“Насны хишиг”-ийг олгохдоо зээл, зээлийн хүүнд суутгахыг хориглоно
Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав.
Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасан. Энэ дагуу:
- 65-69 настай ахмад настан 50 мянга
- 70-79 настай ахмад настан 80 мянга
- 80-89 настай ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Насны шалгуур хангасан Монгол Улсын иргэн эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан Насны хишгээ авах юм.
Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очих шаардлагатай бөгөөд халамжийн ажилтан бичиг, баримтыг өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлнэ.
Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгох юм.
Харин гадаадад оршин суугаа иргэний Насны хишгийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгохоор заажээ.
Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ. Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгалаа. Ахмад настан хүсэлт гаргавал шинээр данс нээлгүй тухайн банкин дахь өөрийнх нь данстай холбож болохоор зохицуулсан байна. Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.
Насны хишгийг 2017 онд улсын хэмжээнд 122 мянган ахмад настанд олгох бөгөөд тэднийг насаар нь авч үзвэл 65-69 настай 43089, 70-79 настай 57624, 80-89 настай 18700, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад байна.
Сэтгэгдэл байхгүй байна.