Хонгконг: Гал түймрээс болж 279 хүн сураггүй хэвээр байна
Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд Лхагва гаригт /2025.11.26/ гал гарч, дор хаяж 44 хүн амиа алдаад байна. Мөн дор хаяж 279 хүн сураггүй байгааг өнөө өглөөний байдлаар мэдээллээ. 66 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 17-ийнх нь биеийн байдал хүнд байна.
Тус хороолол нь найман барилгатай бөгөөд 2000 орчим айл оршин суудаг. Хамгийн сүүлийн үеийн хүн амын тооллогын мэдээлэл харвал эдгээр орон сууцанд 4600 гаруй хүн амьдардаг ба олонх нь ахмад настан аж.
Лхагва гаригийн оройн 21:00 цагийн орчимд найман барилгын долоо нь шатсан хэвээр л байлаа. Гал асар хурдтай тархсан бөгөөд эхлээд гуравдугаар түвшний сэрэмжлүүлэг зарласан байсан нь ердөө гурван цагийн дараа тавдугаар түвшин болж өссөн байна. Нийт 128 гал сөнөөх машин, 767 гал сөнөөгч болон 57 түргэний машин ослын газарт ажиллаж байна.
Нэгэн оршин суугчийн хэлснээр, гал эхэндээ өөрөөс нь хавьгүй хол санагдсан учир гарах гэж яараагүй гэнэ. Бас галын сэрэмжлүүлэг ч огт дуугараагүй аж. Гэвч гадаа гарсныхаа дараа тухайн оршин суугч гал түймрийн цар хүрээг нүдээр харж, улмаар бүх юмаа орхин гэрээсээ гарчээ.
Дээд давхрын оршин суугчдыг аврахад хүндрэлтэй байгааг Хонконгийн Гал түймэртэй тэмцэх газрын дэд захирал Дерек Армстронг Чан хэлсэн юм. Гал сөнөөгчид асар өндөр температур дор ажиллаж байна. Гацсан хүмүүсийг хаалга, цонхоо хааж, тууз, нойтон алчуур зэргээр битүүлэхийг зөвлөжээ.
Хамгийн гол нь барилгын гадна талын хана хулсан бүтэцтэй. Тэрхүү хулсан бүтэц нь галд тэсвэртэй гэх боловч бүрэн хэмжээний томоохон гал гарсан тохиолдолд эцсийн эцэст шатамхай л зүйл гэдгийг албаныхан онцолж байна. Барилгын хамгийн гадна ханыг ган эсвэл хөнгөн цагаанаар хийхийг оролддог ч гэлээ Азид хулс илүү олдоцтой, хямд байдаг тул ашигладаг аж. Хулсан хийцийг Хан гүрний үеэс эхлэн барилга байгууламжид өргөнөөр ашиглажээ. Гэвч аюулгүй байдлын асуудал дагуулдаг тул шинэ баригдаж буй барилгуудын гадна хийцэд төмөр ашиглахыг Хонгконгийн хөгжлийн товчоо зөвлөсөн байна.
Түүнчлэн полистирол хавтангуудаар олон орон сууцны цонхыг хаасан байсан нь гал хурдацтай тархах шалтгаан болсон байж магадгүй. Полистирол хавтан нь маш шатамхай.
Нийт 700 гаруй оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Оршин суугчдад зориулж Тай По дүүрэгт байрлах спортын цогцолборыг яаралтай тусламжийн байр болгон хувиргаад байна.
Лхагва гаригийн үдээс хойш гарсан гал өнөө өглөөний байдлаар /2025.11.27/ бүрэн унтраагүй хэвээр байгааг "CNN" мэдээлэв. 18 цаг орчим үргэлжилж буй гал түймрийг дарахаар гал сөнөөгчид ажилласаар байна.
Хонгконгод сүүлийн 30 жил ийм аймшигтай гал түймрийн аюул тохиогоогүй. Хамгийн сүүлд 2011 онд Монг Кок дүүргийн Фэ Юэн гудамжинд гал гарахад есөн хүн нас барж байжээ. Түүнээс өмнө 1997 онд нэгэн караоке бааранд гал гарснаар 17 хүн амиа алдаж байв. Барилгын стандартыг чанд мөрддөг тул Хонгконгод ийм төрлийн гал гарах нь ховор. Хүн амын нягтаршил ихтэй, өндөр барилгууд олноор төвлөрсөн, үе үе хүчтэй хар салхинд өртдөг зэрэг эрсдэлтэй хүчин зүйлс байдаг ч гэлээ барилгын чанар сайн тул аюул харьцангуй холуур өнгөрдөг.
Дашрамд дурдахад, орон сууцны хорооллын гал түймэртэй холбоотойгоор гурван хүнийг баривчлаад байгаа аж. Тэдгээр нь барилгын компанийн захирал хоёр хүн, зөвлөх компанийн нэг албан тушаалтан юм. Цагдаагийн байгууллага гал түймрийн шалтгаан болон бусад холбогдох хүчин зүйлийг шалгаж байна.






Firefighters try to extinguisha fire that broke out at Wang Fuk Court, a residential estate in the Tai Po district of Hong Kong's New Territories, Wednesday, Nov. 26 2025. (AP Photo/Chan Long Hei)






Сэтгэгдэл байхгүй байна.