“Гудамж” төслийнхөн тендерийг ингэж будлиулдаг байсан уу?
Хөгжлийн банк, бондын мөнгөтэй "Гудамж” төсөл яахын аргагүй холбоотой юм. Аудитын болон ямар нэг ажлын хэсгийн шалгалтаар энэ төсөл элдэв но-гүй гарна гэж үгүй. Хамгийн сүүлд Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг л гэхэд III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэхдээ ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, энэ ажлын зураг төсөл гараагүй байхад 300 сая төгрөгийн гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр "Пабликроуд” ХХК-тай гэрээ байгуулсан байжээ. Гэтэл нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу гэрээнд зааснаас 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь илэрчээ.
Түүнчлэн "Гудамж” төслийн автозамын барилгын ажлын гүйцэтгэгч 12 компани тусгай зөвшөөрлөө 2013 оны 4,5 дугаар сард авсан байдаг аж. Энэ төсөлд зориулж шинээр байгуулсан компаниуд гэсэн үг. Тэр ч бүү хэл, дээрх III, IV хорооллын эцсийн уулзварын өргөтгөлийг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр "шалгарч”, нэлээд мөнгө туусан "Пабликроуд” ХХК нь "Гудамж” төсөлтэй ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулчихаад, дараа нь тусгай зөвшөөрлөө авсан байгаа юм. Даварсан "Пабликроуд” ХХК дээрх байдлаараа "Гудамж” төслийн олон ажлыг авчээ. Үүний нэг нь Хүй долоо худаг дахь "Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлж болох амралтын бүс, худалдаа үйлчилгээний бүс, мөн хөдөлгөөний урсгалыг саадгүй зорчуулах үүднээс авто болон явган замын сүлжээ, авто зогсоол, болон үйлчилгээний талбайг барих ажил юм байна. Энэ ажлыг "Пабликроуд” ХХК 1.20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ. Ийм байдлаар тэрбум тэрбумаар үнэлэгдэх тендерийг авдаг "Пабликроуд” ХХК татвараа төлөлгүй луу унжаад, эцэстээ шүүхэд очсон байгаа юм. Тус компани улсад төлөх ёстой 123.989.630 төгрөгийн татвараа төлөөгүй учир Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд ханджээ. Энэ дагуу 2016 оны есдүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнээс гадна нэгэн ноцтой зөрчил илэрсэн нь "Гудамж” төслийн хүрээнд баригдах автозамын ажлуудын зураг төсөл боловсруулах шатнаас зам, барилгын угсралтын ажлыг бүрэн дуустал хяналт, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий "Си Ти Ай инженеринг интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээ ажээ. Уг нь Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын зураг төсөл боловсруулах түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм” гэж бий. Энэ дүрмийн 1.3-т ийм ажил гүйцэтгэх байгууллага, аж ахуйн нэгж нь холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхыг заасан байдаг. Гэтэл "Си Ти Ай инженеринг интернэшнл” гэх Монголд ямарч бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй, Япон улсын компанитай шууд гэрээ байгуулаад ажиллуулсан байгаа юм.
Энэ мэтчилэн "Гудамж” төслийн нэрээр хөрөнгө мөнгө гулгуулдаг байсан байж болзошгүй олон зөрчил илэрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Гудамж” төслийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга явагддаггүй гэхэд болно. Энэ нь тус төслийн хүрээнд баригдах автозамын барилгын ажлуудын төсөв, төлөвлөгөөг Төслийн удирдах хорооны 81 тоот тогтоолоор баталж, автозамын барилгын ажлыг эхлүүлснээс харагдаж байгаа юм. Ингэж магадлал хийгээгүй зураг, төсвөөр автозамын барилгын ажлыг эхлүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 29.4 дэх заалтад "…Хөрөнгө оруулалтын төсөвт ТЭЗҮ хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана”, Барилгын тухай хуулийн 12.1-д заасан "…барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, мөн хуулийн 13.5, 13.2, 13.3-т заасан "…зураг төсөл хийгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно”, 16.2-т заасан "…Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг тус, тус зөрчжээ.
Энэ төслийн захирал нь Бадрахын Батболд гэж хүн бий. 1981-1986 онд Политехникийн дээд сургуулийг архитектор мэргэжлээр, 1994-1995 онд АНУ-ын Лос-Анжелесийн UCLA их сургууль "American Language Center”, Montana их сургуулийн Архитектурын тэнхим, 1995-1997 онд Хоккайдо их сургуульд суралцаж архитектурын мастер, (Housing Policy), 1997-2001 онд Хоккайдо их Сургуульд "Скандинавийн орнуудын хот төлөвлөлт” сэдвээр техникийн ухааны доктор, 2004 онд Нийслэлийн Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, 2004-2007 онд Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. 2013 оноос Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөх, "Гудамж” төслийн захирал гэсэн "албан ёсны” намтартай ажээ.
Б.БАЯР
Сэтгэгдэл байхгүй байна.