Японы Элчин сайд болон Ерөнхий консул нутаг буцав
ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу "зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн дурсгалд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө талд байрлуулсныг холдуулахаас Сөүл татгалзсантай холбоотойгоор Япон улсаас Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Ясүмаса Нагаминэ, Ерөнхий Консул Ясүхиро Моримото нар өнөөдөр эх орондоо буцаж ирлээ.
Уг хөшөөг Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэгэн байгууллага өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр Японы Ерөнхий Консулын газрын өмнө байрлуулсан юм. Үүнтэй холбоотойгоор Япон улс Элчин сайд болон Ерөнхий Консулаа Өмнөд Солонгосоос эгүүлэн татаж, валют солилцох асуудлаарх хэлэлцээг зогсоож байгаагаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн билээ.
"Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эргэлт буцалтгүйгээр эцэслэн шийдвэрлэхээр Өмнөд Солонгос болон Японы Засгийн газрууд 2015 оны 12 дугаар сард тохиролцоонд хүрсний дараа Өмнөд Солонгосын тал нэгэн тусгай санг байгуулжээ. Өдгөө амьд сэрүүн байгаа "зугаацуулагч эмэгтэйчүүд” болон тэдний ар гэрийнхэнд туслах зорилго бүхий уг санд Япон улс 1 тэрбум иен хандивласан байна.
Г.Доржханд
Сэтгэгдэл байхгүй байна.