ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү Цог хар тамхины хэрэгт дахин холбогджээ
-АЙС БУЮУ МӨС БИЕДЭЭ АВЧ ЯВСАН, ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР СААТУУЛСАН БАЙНА-
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, С.Цог болон өмнө нь түүнтэй хамт хар тамхины хэрэгт шалгагдан хоригдож байсан Б.Энхтайван нарыг хар тамхи мансууруулах төрлийн бодис болох айс буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Цог болон Б.Энхтайван нарыг өнгөрсөн долоо хоногийн эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Улмаар Монгол улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хууль бусаар хар тамхи мансууруулах бодис биедээ авч явсан, давтан үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Б.Энхтайван нь биедээ их хэмжээний мөс авч явсан нь хэргийг хүндрүүлэх заалт болжээ. Харин С.Цогт холбогдох хэргийн хувьд биедээ хар тамхи авч явсан нь батлагдаагүй учир хуулиар хариуцлага хүлээлгүй өнгөрч болзошгүй гэдгийг хэлж байв. Өмнө нь 2014 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог, Б.Энхтайван болон нэр бүхий 11 хүн хар тамхины хэрэгт холбогдож, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн билээ. Дээрх хэрэгт холбогдсон зарим иргэдэд тэнсэн харгалзах ял оноож байсан бол С.Цог, Б.Энхтайван, Э.Золбадрал нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгаж, 2015 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа хорих 403-р ангид цагдан хорьж байсан юм. С.Цог нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд хэрэгт холбогдох үедээ Монгол улсын Хөрөнгийн биржид гишүүний зохицуулалтын албанд мэргэжилтнээр ажилладаг байсан. Тухайн үед түүнийг мөс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэмээн ялласан хэдий ч ашиг олох зорилгоор хар тамхи борлуулсан нь тогтоогдоогүй хэмээн ялыг хөнгөлөн зүйлчилсэн байдаг.
Түүнчлэн С.Цог нь мөрдөн байцаалтын шатанд мөсийг тарианы усны шилэнд хийн хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрснөөс гадна Б.Энхтайвантай нийлж, хамтран хэрэг үйлдсэн гэх Э.Золбадралд бүх хэргийг тохно хэмээн айлган сүрдүүлж байсан нь 2015 оны 3-р сарын 2-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд үлджээ. Улмаар шүүхээс С.Цогт хоёр жилийн хорих ял оноож цагдан хориж байсан энэ оны нэгдүгээр сард Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2016 оны нэгдүгээр сард хорих ангиас суллагдсан юм. Өршөөлийн тухай хуульд онц хүнд гэмт хэрэгтэн, хүний амь нас санаатайгаар бүрэлгэсэн, эх орноосоо урвасан буюу тагнуул хийсэн, хүн хулгайлсан, хүн худалдсан, хүчиндсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах буюу эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд тус тус хамрагдах боломжгүйхэмээн заасан байдаг. Тиймээс тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүүд дээрх зүйл заалт үйлчлээгүй бололтой хэмээн бичиж байсан юм.
Эх сурвалж:Мэдээ.мн
Б.ЦОГ
Сэтгэгдэл байхгүй байна.