Цахим сүлжээгээр бусдын нэр төрд халдсан этгээдэд хариуцлага тооцдог болъё
Сүүлийн үед твиттер, фэйсбүүк хуудсаар бодит үнэнд нийцэхгүй олон мэдээ, мэдээллийг иргэд хоорондоо асуудал болгон дэвшүүлж дор бүрнээ үнэлэлт дүгнэлт өгч бусдын нэр төрд халдах нь газар авлаа. Тухайлбал, уржигдар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа хүүхдээ сугавчилсан настай хүний зургийг цахим хуудсандаа тавьж дараах тайлбарыг хийсэн байв. Тэрбээр "Баянхошууны эцэст нялх хүүхдийг нимгэн даавуунд ороочихсон ганц шил юмаар солино гээд бариад явж байна гэнэ” гэжээ. Энэхүү мэдээлэл цахим сүлжээнд тавигдснаас хойш хурдтай тарж олон нийт ч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж зарим нэг сайтаар ч гарч эхэлсэн юм. Тэгвэл энэхүү мэдээллийг худал хэмээн зураг дээр гарсан настай хүний ар гэрийнхэн цагдаад гомдол гаргаж асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэхээр болжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн "Энэ сарын 01-ний өдөр нялх хүүхдийг шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, тухайн мэдээллийг тавьсан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайж эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан. Тухайн мэдээлэлд дурдагдсан иргэн өөрөө цагдаагийн байгууллагад хандсан. Тиймээс тухайн мэдээллийг тавьсан иргэн болон сайтуудад арга хэмжээ авч ажиллана.
Тухайн зураг дээр байсан эрэгтэй хүүхдээ түр салхилуулаад явж байсныг нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтийн сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж нэр хүндэд нь халдсан. Тиймээс энэ хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна” хэмээсэн юм. Энэ бол манай улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хариуцлага тооцох хэлбэр. Гэвч үүний цаана цагдаагийн байгууллагад хандаагүй хэдэн хүний нэр хүнд сэвтэж байгааг тогтоох боломжгүй юм.
Зураг дээрх хүүхдээ тэврээд явж буй өндөр настан Г.Доржсүрэн "Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэгтэл зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна лээ. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг ах нь мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” гэв.
Харин Г.Доржсүрэнгийн охин Д.Дэлгэрмөрөн "Манай аав 70 гаруй настай. Охиныг минь салхилуулаад явж байхад нь зургийг нь аваад буруу ташаа мэдээлэл гаргасан байна. 40 орчим насны хүн нялх хүүхдээ архиар солино гэсэн мэдээлэл гаргасан байна. Тиймээс бид энэхүү буруу мэдээлэл гаргасан хүмүүст хариуцлага тооцуулахаар холбогдох газар нь хандаж байна” гэлээ.
Ямартай ч цагдаагийнхан анх энэхүү мэдээллийг тавьсан иргэнийг эрэн сурвалжилж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйл анги буюу хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Яг үнэндээ цахим ертөнцөөр тархсан мэдээлэл бүхэнд олон нийт итгэж нэгэн рүүгээ шейр хийж үгийн муухайгаар доромжилдог нь нууц биш. Хэдийгээр цагдаагийнхан анх дээрх мэдээллийг тараасан иргэнийг эрж хайж байгаа ч үүнийг олж илрүүлэхд тун амархан гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, гар утасны дугаар бүрт өөрийн гэсэн IP хаяг байдаг ба дарсан зурагт нь цифрүүдээс бүрдсэн нэр бий. Мөн олон нийтийн сүлжээнд постлогдсон кодыг нь хүртэл илрүүлэх боломжууд цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт нэр устайгаа дурайгаад гараад ирдэг гэдгийг нэгэн эх сурвалж хэлж байсан юм. Хэдийгээр иргэд цахим ертөнцөд үзэл бодол, байр сууриа хэн нэг дарга эрх мэдэлтнээс үл эмээн илэрхийлэх, шүүмжлэл өрнүүлэх санаа бодлоо солилцох чөлөөт талбараа болгодог ч зарим талаараа бусдын нэр төрийг гутаан доромжлох нь хэрээс хэтэрч байгаа нь бодит үнэн. Жишээлбэл, байшингийн буланд тамхи татаж байгаа бүсгүйн зургийг нь авчихаад нөхөрт нь хэлнэ хэмээн мөнгө нэхсэн, хэн нэгний нүцгэн зургийг тавьж дарамтлах зэрэг олон хэрэг гарсаар байна.
Хэдийгээр техник технологийн хөгжлийг үгүйсгэж болохгүй ч үүнийг буруугаар ашиглах башир аргатнууд их байгааг дээрх хэргүүд харуулж байгаа юм. Түүнчлэн 2014 оны хоёрдугаар сард дунд сургуулийн нэгэн охины нүцгэн зургийг олон нийтэд дэлгэж шуугиан тарьж байсан. Зураг нь фэйсбүүк хуудаст тавигдсан охины хувьд гар утсаа хулгайд алдсан аж. Түүний утсыг нь хулгайлсан этгээд охины утсан дээр байсан угаалгын өрөөндөө цээж нүцгэн зургуудыг цахим ертөнцөд тавьснаас болж охин хичээл сургуульдаа очих байтугай сэтгэлзүйн дарамтад орж амиа хорлох дээрээ тулж байсан удаатай. Тиймээс иргэд цахим хуудаст мэдээлэл тавихдаа өөрсдийгөө илрэхгүй мэтээр хуурамч хаяг нээж бусдын нэр төрд халдаж байгааг энэ удаагийн үйл явдал гэрчлээд өглөө. Ямартай ч энэ мэтээр бусдын нэр хүндэд бүдүүлэгээр халдаж буй энэ үйл явдлыг хууль хяналтын байгууллагынхан яаралтай зогсоож арга хэмжээ авахгүй бол олон хүн хохирогч болж үлдсээр л байх нь байна шүү.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.