихэнх амжилт хуурмаг шүү дээ. Түр зуурын одод хаа ч л байдаг. Зохиолч хүн бусадтай өрсөлдөхөд анхаарал хандуулдаггүй, харин өөр дээрээ төвлөрч, дотогшоо өнгийж, өөрийгөө давах гэж л тэмцдэг.

-"Үзэхийн хязгаар”. Уншигчдадаа барьсан энэ номоосоо хойш ямар уран бүтээл туурвиж байна вэ? Сүүлийн үеийн номуудыг тань уншигчид хооронд нь харьцуулж ярьж байна, та өөрөө хэрхэн тодорхойлох бол? Яг одоо аль төрлөөр бичиж байна вэ?

-Эсээний номоосоо хойш "Хотын үлгэрүүд” өгүүллэгийн, "Толинд туссан Будда” яруу найргийн ном гаргасан. Уншигчид төдийгүй зохиолчид хүртэл "Үзэхийн хязгаар”-ыг "Хотын үлгэрүүд”-тэй харьцуулж яриад байгаа шүү, нээрэн. (инээв). Уг нь nonfiction, fiction хоёрыг харьцуулах боломжгүй л дээ. Сүүлийн үед өгүүллэг илүү сэтгэл татдаг болчихож. Хамгийн гоё, бас хүнд төрөл юм. Авьяасын жинхэнэ шалгуур гэгддэг. Маш богино хугацаанд, багахан орон зайд асар ихийг багтаах хэрэгтэй болно. Аливаа юмны хэцүү нь илүү сонирхолтой.

-"Үзэхийн хязгаар”-аа хэвлүүлснийхээ дараа та соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг сэтгүүлчид ярилцлага өгөхдөө "Энэ ном бүхэлдээ миний үзэл санаа. Өнөөгийн байдлаархи ойлголт маань. Энэ нь алсдаа өөрчлөгдөж ч болно” гэсэн байсан. Таны үзэл санаа өөрчлөгдсөн үү?

-Тэр ном гарснаас хойш амьдралд маань их зүйл тохиолдсон. Тохиолдол бүхэн хүнийг өөрчилж байдаг. Тэгэхээр үзэл санаанд минь ч их шинэчлэл гарсан гэсэн үг.

-Та бусад яруу найрагч, зохиолчид шиг хэзээ ч номоо, өөрийгөө рекламдаж байгаагүйг мэднэ. Гэхдээ өөрийгөө рекламдах юмсан гэж бодогдож явсан үе байгаа юу?

-Хэзээ ч тийм хачин бодол төрж байгаагүй. 10 ном бичиж, олны хүртээл болголоо. Нэг удаа ч хэвлэлийн бага хурал зарлаагүй, нэг удаа ч номын нээлт хийгээгүй шүү. Шинэ номын баяр байтугай уран бүтээлийн тайлан үдэшлэг, яруу найргийн уншлага ч хийж үзээгүй. Бас номынхоо тухай бичүүлэх гэж нэг ч шүүмжлэгчид хандаж үзээгүй. Бичих л миний ажил, бусад нь буянаараа болог!

-Сүүлийн үед ном бичээгүй, гаргаагүй хүн бараг л хүн биш болж байна. Та зохиолч хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Мөр толгой холбодог менежерүүд, арилжааны ном бичдэг зохиогчдын эрин үед бид амьдарч байна л даа. Зохиогч, автор гэж хэллээ шүү! Зохиолч буюу writer биш. Авторууд бол энд тэндээс уншсан, тэмдэглэсэн, сургуульд заалгасан, сонссон дуулснаа нийлүүлээд л ном болгочихдог. Харин зохиолчид тэс өөр. Тэд бол хоосон газар нүцгэн гараараа үр тариа суулгагчид юм. Зарим нэг мэргэжилд яах аргагүй төрөлх өгөгдөл, онцгой авьяас шаардагддаг л даа. Балетын бүжигчин бүсгүй том лагс биетэй, хүнд жинтэй бол өндөр үсэрч чадахгүй, эрэгтэй нь даахгүй шүү дээ, тийм ээ? Маш бүдүүн гуятай байвал богино даашинз нь зохихгүй. Тэгэхээр бүжигчдийн хувьд бие галбир эхний, төрөлх өгөгдөл гэсэн үг. Үүнтэй адил, зохиолчийн ямар ч өгөгдөлгүй хүн зохиолч нэртэй болчих л юм. Зохимжгүй зүйлийг харсан, үзсэн хүн бүр нүүр буруулж, эгдүүцдэг. Энэ зүй ёсны эгдүүцлийг "атаархал, өрсөлдөөн” гэж уншигчид ойлгох гээд байдаг юм. Хунгийн даашинз өмсчихсөн 100 кг жинтэй эмэгтэй шиг эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаагаа өөрөө ч мэдэхгүй, ар араас нь ном гаргаад л байдаг, авьяасгүй хүмүүсийг одоо яалтай билээ! (инээв) Тэгэхдээ энэ зөвхөн монголын асуудал биш гэнэ ээ, дэлхий даяар ийм болчихсоныг Сергей Тимуров гээд орос зохиолч ярьж байсан.

-Яг үнэндээ авьяасгүй хүмүүс ном бичихийг хараад та юу гэж боддог вэ?

-"Муу хүмүүс залхуу байсан ч болоосой!” гэдэг үг байдаг. Энэ үгийн арай өөр хувилбарыг зохиосон л доо. "Авьяасгүй хүмүүс залхуу байдаг ч болоосой!”.

-Ингэхэд орчуулгын уран зохиолын талаарх, залуу орчуулагчдын талаарх таны бодлыг сонсмоор. Сүүлийн үед манай дэлгүүрүүдэд орчуулгын уран зохиол нэлээд эрэлттэй байгаа харагддаг?

-Залуу сайхан орчуулагчид төрж байна аа. Энхбаяр гээд залуу ганцаараа "Орчин үеийн хятад яруу найраг” гэдэг анатолог орчуулж гаргалаа. Зоригтой, сайхан ажил болсон. Бас Орхан Памукын "Цас” гээд хүнд романыг Баясгалан орчуулжээ. Баясгалангийн хүндлүүштэй тал нь дандаа элит зохиолчдыг сонгож байна. Орчуулагч хүнийг хэл найруулгаас илүүтэй сонголт нь тодорхойлдог. Баясгалангийн хэл найруулга ч дажгүй, сонголт нь маш сайн. Түүнд хандаж "Сайн байна охин минь!” гэж хэлье.

-Ингэхэд танд уйтгарлах үе гардаг уу? Нэг тийм ганцаардмал ч юм шиг, дотогшоо яриад л. Таны бүтээлүүдийг унших бүрт л ингэж асуумаар санагддаг?

-Уйтгарлах биш гуниглах үе олон гардаг. Жаргалтай үедээ бусдын зовлонгийн өмнө буруутай мэт мэдрэмж төрөхийг бас гуниг гэдэг шүү дээ. Мэдэрдэг хүнд бол энэ амьдралд гунигтай зүйл дэндүү их.

-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын амьдралын хэв маяг бусдаас өөр. Үнэндээ ингэж нам гүм амьдрах уйтгартай биш гэж үү?

-Уйдах зав гарвал хичнээн сайхан. Би гэртээ сууж байгаа мөртлөө л манай уран зохиолын ертөнцийн яг төвд амьдардаг хүн шүү дээ. Зохиолч хүн утасдаагүй өдөр гэж Аюур бид хоёрын амьдралд бараг үгүй. Надад дуулдахгүй, сонсогдохгүй юм ч алга. Бид хоёрыг мартаж чаддаггүй, сэтгэл зүрхнээсээ холдуулдаггүй хүмүүс ч бий. Байнга гүтгэдэг хэд гурван хүн! Миний тухай бяцхан мэдээ гарахад л анаж байгаад орж ирж доромжилдог, хуурамч нэрээр сэтгэгдэл бичдэг зохиолч хүүхэн ч байна. Зарим нэг эм хүний сэтгэл зүрхийг би үүрд эзэмджээ (инээв).

-Уучлаарай танд нэг таагүй санагдаж магадгүй. Өнгөрсөн хавар шүлэг бичдэг нэгэн бүсгүйн зүгээс Г.Аюурзана зохиолч рүү нэлээд дайрсан шинжтэй зүйл бичсэн байсан? Гэвч та хоёр элдэв шүүмжлэл, хов живэнд ямар ч тайлбар хийдэггүй?

-Тэр эмэгтэйн хуудсыг үздэггүй болохоороо мэдээгүй л дээ. Саяхан нэг уншигч залуу энэ тухай асуухад л мэдсэн.

-Энэ талаар та одоо хариулт өгч болох уу?

-Харьцуулж ярьвал тодорхой биз ээ. Тэр эмэгтэй Аюураас ганцхан насны зөрүүтэй. Гэтэл хийсэн бүтээсэн нь тэнгэр газар шиг хол. Аюур 40 орчим ном бичиж, олны хүртээл болгожээ. Бүгд уншигчаа олсон. Харин тэр хүүхэн өдий хүртэл нэг ширхэг ч ном гаргасангүй. 40 орчим номын ард гарсан хүнийг нэг ч ном бичээгүй хүн шүүхээр оролджээ. Монгол маягийн шударга байдал гэж нэг иймэрхүү. Ер нь эрээ цээргүй, эрдэм авьяасгүй, хүмүүжилгүй хүмүүс "шударга” гэдэг үгээр халхлан бусдыг гутаахаар оролдох нь хэвийн зүйл болж. Авч хэлэлцээд байх асуудал мөн ч юм уу, биш ч юм уу гэж эргэлзэж сууна.

-Г.Аюурзана авгайгаа л магтдаг гэсэн байсан?

-Эмэгтэй зохиолчдоос жишээ нь Б.Батрэгзэдмаа, Х.Болор-Эрдэнэ нарын номын өмнөх үгийг Аюур бичиж л байсан. Хэн хэнийг нь халуун дулаан үгээр магтаж дэмжсэн. Тэд Аюурын авгай биш л дээ (инээв). Авгайгаа магтлаа гээд уурлаад байгаа тэр хүүхнийг тэгвэл магтацгаая. Нэг ширхэг шүлгийн ном гаргаагүй хүний талаар юу ярих вэ! Бодит байдал, шүүмжлэл хоёр гэдэг ийм л зөрүүтэй байдаг байхгүй юу.

-Түүний бичсэнээр Г.Аюурзана үнэхээр бусдыг үгүйсгэдэг хүн үү. Учир нь энэ хүнийг хамгийн сайн мэдэх, хамгийн ойрын хүн нь та шүү дээ?

-Жишээгээр л хариулчихъя. Манай үеийн л гэхэд 20 гаруй яруу найрагчийн номыг Аюур редакторлаж, өмнөх үгийг нь бичиж, дэмжсэн юм шүү дээ. Б.Галсансүх, Уянсүх, Х.Чилаажав, Буянзаяа, Билгүүн, Ж.Баяржаргал, лам Мөнхбаяр, Дарханы Цэнд гээд л өчнөөн хүн бий. Үгүйсгэгч байсан бол ингэж сэтгэл гарган редакторлахгүй, дэмжиж сайшаасан үг ч бичихгүй л дээ. Мөн өөрийн эрхлэн гаргадаг байсан "Өчигдөр” сониноороо манай уран зохиолын маш олон хүнийг бичсэнийг тоочвол Ш.Одонтөр, Ж.Батцэцэг, Ц.Батбаатар, Б.Чимэгбаяр, модернист Мөнхбаяр гээд л явж өгнө. Сайн муу гэлгүй бүгдийг нь сурталчилдаг байсан. Дайрч давшлаад байгаа тэр хүүхэнтэй хүртэл ялгалгүй, яриа хийгээд тавьж л байлаа. Өөрөө ч баяртай л явж байсан. "Би танай сониныг унших дуртай, гарангуут нь худалдаж авдаг” гэж надад хэлж байсан шүү. Бас Б.Ичинхорлоо, Отгонжаргал гээд яруу найрагчидтай ч ярилцлага хийж тавьсан. Шүлэг бичдэг хүүхнүүдээ цувралаар бичиж, сайхан хөрөг бүтээе гэж бодоод дээрх гурваар эхлүүлсэн ч би хөл хүнд болоод гэртээ сууснаар үргэлжлүүлж чадаагүй л дээ.

-Та хараагүй байх. Тэр бүсгүйн бичсэн зүйлийн доор н.Энхтуяа гэдэг хүн тан руу багагүй дайрч давшилсан байсан. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-(инээв) "Миний анхны нөхөр л Өлзийтөгсийн шүлгүүдийг зүгшрүүлсэн” гэж Энхтуяа гуай бичсэн гэнэ ээ. Анхны шүлгүүдээ би 12 настайдаа бичсэн. Харин Энхтуяа гуай болон түүний нөхөртэй 21 насандаа танилцсан юм аа. 17-тойдоо би гурван ч сонинд шүлгүүдээ нийтлүүлчихсэн, Монголын радиогоор шүлгээ уншчихсан, Д.Урианхай ахаас үнэлэлт авчихсан байсан. Бас "Яаж шүлэг бичдэг юм бэ гээд асуугаад гүйж явсан” гэж гүтгэжээ. Урианхай ахад ч тавиагүй асуултаа тэр хоёроос л асуув гэж дээ. Одоо надад олон залуу найрагчид шүлгээ үзүүлж, санаа оноог минь сонсохыг хүсдэг л дээ. Тавдугаар ангийн хүүхэд ч ийм тэнэг юм асуудаггүй.

-Өлзийтөгс эхний шүлгээ биднээр хэлэлцүүлсэн гэсэн байсан шүү дээ?

-Худлаа, худлаа. 1988 онд анх шүлгээ хэлэлцүүлэхэд минь Энхтуяа гуайнх Дарханд байгаагүй. Хөтөлд л байсан байх. Намайг анх Дарханы утга зохиолын нэгдэл рүү уран зохиолын багш Алтанцэцэг маань дагуулж очсон юм аа. Мишигийн Цэдэндорж гуайн шавь, хүүхдийн зохиол бичдэг, сайхан сэтгэлтэй эмэгтэй байлаа. Тэр үед Алтаа багш, Энхбаяр эгч, Ариунболор, Уранчимэг бид хэдээс өөр эмэгтэй хүн манай хотын нэгдэлд байгаагүй л дээ. Октябрь эгч, Гантуяа хоёр сүүлд ирдэг болсон. Тэднээс асууж болно шүү, хүсвэл чинь Ариунболор, Уранчимэг нарын хаягийг өгье. Тэр хоёр лав Энхтуяа гэж танихгүй байх. Намайг оюутан болоод Улаанбаатар руу шилжихээс өмнөхөн Энхтуяа гуай Дарханд шилжиж ирсэн тул тэгтэл дотносох цаг гараагүй. Жирийн, сайхан танилын хэмжээний л харьцаатай. Хүүхэд насны минь дурсамжид тод үлдсэн яруу найрагчид бол Дарханы Нацагдорж гуай, Цэнд ах, Сэлэнгийн Доржсүрэн ах. Надад чин сэтгэл гаргаж байсан хүмүүс бол тэд! Доржсүрэн ахын захианууд одоо хүртэл бий. 27 жил хадгалж байна даа.

-Ингэхэд Дарханаар овоглогддог, алдартай яруу найрагч ховор шүү?

-Үнэхээр л уран зохиолд орж ирэхэд минь Дарханы гэх, нэртэй цуутай нэг ч яруу найрагч, ардын, гавьяат цолтон, болор цомтон байгаагүй л дээ. Нутгийнхнаа л дэмждэг, танил тал харж тэмцээн уралдаанд түрүүлүүлдэг хачин үзэгдэл одоо ч уран зохиолд бий. Дархан залуу хот тул яг тэнд төрж, тэнд л өссөн анхны яруу найрагчийн нэг нь би бөлгөө (инээв). Надаас ахмадууд нь дандаа өөр аймагт төрсөн хүмүүс байдаг. Дэмжлэггүй гарч ирсэндээ харин ч баяртай явдаг шүү. Хожим оюутан болоод, "Ил товчоо” сонины оны тэргүүн бичлэгийн шагнал хүртэж, олон хүнээс магтаал, урмын үг сонссоны дараа л өөртөө жаахан итгэл төрж Батбаяр багш руу очсон. Зохиолчдоос Батбаяр гуайг л "багш” гэж дууддаг. Гэтэл одоо намайг "мэддэг” гэх үй олон хүн, зургаан багш, бүр "зүгшрүүлэгч” гээчтэй болчихоод байна, хойшдоо ч нэмэгдэх төлөвтэй.

-Гүтгэлэг, цуурхал сонсох үед уурлаж зэвүүцдэг үү.Эсвэл огт тоохгүй өнгөрдөг үү?

-Хөгжилтэй ч юм шиг. Өнгөрсөн жил гудамжинд явж байтал Дарханы гэх нэг охин гүйгээд ирсэн. "Манай эгч тантай нэг ангид сурч байсан, та хоёр их найз гэсэн, тээ?” гээд л. Эгчийнх нь нэрийг асуутал би огт мэдэхгүй юм. Бүр гайхаж цочирдоод, гэртээ ирээд ангийнхныхаа зургийг хүртэл үзлээ. Сүүлдээ ангийнхаа хүүхэд рүү утасдаж, "Тийм охин шилжиж ирээд явсан ч бил үү?” гэж асуухдаа тулсан. Ангийн минь хүү бас л "ийм хүн мэдэхгүй” гэсэн. Саяхан өнөөх охин фэйсбүүкээр эгчийнхээ зургийг явуулахаар нь хартал зүс мэдэх төдий явсан, есдүгээр сургуулийн охин байв. Би 17 дугаар сургууль төгссөн л дөө. Дүүгийнх нь яриаг сонсвол эгч нь надад бүр тусалж явсан гэнэ. Гэтэл би нэг үг сольж ч үзээгүй. Яг Кавабатагийн өгүүллэг шиг. Чи уншсан уу? Ийм өгүүллэг байдаг юм. Нэг удаа өвгөн зохиолч дээр танихгүй эмэгтэй орж ирээд, нүд рүү нь харж байгаад, "Та залуудаа манай нутагт очоод, бид хамтдаа...” гээд л хайрын дурсамж гэмээр зүйл ярьдаг. Нүдэнд дулаахан сайхан эмэгтэй, хэн ч итгэмээр! Нөгөө өвгөн зохиолч бүр гайхаад газрын зураг хүртэл үзнэ. Гэвч мань өвгөн тэр хотод хэзээ ч очоогүй байхгүй юу. Тэр эмэгтэй бол зүгээр л төсөөлөлдөө итгэчихсэн уншигч. Аюур тэр өгүүллэгийг орчуулж байсан юм аа. Дарханы охин намайг эгчтэй нь найз явсан мөртлөө танихгүй царайлаад, муу хүн гэж бодсон байх. Яана гэх вэ, хэн нэгний төсөөлөлд би буруугүй (инээв).

-Хүмүүс яагаад ингэтлээ худлаа ярьж, бусдыг гүжирддэг юм бол. Ингэж бусдыг муулж таашаал авах нь өөрт нь таалагддаг ч хэзээ нэгэн цагт үнэнтэй нүүр тулна гэж боддогүй л юм байх даа?

-Энэ юу ч биш. "Аюурзана, Буянзаяа хоёр Пунцагийн Бадарчийг хутгалав” гэж бичсэн шар сонин хүртэл бий. Юун хутга, тэр сайхан өвгөн найрагчтай үг сөрж үзсэн хүн ч манай үеийнхэн дотор байхгүй. Бадарч гуай өөрөө ярилцлага өгч "Худлаа шүү, тийм юм огт болоогүй. Харин би цонхны шилэнд гараа эсгэсэн явдал бол бий” гэж хэлсэн байсан. Тэгээгүй бол хүмүүс одоо итгэчихсэн явах биз. "Хэн нэгний тухай юу ч сонссон битгий итгэ!” гэж гүтгүүлдэг хүний хувьд хэлье дээ. Би лав бусдын тухай муу юм уншвал огтхон ч итгэдэггүй.

-Нүүр номын ертөнц танд ямар санагдаж байна вэ. Та саяхнаас л нүүр номын ертөнцөд нэгдсэн?

-Дөнгөж энэ жил нэгдлээ. Нийгмийн ч, хүний ч толь юм байна. Зарим зохиолч хичнээн түвшин даруу, эерэг зөв, эвтэй таатай хүн болохыг, зарим нь ямар завхарсан доогуур, гудамжны ааш араншинтай болохыг ядаж харлаа л даа. Ер нь монголчуудын дунд хүчтэй ялгарал явагдаж байна. Нэг хэсэг нь маш баян, нөгөө хэсэг нь маш ядуу. Нэг хэсэг нь чамгүй өндөр боловсролтой, нөгөө хэсэг нь хэт харанхуй. Нэг хэсэг нь чин сүжиг бишрэлтэй, нөгөө хэсэг нь ямар ч сүсэггүй. Ийм их ялгаа том зөрчил үүсгэж, энэ зөрчлийн уулзвар дахь эмгэнэлтэй, өрөвдөлтэй амьдралыг бид туулж байна даа.

-Ингэхэд таныг харахад зохиолчидтойгоо тэр бүр нөхөрлөөд, дотносоод байдаггүй. Бас уралцаад хэрэлдээд байдаггүй, төвийг сахисан санагддаг?

-"Төвийг сахих” гэж их улс төрч маягтай үг юм аа. Чи улс төрийн албаны тоймч болохоор мэргэжлийн үг хэллэгээ хэрэглээд байна (инээв). "Зөв хүмүүжилтэй” гэвэл арай оновчтой шүү. Үнэхээр уран зохиолынхонтой хэрэлдээд явдаггүй. Гэхдээ дуугарах юман дээрээ одоо дуугарна. Яахав, юманд яардаггүй л дээ. Баримттай, жишээтэй, харьцуулалттай, үндэслэл сайтай хариу өгч, номон дотроо ч болов хожим бичнэ.

-Та найз нөхөр цөөтэй юу?

-Найзын тоо харин ч ихдээд, ядраад байдаг болсон. Зүгээр л, яруу найрагч хүүхнүүдээс илүү зураачидтай найзлах дуртай. Учир нь тэд голдуу дуу цөөтэй байдаг тул хэрэггүй, дэмий юм яриад байхгүй, амар улс шүү. Би их эрсхэн зантай, үүнийг минь тэвчсэн хэнтэй ч нөхөрлөж чадна. Хүнийг ялгаж, зэрэг зиндаа тогтоодоггүй.

-Таныг дүрслэх урлагт дуртай болохоороо зураачидтай найзалдаг гэж бодож байлаа. Харин ийм учиртай байжээ дээ?

-Зураач найзуудтайгаа дүрслэх урлагийн талаар ер нь л ярьдаггүй. Найз хүүхнүүд "Пикассо бол...” гэсэн юм яриад суухгүй шүү дээ. Тэгээд ч нөхөрлөл гэдэг их ярихдаа биш их сонсохдоо л байдаг гэж боддог доо.

-Та зураачдад их хүндэтгэлтэй хандах юм аа даа. Тэдэнтэй хамт байх, тэднийг сонсох, тэдэнтэй найзлах дуртай?

-Дуртай ч биш бүр хайртай. Манайд их хачин шүү, дунд сургуулийн нэг хүүхэд "Болор цом”-ын тайзан дээр гарч ирж, бусдыг дуурайж бичсэн нэг шүлгээ уншаад л орон даяар танил болдог. Гэтэл 50-60 жил зурсан өвгөн зураачийг хэн ч таньдаггүй. Үзэсгэлэнгээ гаргахаар нь 20-иос илүү хүн ирж үздэггүй. Чи харьцуулаад бод доо, Пикассо нэг зургаа 500-аас илүү удаа давтаж зурсан тохиолдол бий. Харин нэг шүлгээ тав дахин засч, хуулж бичдэг яруу найрагч цөөн. Зураачид, хөгжимчид танхимын сургалтаар олон жил сурч, асар их хөдөлмөрлөж, өчнөөн ихийг давж байж энэ мэргэжлийг эзэмшдэг юм аа. Хүндлэх хэрэгтэй.

-Үнэхээр яруу найрагчид сургуулиар бэлтгэгддэггүй шүү дээ?

-Харин тийм. Сонгодог хөгжим, дүрслэх урлагт байдаг шиг сахилга бат, зуун зуунаар тогтсон дэг, тодорхой сургалтын арга техник уран зохиолд үгүй. Утга зохиолын хязгааргүй чөлөөт байдал л эргээд зохиолчдод том даваа болдог доо. "Мэргэжлийн утга зохиол” гэдэг үг юуны тулд байдаг гээч? Харьцуулалт хийвэл жаахан ойлгомжтой болно. Хөгжим Бүжгийн Сургуулийн төгөлдөр хуурын ангид анх 40 хүүхэд нэг ангид ороод, хасагдаж, хаяж явсаар эцэстээ нэг хоёр нь л төгөлдөр хуурч болдог байх. 12 жил дунд, 4 жил дээд сургуульд сурч, нийт 16 жил хөдөлмөрлөж байж төгөлдөр хуурчийн дипломтой болно! Тэгээд ч төгөлдөр хуурч болчихгүй ээ, их хэцүү. Гэтэл сэтгүүлч болохын тулд дөрвөн жил л сурдаг. Энэ ялгаа мөн үү? Асар их ялгаа! Хөгжимчид, балетын бүжигчид, зураачид асар их хөдөлмөрлөдөг атал хэн ч таньдаггүй, тэднийг бид нөгөөгөөс нь ялган үнэлж ч мэддэггүй. Юм нарийн байх тусмаа олны анхаарлаас хол байдаг нь "мэргэжил” гэдэг утга учиртай үгийн үнэ цэнийг харуулж байгаа юм.

-Г.Аюурзана зохиолч нэгэнтээ Л.Өлзийтөгсөөс өөр яруу найрагч Монголд байхгүй гэж таныг дүгнэсэн гэсэн. Та нөхрийнхөө дүгнэлттэй санал нийлэх үү?

-Аюур хэзээ ч тэгж хэлээгүй. Бас л нэг мушгисан үг, дэгсдүүлсэн хувилбарыг сонссон юм шиг байна. Ер нь бол Аюур намайг үнэлсэн нь бусад хүмүүсийн үнэлгээнээс өөр зүйл биш. Манай мэргэжлийн олон хүн уран бүтээлд минь сайн дүн тавьсан. Санкт-Петербургийн их сургуулийг төгссөн Елизавета Алексеевнагийн судалгааны ажил хамгийн сүүлийнх нь байх. Миний номуудаар диплом хамгаалсан юм аа. Сайхан ажил! Ийм судлаачдын магтаал үнэлгээг огт анзаардаггүй мөртлөө Аюурыг ганц өгүүлбэр хэлэнгүүт илт гуйвуулаад л, шуугиан болгож хувиргадаг нь ариун явдал уу? (инээв)

-Шүүмжлэгчдээс хэнийг та үнэлж явдаг вэ?

-Ц.Хасбаатар гуай, Ч.Билигсайхан гуай гээд хэдэн сайхан хүн бий. Шүүмж бичихэд шүлэг бичихийн л адил маш их авьяас хэрэгтэй. С.Энхбаяр гуай хамгийн авьяастай нь. Гоё, онгодтой бичдэг байсан. Мөн Батсуурь докторыг үнэлж явдаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой, тов тодорхой таашаалтай, яруу найрагч маягийн характертай хүн. Шүүмжийг нь уншаад л тэгж бодсон юм. Ингэхэд, Батсуурь доктор миний номыг үнэлж бичээд өөр нэг хүнийг шүүмжилчихсэн юм байна л даа. Тэгсэн нөгөө шүүмжлүүлсэн хүүхэн нь "Аюурзана Өлзийтөгс хоёр найзуудаараа өөрсдийгөө магтуулаад, өрсөлдөгчөө муулуулдаг” гээд л уурлаад байгаа. Байнга намайг интернет сэтгэгдлээр доромжилно. Хараах үг ч одоо үлдээгүй байх гэмээр их зүхсэн. Гэтэл Аюур бид хоёр Батсуурь шүүмжлэгчийг танихгүй. Уулзаж, ярьж сууж ч үзээгүй. Бүр нэг удаа ч тааралдаж үзээгүй л дээ, би. Хүмүүс ямар их худал ярьдгийн нэг жишээ.

-Монголын утга зохиолын шүүмж судлал хэр төвшинд хөгжиж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Янзын их бодолтой явдаг (инээв). Шүүмжлэгч хүнд шинжлэн судлаачийн өргөн хараа, бичвэрийн цаадхийг харах хурц нүд, нарийн ухаан, бүтээлээс бүтээл төрүүлэх чадвар, үгээр урлах авьяас хэрэгтэй. Манай зохиолчид 90-ээд онд сэтгэлгээний өөрчлөлтөд орж, овоо үсрэлт хийсэн л дээ. Харин шүүмж судлал 70-80-аад оны тэр хэвээрээ. Эхлээд баахан магтсанаа эцэст нь шүүмжлээд дуусах юм уу, эхлээд баахан шүүмжилснээ өрөвдсөн бололтой, гэнэт магтаад дуусдаг тэр гэнэн хэлбэр нь хүртэл хэвээрээ шүү. Уншуургүй, амт шимтгүй. Мэдлэг нэмэх, мэдээлэл авчих юу ч үгүй. Шүүмжлэгчдийг хэн ч шүүмжилдэггүй учир амны зоргоороо ярьдаг хүн олон болсон. Дэлхий нийтээрээ уран зохиол судлалд "интерпретацийн буюу задлал тайллын” аргыг сонгоод өчнөөн жил өнгөрсөн шүү дээ. Гадны судлаачид зарим зохиолчийн номыг хэрхэн задалсан, тайлсныг уншихаар заримдаа зохиолчоосоо ч илүү түвшинд, гүнзгий гоё бичсэн байх нь бий. Утга зохиолын сайн судлаач бол урлагийн төдийгүй, шинжлэх ухааны хүн юм аа. Аль алиных нь шинжийг агуулсан байвал мундаг шүүмжлэгч төрнө. Бичвэрээс нь зан араншин хүртэл тодорхой харагдаж байвал сайн.

-Тийм шүүмжлэгч ховор төрдөг байх. Үнэндээ сүүлийн үед сайн шүүмжлэл ховордсон юм шиг ээ?

-Оюуны цартай хүний л барьж авдаг, сайхан ажил юм, уг нь. Даанч Фройд, Ницще хоёрын нэрийг л өмнөө барьчихаад тэс хөндлөн харьцуулалт хийж, их юм уншсан, мундаг хүн болж харагдах гэдэг зальтай шүүмжлэгч манайд олширсон. Орос ч, англи ч, герман ч хэлгүй мөртлөө Фройд, Ницщэг нэвт уншсан царайлна. Тухайн ном зохиолтой огт хамааралгүй онол ярьж, худлаа философидож, хүмүүсийн толгойг эргүүлсэн, сунжирсан, төөрөлдүүлсэн, зальжин юм бичээд л ном гаргачихаж байна.

-Таныг шүүмжилсэн тохиолдолд та ямар хандлага гаргадаг вэ. Манайхан хэн нэгэнд сайхан үг хэлэхдээ их харам болсон санагддаг. Харин алдааг нь олж харахдаа их "мэргэн” болжээ?

-Сэтгэл хөдлөхөө бүр больчихсон. Чи сайн бод доо! Хэн нэг хүн миний номыг шүүмжиллээ гэж бодъё. Тэглээ гээд би нэгэнт хүрсэн хэмжээнээсээ доошлох уу? Явсаар байгаад, хийсээр байгаад хүрдэг хүний хэмжээ гэж нэг юм бас бий шүү дээ. Толстойд ч, Набоковт ч алдаа бий. Бүх зохиолчоос алдаа олддог. Алдаан дээр л тоглодог хорон шүүмжлэгч болохоос зайлсхийх хэрэгтэй.

-"Алдаан дээр тоглох” гэдэг их юм бодогдуулж байна шүү?

-Шүүмжлэгч, уншигчдын нүдэнд л алдаа юм шүү дээ. Бүтээгч хүний хувьд бол алдаа гэж үгүй. Урагшлахын тулд эрэл хийх л хэрэгтэй. Эрэл ямагт алдаа дагуулдаг. Олон жил оюуны ажил хийгээд, бичээд, уншаад байхаар асар их туршлага суугаад, хүнийг бичвэрээс нь л таньдаг болчихдог л доо. Мэдлэгтэй юм уу, мэдрэмжтэй юм уу, хэн нэгний шинэхэн хувилбар уу, цоо шинэ дуу хоолой юу, үнэнч шударга хүн үү, аргацаагаад явж буй хүн үү? гээд л нэвт уншина шүү дээ, зохиолчид бол. Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно. Мэдлэг боловсрол дутуу бол сайхан сэтгэл, эерэг хандлагыг зүг чигээ болгох нь зөв юм. Шүүмж судлал гэдэг нэр томьёог дагаад манайхан зөвхөн шүүмжлэх гээд байдаг л даа. Уншигчдад номыг өргөн утгаар нь таниулах, ойлгуулах, зохиолч уншигчдын хооронд гүүр болох гэдэг дээр "өргөлт” өгч сураасай. Шүүмжлэх муулахыг бол энэ фэйсбүүкчид л хийчихнэ шүү дээ. Долдугаар ангийн хүүхэд хүртэл Урианхай гуайг шүүмжилсэн байсан. Тэгэхээр долдугаар ангийн хүүхдийн ажлыг шүүмжлэгчид хийхгүй байвал зүгээр. Мэргэжилдээ үнэнч яваа хэдхэн зохиолчоо таниулах, дэмжих, уншигчдад ойртуулах, сайн дурын уран сайханчдаас ялгаж өгөх нь утга зохиол судлаачийн нэгэн үүрэг. Зохиолчдод сургаал айлдах гээд, сургах гээд хэрэггүй, чадах ч үгүй. Ер нь шүүмж судлалын өгүүллүүд уншигч руу хандах ёстой юм. Зохиолчидтой биш уншигчидтай тулж ажиллана гэсэн үг. Батсуурь харин үүнийг зөв мэдэрч, зөв замаар яваа.

-Яг үнэнийг хэлэхэд уншигчид руу хандсан соён гэгээрүүлэх шүүмж ховор байдаг шүү. Зарим шүүмжлэлийг харахад хувь хүн рүү нь хэт дайрсан шинжтэй байх юм?

-Зохиолчийг хэрэв загвар зохион бүтээгчтэй зүйрлэвэл шүүмжлэгчид загвар өмсөгч юм л даа. Хүний хийсэн хувцсыг өөртөө гоё "суулган”, сайхан өмсөж, зөв сурталчлан таниулах нь загвар өмсөгчийн ажил. Гэтэл хувцсаа биш өөрийгөө л харуулаад, аальгүйтээд байдаг моделиуд бий. Иймэрхүү, эго нь хэтэрчихсэн шүүмжлэгч, хуурамч доктор олширч дээ.

-Шүлэг бичдэг хүн олон байна, харамсалтай нь, сайн яруу найрагч ховор санагддаг. Эсвэл яруу найрагчид нь их нам гүм амьдардаг юм шиг?

-Үнэн, үнэн. Солонгосын уран зохиолын нэг сэтгүүлийн олон улсын редакцийн зөвлөлд багтаад арваад жил болж байна. Тэр сэтгүүлийг Азийн яруу найргийн холбооноос гаргадаг юм. Тэнд Монголын зохиолч яруу найрагчдаас хэнийх нь шүлэг хэвлэгдэв, хэнийх нь шаардлага хангахгүй буцав гээд л тодорхой үнэлгээг цөөнгүй харсан. Эндээс хүртэл ихийг ойлгож сурч байгаа. Хүний ажил, алхам бүр туршлага нэмэх юм аа.

-Хэвлэгдэхгүй буцдаг гэнэ ээ? Манай зохиолчид гадагш их явдаг, шүлгээ их нийтлүүлдэг болсон биш үү?

-Тийм биш. Гадаадад хүртэл уран зохиолын нэрээр энд тэндээс мөнгө тоншдог, олон улсын хэмжээний ажил хийсэн болж харагдаад татвараас зугтдаг үзэгдэл их юм билээ. Урлаг, утга зохиол дахь "олон улсын” гэх арга хэмжээний бараг 80 хувь нь шоу байдгийг биеэрээ мэдсэн. Тиймэрхүү ажлын хүрээнд гаргаж байгаа ном товхимолд бол оролцогч нэг бүрийг ялгалгүй шүлгийг нь хэвлэнэ шүү дээ. Танилцуулга маягаар... Орчуулгын зөв бурууг ч хянадаггүй. Иймэрхүү хэвлэлтээр биш, яг хэвлэлийн газар, сэтгүүлүүд рүү ном бүтээлээ явуулаад, шалгуурыг нь даваад хэвлэгдсэн бүтээл манайд ховор.

-Иймэрхүү ялгааг хүн бүр ялгаж харах боломжгүй байх л даа, Би ч гэсэн энэ ялгааг үнэндээ олж харж байгаагүй юм байна?

-Уг нь бүрэн боломжтой. Даанч ийм энгийн юмыг ч олж хардаггүй хүн олон юм билээ. Манайхны нэг хачин зан байна. Шуугиад л эхэлвэл шууд итгэчихдэг. Яг үнэндээ, зохиолчдод зориулсан олон улсын арга хэмжээнд том том зохиолчид бараг оролцдоггүй. Хаа нэг бэлгэ тэмдгийн шинжтэй л үзэгдэнэ. Наагуур нь, урлагийн менежерүүд л тоглоод байдаг. Менежер л болсон хойно, ажлаа сурталчилна ч гэж жигтэйхэн, баахан сайт нээгээд, сүржин сүржин юм бичээд, чанаргүй товхимол гаргаад л. Интернетэд эрийсэн их юм бичээстэй. Гэвч яг үнэндээ ямар ч үнэ цэнэгүй, зохиолчдоо хэрэггүй ажлууд болж өнгөрнө. Бас болоогүй ээ, тухайн фестивалийг дагасан худлаа, худлаа шагнал бий болгож, оролцогчдыг татах бодлого явуулна. Харин яг мэргэжлийн, том зохиолчдын цугларалт нам гүм болж, энд тэнд мэдээлэл гарахгүй өнгөрөх нь ч бий. Тиймээс залуу шүлэгч дүү нартаа хандаж хэлэхэд, фестивалиудад битгий ач холбогдол өг, харин гадаадын сайн сэтгүүл дээр шүлгээ хэвлүүлвэл арай бодитой үнэлгээ авлаа гэсэн үг. Уран зохиолд өөр үнэлгээ байхгүй.

-Мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх эрх гэдэг зохиолчдын хувьд нээрэн л шагнал юм даа?

-Яг үнэн. Утга зохиолын, сайн сэтгүүлүүд дээр гадаадын бидний шүлгийг хэвлэх байтугай өөрсдийнх нь улсын үй түмэн найрагч бүтээлээ хэвлүүлэх гээд хэдэн жилээр хүлээж суудаг шүү. Мундаг редактортой, утга зохиолын "мэтр” болсон том, том зохиолчдын эрхэлдэг сэтгүүлд шүлгээ хэвлүүлэхээрээ гадны зохиолчид шагнуулчихсан юм шиг л баярлах юм билээ.

-Г.Аюурзана гуай аль нэг орны мэргэжлийн сэтгүүлийн редакцид багтдаг уу?

-Тийм ээ. Солонгос, Оросын уран зохиолын хоёр ч сэтгүүлийн олон улсын зөвлөлд багтдаг. Өнгөрсөн жил Хятадын хоёр ч их сургуульд урилгаар очиж лекц уншсан. Монголын уран зохиолын тухай ч биш, "Орчин үеийн дэлхийн утга зохиолын чиг хандлага” гэсэн тодорхой сэдэв ирүүлж, лекц бэлтгүүлсэн шүү дээ. "Жин явж л байна...” цааш нь юу гэдэг билээ?

-Уншигчиддаа дуулгах өөр гоё, шинэ мэдээ байна уу?

-Байгаа. Аюурын "Арван зүүдний өр” урьд нь орос хэлээр орчуулагдан хэвлэгдсэн. Харин "Бөөгийн домог” нь саяхан оросоор хэвлэгдсэнийг манайхан мэдээгүй л болов уу.

-Таны ном бас Солонгост хэвлэгдсэн санагдаж байна?

-Орчуулагч И Ан На эгчийн хөдөлмөр. Монголын уран зохиолыг Солонгост таниулахын төлөө их юм хийж байгаа хүн. Бас утга зохиол судлаач, орчуулагч Абиру Михо байна. Манай маш олон найрагчийн шүлэг зохиолыг орчуулж, Японы сонин хэвлэлүүдэд нийтлүүлж, танилцуулж, үнэ хөлсгүй зүтгэж яваа хүн. Монгол хэлийг гайхалтай сайхан эзэмшсэн бүсгүй дээ. Мөн Санкт-Петербургийн их сургуулийн багш, доктор Мария Петрова гуай, Москвагийн Хүмүүнлэгийн Их сургуулийн доктор Скородумова гуай байна. Монголчуудад элэгтэй, биднийг гэсэн чин сэтгэлтэй хүмүүс. Энэ хэдэн сайхан гадны эрдэмтдийг бид дэмжиж, хайрлах ёстой шүү гэдгийг дашрамд хэлчихвэл болно биз дээ?

-Яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг элдэв гоё үгийн цуглуулга биш ч гэлээ уншихад л сэтгэл догдлох, гуниглах мэдрэмжийг зэрэг авч чаддаг. Чихрээр бол арааны шүлс асгарам гэж хэлмээр ч юм шиг. Эсвэл сэтгэл тайтгаруулах амтат дарс ч юм шиг?

-Шүлэг уншдаг хүн цөөн л дөө. Уншигчдыг дотор нь хувааж, ангилсан судалгаа ч бий. "Оюун санааны дээд зиндааныхныг яруу найргийн уншигч дотроос л хай!” гэж Умберто Эко хэлсэн байсан. Хэрэглэгч цөөтэй тусмаа л "тусгай” гэж ойлгох хэрэгтэй. Утга зохиолын олон төрөл дотроос яруу найраг бол тансаг хэрэглээний бараа л гэсэн үг. Гэхдээ тайзны шүлгүүд биш шүү.

-Ерээд оныхон өөрсдийгөө "мөнгөн үеийнхэн” гэж тодотгодог. Үнэхээр "мөнгөн” гэсэн тодотголдоо дүйцэж чаддаг уу?

-Уран зохиол дахь 90-ээд он их өвөрмөц л дөө. С.Анударь, Ч.Мөнхбаяр гээд "хөндлөн” сэтгэлгээтэй хоёр хүн тэнд байх. Б.Одгэрэл, Д.Баттогтох, Ц.Батбаатар гээд гурван өөр нөхөр энд байх. Галсансүх, "Зүс бүгэг андууд”, "Хүрээ хөвгүүд”

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

http://www.emdadpaytakht.com/comme/clearance-speedo-teamster-backpack-swimming-g
ym-bag-35lclearance speedo teamster backpack swimming gym bag 35l
python patchwork bag http://www.iraniansmspanel.com/critic/python-patchwork-bag

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex