Эмэгтэй хүний биед хүрэхийг хориглоно
Тэгвэл тийм шаардлага зайлшгүй байна. Саяхан найзыг маань нэг байгууллага орох гээд шатаар өгсч явахад нь нэг танихгүй этгээд өгзөгнөөс нь базаад авсан гэж байгаа. Мөн нэг танил эмэгтэйг маань гудамжинд явж байхад нь бас л танихгүй этгээд хөхнөөс нь базаад авч. Иймэрхүү тохиолдол маш ихээр гарч байгаа. Тэр дундаа гудамжны тэнэмэл, хог түүдэг этгээдүүд охид, бүсгүйчүүд рүү дайрч, хөх, өгзөгнөөс нь барьж, элдвээр айлгадаг тохиолдол цаг үргэлж л гарч байдаг. "Гудамжны тэнүүлчдэд” хөөгдөөд гэх эмэгтэйчүүдийн яриаг хаанаас л бол хаанаас сонсч болно. Тэглээ гээд цагдаад хандах боломж байхгүй. Тийм дүрэм журам, тогтолцоо байхгүй болохоор тэр шүү дээ.
Ер нь бол эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй хүрэх, хөх, өгзөгнөөс нь барих, илэх зэргийг бэлгийн хүчирхийлэлд тооцно гэж үздэг гэдэг. Гэсэн ч хэн нэгэн эмэгтэй ‘Танихгүй залуу миний өгзөгнөөс базлаа, хөх барилаа” гээд Цагдаад очвол шал тоохгүй нь мэдээж шүү дээ. Гэтэл нөгөө талдаа тухайн эмэгтэй ямар нэг байдлаар цочролд орж, сэтгэл санаагаар хохироод л өнгөрч байгаа юм. Үндсэндээ манайд эмэгтэй хүнийг хүчирхийлээд, бэлгийн харьцаанд орвол л гэмт хэрэг гэж үзэж, шийтгэл оногдуулдаг нь зарим хүмүүст боломж олгож байж ч болох юм.
Гудамжинд явж байгаад огт танихгүй эмэгтэйгийн хөхнөөс барьж, өгзөг рүү нь алгадна гэдэг байж болох асуудал мөн үү. Нэг талаар таашаал авч байгаагийн л хэлбэр биз дээ. За яах вэ, бааранд ороод, нэг нэгэндээ наалдаад бүжиглэж байдаг залуус бий. Тэр мэтийг ялгаж салгах л байх. Харин гудамжинд, өөрийг нь мэдээгүй байхад өгзөгнөөс нь базаад авна гэдэг цэвэр гэмт үйлдэл мөн биз дээ. Тиймээс л хууль, журам хэрэгтэй байна. Эмэгтэй хүний биед хүрэхийг хориглосон хууль, журам. Тэгэхдээ хуулийнхаа заалтыг маш нарийн тодорхой болгох хэрэгтэй. Хаана, ямар үед гээд л. Тэгээд хориглох тэмдэгтэй самбарыг гудамжинд байрлуулмаар байгаа юм.
Мөн шийтгэлийн тогтолцоог ч нарийвчлах хэрэгтэй. Торгох, тэд хоногоор баривчлах гэх мэт. Хууль гарчихдаг юм гэхэд хүүхнүүд тэгж ч миний хөх, өгзөгийг минь базлаа гээд цагдаа руу гүйгээд байхгүй нь мэдээж. Яах вэ, зарим нэг хүн залилах гэсэн этгээдүүд тэгж магадгүй л юм. Гэхдээ тэр зоргоор нь хэнийг ч хамаагүй барьж аваад, торгоод, ншйтгээд байна ч гэж юу байх билээ. Хамгийн гол нь хууль гарчихвал үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг нэгэнт хуульчилчихсан болохоор гудамжинд эмэгтэй хүний биед хүрээд байдаг гаж донтонуудын үйлдэл багасах болов уу. Бүр алга болж ч болно шүү дээ. Тэгвэл л үр дүн нь гарлаа гэсэн үг.
Н.Пунцагболд