Трамп эмэгтэй сэтгүүлчийг дахин үг хэлээр доромжлов
"The New York Times" хэвлэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хөгширч буйг илтгэх мэдээллүүдийг нэгтгэн нийтэлжээ. 79 настай Трамп тухайн нийтлэлийг хамтран бичсэн эмэгтэй сэтгүүлчийг "царай муутай" гэж доромжлов. Гэтэл ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө тэрбээр өөр эмэгтэй сэтгүүлчийг "гахай" гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан билээ.
"The New York Times" хэвлэл Трампын олон нийтийн арга хэмжээний энэ жилийн хуваарийг өмнөх бүрэн эрхийн хугацааныхтай нь харьцуулсан байна. Харьцуулалтын үндсэн дээр америкчууд Трампыг өмнөхөөсөө хамаагүй цөөн удаа харах болсныг олж тогтоожээ. Трамп олон нийтийн арга хэмжээнүүдэд 2017 оныг бодвол хамаагүй цөөн оролцож байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцлоо ч гэлээ биеийн ерөнхий хэлэмж нь ядарсан шинжтэй байх болсон гэж тус нийтлэлд дурджээ. Түүнчлэн Трамп гадаад айлчлалд их явж байгаа ч дотоод айлчлалд төдийлөн явахгүй байгаа аж.
Хэдийгээр олны өмнө гарч ирэх нь цөөрсөн ч гэлээ түүний оролцоог Жо Байдентай харьцуулшгүйг мөн онцолжээ. Трамп америкчуудын амьдралд ямар нэг байдлаар оролцсоор, хэвлэл мэдээлэлд Байденаас илүү олон давтамжтай яриа өгсөөр байна.
Тэрбээр Лхагва гаригийн өглөө "The New York Times" хэвлэлийн нийтлэлд хариу өгөхдөө "Тэр бүтэлгүй хэвлэлийн өөдгүй амьтад ахиад л өнөөхөө хийж байна. Нийтлэлийг бичсэн Кэти Рожерс нь миний талаар зөвхөн муу зүйлсийг л бичих үүрэгтэй. Гаднаасаа ч, дотроосоо ч царай муутай гуравдугаар зэрэглэлийн сэтгүүлч" гэжээ.
Нийтлэлийг Кэти Рожерс болон Дилан Фридман нар хамтран бичсэн. Дилан Фридман гэх эрэгтэй сэтгүүлч нь "The New York Times"-ын хиймэл оюун ухааны санаачлагын багт мөн ажилладаг.
Үргэлжлүүлээд тэрбээр энэ онд хэрхэн хичээнгүй ажилласнаа тодотгон бичсэн байна. "Би санал асуулгаар урьд өмнө байгаагүй өндөр оноо цуглуулсан. Миний эрч хүч багасах өдөр ирж л таарна, ийм зүйл хүн бүхэнд тохиолддог. Гэхдээ саяхан өгсөн бүрэн хэмжээний эрүүл мэндийн үзлэг, танин мэдэхүйн шинжилгээг харахад одоохондоо арай ч үгүй" гэж тэр хэлжээ.
Хэвлэлийн нийтлэлд Трампын аравдугаар сарын эхээр өгсөн "MRI" шинжилгээг дурдсан байв. Трамп тухайн үед шинжилгээ өгсөн ч нарийн учир шалтгааныг олон нийтэд тайлбарлаагүй.
Трамп зөвхөн эмэгтэй сэтгүүлчээр тогтохгүй "The New York Times" хэвлэлийг ч доромжилсон. Ашиг орлого нь тогтмол өсч буй "The New York Times" хэвлэлийг тэрбээр "удахгүй дампуурах бизнес" гэж тодорхойлсон байна. Мөн тэрбээр энэ хэргээс болж "The New York Times"-ыг шүүхэд өгч байгаа аж. Гэсэн ч энэ нэхэмжлэл нь амжилт олох магадлал багатай гэдгийг хуулийн мэргэжилтнүүд хэлж байна.
"The New York Times"-ийн хэвлэлийн алба Рожерсыг хамгаалан мэдэгдэл хийжээ. Ингэхдээ "Бид баримтад тулгуурлан үнэн зөвийг мэдээлдэг. Хэн нэгнийг нэр цохон доромжлох нь юуг ч өөрчлөхгүй. Манай сэтгүүлчид иймэрхүү айлган сүрдүүлэх тактикийн өмнө засаг захиргааны үнэнийг эрэн сурвалжлахдаа эргэлзэж тээнэгэлзэхгүй. Бие даасан, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Америкийн ард түмэнд засгийн газар болон удирдлагуудыг илүү сайн ойлгоход нь тусалдаг болохыг Кэти Рожерс шиг мэргэжилтэн болон сэтгүүлчид харуулж байна" гэжээ.



Сэтгэгдэл байхгүй байна.