Ц. Мөнхбаяр: Бид “Жинхэнэ буу барья, сумтай ч байлгая” гэж тохирсон

0


-НАМАЙГ ШОРОНД ОРСНЫ ДАРАА УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ИХ ЯВАГДСАН-

"Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Шүүхээс түүнд Төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээсэн хэргээр "Занданчлах” зүйл ангиар долоон жилийн хорих ял оноосон. Тэрбээр 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан. Тэрээр хэсэг нөхдийн хамтаар урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүчингүй болгох гэж байсныг эсэргүүцсэнээр 1700 гаруй хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж чадсан билээ. Харин түүнийг шоронд орсон хойгуур тус хуулийг хэлэлцэх замаар хүчингүй болгож, одоог хүртэл тусгай зөвшөөрөл олгосоор байгаа бөгөөд байгаль орчин үүний балгаар сүйдээд байгаа юм. Харин түүний нэр төр шүүхээр цагаатгагдсан байгаа аж.

-Та суллагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж байв?

-Би 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр суллагдсан. Ялын хэмжээ нийтдээ долоон жил байсан, шоронд суусан хугацаа хоёр жил зургаан сар болсон байна. Нөгөө л арав гаруй жил байгаль орчныхоо төлөө хөөцөлдөж байсан "Урт нэртэй” хуулийн талаар тэмцлээ үргэлжлүүлэх гэсэн боловч бүтэж байгаа зүйл тун бага. Одоо тун ярвигтай байна.

-Яагаад ажил тань бүтэхгүй байгаа хэрэг вэ?

-Тодорхой шалтгаанууд байна л даа. "Урт нэртэй” хуулийн бүхий л  үйл ажиллагаа явагдаад, 12 жил болоод, төлөвшиж тогтсон байна. Намайг хоригдох хүртлээ шүү дээ. Шоронд орсон хойно миний тухай янз бүрийн гүжирдсэн, гутаасан олон нийтийг самгардуулан хуурах ажиллагаа нилээн идэвхтэй явагдчихаар эргээд анх босгож байснаасаа ч дор болчихсон байдаг юм байна. Тухайлбал, нэр төр гутаагдчихсан, сэвтчихсэн байдаг юм байна. Яагаад гэхээр улс төрийн шалтгаанаар мэдээлэл их хүчтэй тарсан учраас шүү дээ. Дотооддоо төдийгүй олон улсын төвшинд ч тэр буруу ойлголт төрүүлчихсэн. Үүний ул мөрийг арилгах, зохицуулахад их хугацаа ордог бололтой. Багагүй төвөгтэй байна. Одоогийн байдлаар би террорист хүн, ингээд гуйвуулчихаар хэцүү болж байгаа юм. Дээр нь дээрэмчин, тонуулчин гээд олон нэр дагуулаад зүүсэн нь бүр л төвөгтэй болгож байна. Энэ нь олныг сэвтээсэн суурь үлдээчихсэн. Тэрний учрыг тайлж явах гэсээр байтал их цаг хугацаа ордог. Хүмүүсийн дундах эргэлзээ тайлагдаггүй бололтой юм. Дээр нь хамтарч байсан хүмүүс, надтай хамт тууштай "урт нэртэй” хуулийг өөрчлөн батлуулахгүйн төлөөр тэмцэж байсан хүмүүсийг дарамтлах, айлган сүрдүүлэх зэрэг ямар л арга байна бүгдийг хэрэглэсэн. Тэд маань бутарсан, хүчгүй болсон, сарнисан байна. Тэгэхээр асуудал хүнд байна. Анх байснаас ч бүр дор нөхцөл байдалд хүргэчихсэн байна. Тулгарсан хүн л үүнийг мэднэ, тулж очоогүй хүн мэдэхгүй дээ.

-Таныг суллагдаад гарч ирэхэд улс төрчид, ард иргэд хэрхэн хүлээж авч байв?

-Ерөнхий хадлага нь, хөөрхий минь эерэг байсан. Бидний төлөө нутаг ус байгалийнхаа төлөө өөрийгөө зольж, шоронд хүртэл суугаад гараад ирсэн хүн шүү дээ гэх хандлагаар хүндэлж байсан. Тийм ойлголттой боловч дээр хэлсэн нөгөө айхтар зүйлүүд байх хандлагатай. Хүмүүс "Та нээрээ тэгсэн юм уу” ч гэж хүртэл асууж байх жишээтэй. Нөгөө хар мэдээлэл тайлагдаагүй юм уу, бүр эсрэгээрээ ойлгочихсон явж байгаа ч хүн байна. Хүмүүсийн ойлгох өнцгийг хэвлэл мэдээллийнхэн төөрөгдүүлж байна. Барууны сэтгүүлзүй гэдэг юм чинь өөрөө том урхи байгаа юм. Тэрэнд бид уусаад орчихсон. Барууны сэтгүүл зүйн номлол өөрөө их зэвүүн.

-Зэвүүн гэдгийг жаахан тодруулахгүй юу?

-Ямар утгаар хэлж байна гэхээр цаад учир шалтгаан нь сэтгүүлчдийг бэлтгэхдээ хамгийн муухай, хамгийн бохир, хар мэдээлэл явуулах ёстой гэсэн номлол угтаа явдаг. Үүний цаана улс орныг өөрийн хүсэл зорилгоор байлгах гэж бэлддэг хүсэл бий. Сүүлийн үеийн мэдээлэл дандаа хар тал руугаа байна. Хар бараан мэдээлэл биш бол тэр чухал мэдээлэл биш мэт. Үүний цаана их том аюул байгаа юм. Энэ их сайн үүрэг гүйцэтгэж байна. "Сониноор сайдыг цохиж ална” гэдэг шиг.

-Та анх тэмцэж байхдаа маш олон хүнтэй хамт байсан. Та бүхэнд Засгийн газрын гадна ямар зорилго өвөртөлж очсон юм бэ?

-Яагаад буу барих хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрт хүрсэн бэ гэдгийг олж харах хэрэгтэй. Өөр арга байхгүй байсан гэхэд болно. Товчхондоо тэр шүү дээ. Бид хэчнээн хичээгээд ч гэсэн өөр арга олж чадаагүй гэсэн үг. Яг юу хүсээд хийж байгаа юм бэ гэхээр Монгол орны голтой, ойтой газар нутаг 40 орчим хувь байдаг. Байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалж үлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэх газарт нутгаа л аварч үлдэхийн төлөө хийж байгаа ажил байсан. Хамгийн энгийнээр хэлэхэд ийм байна. Монгол орны хамгийн чухал байгалийн тэнцвэрийг хадгалахад онцгой нөлөөтэй бүс, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан газар нутгаа авч үлдэх гэсэн юм. Гэхдээ байгаль эхээ тэр нь сайхан, энэ нь муухай гэж болохгүй л дээ. Гэвч Монгол орны болон цаашлаад дэлхийд хамгийн их үр өгөөжтэй, онцгой үүрэгтэй байгалийн тэнцвэрийн хадгалж үлдэхэд онцгой үр нөлөөтэй тэр газар нутгаа авч үлдэхийн тулд хатуухан хэлэх юм бол амь нас, эд зүйл үүний хажууд юу ч биш гэж би боддог.

munhbayar

-БИДЭНД АНХНААСАА БУУДАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ОГТ БАЙГААГҮЙ-

 

-Хэрэгтэй гэж үзвэл амиа ч өгчихөөр тийм чухал гэж үү?

-Тийм ээ. Тийм учраас бид ийм байдалд аргагүй эрхэнд хүрлээ шүү гэдгээ "харуулах ажиллагаа” гэж бодож, томъёолж хийсэн. Тухайн үеийн бидний хурлын тэмдэглэлд байдаг. Гэхдээ одоо харамсалтай нь устчихсан байгаа. Тэр тэмдэглэлийг устгахаас өөр аргагүй байсан байх. Сүүлд нь тагнуулынхан зориуд устгасан байх. Бид ч бас шаардлагагүй гээд устгаж байсан. Яг тэр өдрийн өмнөх өдрийн хурлаар бид хэлэлцээд шийдэж байсан юм. "Харуулах ажиллагаа” явуулахдаа яг юуг харуулах вэ гэдгээ ярилцсан. Хурлаар зарим хүмүүс тоглоомон буу барьсан нь аюулгүй юм гэж байсан. Удаан хэлэлцсэний эцэст харуулах юм бол харуулсан шиг харуулах ёстой. Жинхэнээсээ буу барих ёстой. Тоглоомон буу барьж, сүүлд амьтан хүний доог тохуу болж байснаас тэр нь дээр гэж байсан. Тоглоомон буу барьсан бол магадгүй тэр үед инээдэм болгоод тоглоод өнгөрөх байсан байх. Ингээд яг л байгаагаараа бодитой харуулъя. Ингэхдээ жинхэнэ буу барих хэрэгтэй, дүүрэн сумтай ч байлгая гэж тохирсон юм. Бид гурван жил цэргийн алба хаачихсан хүмүүс байсан учраас хэрхэн яаж буутай зөв харьцах вэ гэдэг тал дээр ямар ч асуудалгүй байсан. Мөн гранат,  тэсрэгч угсарвал аюулгүй болгох боломжгүй байдаг юм. Тийм учраас дэслэгч угсраагүй байсан учраас юмаар цохисон ч ямар ч аюулгүй. Тийм болохоор буу, гранат бариад "харуулах ажиллагаа” хийгээд үүнээс өөр арга үлдсэнгүй шүү гэдгийг харуулах л зорилготой байсан.

-Тэр үед "харуулах ажиллагаа”-нд хэдэн хүн оролцсон юм бэ?

-Тухайн үед бидний зохион байгуулсан "харуулах ажиллагаа”-нд буу барина гэдгийг мэдэж байсан хүн маш цөөхөн байсан. Зэвсэг барьсан 2-3 хүн л мэдэж байсан. Бусад хамт байсан хүмүүс мэдээгүй байсан. Мэдэх ч шаардлагагүй байсан байх.

-Та бүхний зорилго эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хий буудах байсан юм уу?

-Үгүй. Буудах төлөвлөгөө огт байгаагүй. "Урт нэртэй” хуулийг өөрчлөх гэж байгаа үйл ажиллагаагаа зогсоо гэсэн л шаардлага байсан. Тэрийг өөрчлөхөөр 2013 оны есөн сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд орчихсон, хэлэлцээд эхэлж байсан. Тэрнээс өөр оновчтой өдөр гэж байхгүй шүү дээ. Бид чадлаараа энэ хуулийг өөрчлүүлэхгүй гэж тэмцсэн. Тийм учраас уулзаж хэлэлцээрт хүрэх санал хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй. Манай улс чинь дэлхийн цэвэр усны хагалбар дээр байдаг цөөхөн орнуудын нэг. Дэлхийн онцгой бүсэд байдаг. Учир нь гурван далайн ай сав руу манайхаас гарсан голууд очиж цутгадаг. Ийм орнууд олон биш. Энд байгалиа сүйтгэж байгаа нь цаашлаад дэлхий нийтийн байгалийн тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлж байдаг. Энэ тухайн зарим УИХ гишүүдтэй уулзсан. Төрийн өндөрлөгүүдэд бүгдэд нь хүсэлт өгсөн. Гэхдээ хэн ч бидэнтэй хамт "Урт нэртэй” хуулиа авч үлдье гэж хэлээгүй. Тэгээд л тэр "харуулах ажил”-даа тулж байгаа юм.

munhbayar

-БИДНИЙ ҮЙЛДЭЛ ХУУЛИАРАА БОЛ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛСАН ГАРЦААГҮЙ ХАМГААЛАЛТ БАЙХГҮЙ ЮУ-

-Хэн хэн буу барьсан юм бэ?

-н.Төмөрбаатар ах, бид хоёр буу барьсан. Мөн Дашцэрэн гэж саяхан өөд болсон залуу маань жижиг гар буу барьсан байсан. Харин Боогий ах маань хажууд буу барилгүй зогсож байгаад баригдчихсан юм. Тэрнээс бусад нь буу бариад орох тухай, гранатаа тавих тухай мэдээгүй байсан.

-Гранатаа яг хаана тавьсан юм бэ. Их олон янзын мэдээлэл байдаг шүү дээ?

-Үндсэндээ хоёр хэсэг юм. Уг нь бид ингэж тэмцэнэ гэдгээ арав хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж хэлж үзсэн. Хэн ч тоогоогүй. Тухайн өдөр маш олон хэвлэл ирсэн. Бид ашгүй дээ гэж бодож байтал орой мэдээ үзсэн чинь ганц нэгхэн цагаан мэдээ явсан. Хэвлэлийнхэн хүний гарт байгаа нь зарим юман дээр илт харагддаг шүү дээ. Тийм учраас ганц нэгхэн цагаан мэдээ яваад өөр юу ч гараагүй. Тийм учраас олон нийтэд мэдээлэх боломж байгаагүй. Ингээд бид тухайн өдрөө хэдхэн минутын өмнө "Бид буутай орлоо” гээд хэвлэлийнхэн рүү бичсэн.

-Энэ буу барьж орох шийдвэр аминд ч хүрэх магадлалтай гэдгийг та нар тооцоолсон байсан уу?

-Тийм. Хуулиараа биднийг тусгай хамгаалалттай газар руу буу барьж нэвтэрсэн гээд нухаад хаях боломжтой. Яагаад гэхээр хуулийн дагуу зэвсэглэсэн байсан учраас аюулгүй арга хэмжээ авсан юм гэхэд болох байхгүй юу. Тэрийг бид тооцолж байсан. Тийм ч юм болж болох юм. Тэр хүртэл хэр хугацаа байна гэж тооцоолж байгаад сэтгүүлч нарт 20 минутын өмнө зар хүргье гэж шийдсэн. Тэгээд Төрийн ордны гадна талын хашаан дотор буутай орчихоод зогсож байсан. Бусад буугүй хүмүүс нь хашааны гадна талд таниулах материалууд байршуулах байсан. Нэг ёсондоо Төрийн ордны гаднах хашааг тэр чигт нь сурталчилгааны самбар болгосон юм. Тэр нь юу гэсэн самбар байсан юм бэ гэхээр "Урт нэртэй” хуулийн тухай, тэр хууль анх яаж гарсан, ямар ач холбогдолтой вэ, яагаад энэ хуулийг хамгаалах ёстой вэ гэдгийг дэлгэрэнгүй бичсэн. Харин биднийг баригдах үеэр бүгдийг нь авчихсан.

-Та бүхэн энэ асуудлаар шүүхэд хандаж байсан санагдаж байна?

-Бид шүүхэд нэхэмжлэл гаргаад ялчихсан байсан. Тэр үед бидний үйлдэл хуулийн хүрээнд ял авахааргүй байсан юм. Уг нь тухайн үеийн мөрдөгдөж байсан хуулиараа аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал гэсэн заалт тэр үеийн хуулийн 40.1.2-т байдаг юм. Энэ хуулинд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн төрөлхтний гэмт халдлагаас хамгаалах аливаа үйлдэл, үйл ажиллагаанд энэ хуулийн тусгай ангид зааснаар гэмт хэргийн шинжтэй байсан ч Эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалт байдаг юм. Тэгэхээр бидний энэ үйлдэл хууль ёсны дагуу байсан юм. Нарийн авч үзвэл гарцаагүй хамгаалалт байхгүй юу. Гэвч нөгөөдүүл янз янзын арга хэрэглэж байгаад ял асуусан ийм л зүйл болсон.

-Буу барьдаг өдөр хэдэн хүн баригдсан бэ?

-Тухайн газраас шууд 20 гаруй хүн баригдаж байсан.

-Та өөрөө ялаа үүрч гарна гэж ярьсан гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Тийм. Хэр чинээндээ үүрээд байгаа нь тэр л дээ. Надтай хамт хоёр хүн ял авсан. Бусад хүмүүсээ мэдүүлэхгүй арга хэмжээ авсан. Хэрэв мэдэж байсан бол хамсаатан гэж ял авах байсан. Хэр чинээндээ л өөр дээрээ хариуцлагаа авч үлдэж байгаа юм. Гэхдээ ор ганцаараа байх боломжгүй байсан.

-Цагдаа нар хэдийд ирсэн юм бэ?

-Цаг харж байхад 20 минут орчмын дараа л тагнуулынхан болон цагдаагийнхан ирсэн.

munhbayar

- ТЭР ҮЕД ТАГНУУЛЫНХАН ЗОХИОМЛООР БУУН ДУУ ГАРГАСАН-

-Тэр үед та нарыг зориудаар буудсан, буудаагүй гэсэн хоёр өөр мэдээлэл гарч байсан. Үнэхээр буудсан юм уу?  

-Буун дуу гаргадаг нь хүч оруулахын тулд тагнуулынхны хийсэн ажил. Биднийг яахаас ч буцахгүй, аюултай нөхөд байсан, буудсан гэж харагдуулахын тулд тэр шүү дээ. Бид буудаагүй. Буудах ч зорилгогүй байсан. Тэгэхэд олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх болон яллахад буудсан болгосон юм л даа. Тагнуулынхан зохиомлоор буун дуу гаргасан. Ингээд баригдсан бүх хүнийг 177.2 гэдэг зүйл ангиар яллах гэж байсан. Тэр бол ялын дээд хэмжээтэй зүйл анги. Онц хүнд гэмт хэрэг гэсэн зүйл заалт байсан. Эрүүгийн хуулинд зааснаар төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн агуулгаар явж байсан. Их хурлын шийдвэр гаргах үйл явцад саад болсон гэсэн зүйл анги байсан. Их хурлын хууль батлах гэж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус байсан. "Урт нэртэй” гэж хэлэгдэж байсан "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газар, хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” гээд. Энэ хуулийг бид боловсруулж байсан шүү дээ. Бүр анхнаас нь "Гол мөрний хөдөлгөөнийхөн” гээд нийт зургаан хөдөлгөөнийхөн нийлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгосон юм. Дашдэмбэрэл гээд хуульч гардаж, бид тойрч сууж байгаад бэлэн болгож байсан хууль юм. Бэлэн болгоод нийтдээ гурван жил зүтгүүлж байж батлуулсан хууль. Энэ хуулиас зарим зүйл заалтыг шахсаар байгаад хасуулсан.

-Тухайлбал?

-"Байгаль орчны хохирол барагдуулахаар иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн заалтыг хасаж хаясан. Бид энэ хуулиа бас өлсгөлөн зарлаж байж 2009 оны долоон сарын 16-нд батлуулсан. Хуулийг хэрэгжүүлэхгүй бүтэн нэг жил гаран болсон юм. Ингээд сайхан болно гэсэн найдвар байхгүй болсон учраас дараа жил нь дахин нөгөө хасагдсан зүйл заалтаа хууль болгоод, Байгаль орчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль боловсруулаад дахин сэмээрхэн явуулж байгаад батлуулсан. Тэр  хуулийг хэн ч мэдэхгүй. Мөн биднийг зүтгэж байгаад батлуулсан гэдгийг хэн ч мэдэхгүй юм. Яагаад гэхээр биднийг гээд байх тусам шахагдаад, УИХ дээр дэндүү их удаад байсан болохоор цаг хугацаа алдаад, дэндүү их хохирол учирч байсан учраас нэг УИХ гишүүнд сэмхэн атгуулаад явуулъя гэсэн юм. Ингээд П.Алтангэрэл гэдэг УИХ-ын гишүүнд сэмхэн өгөөд, нэг их удалгүй жилийн дотор чимээгүй батлуулж чадсан. Бидний арга их зөв байсан.

-Ингэснээрээ ямар алхам хийх гэж байсан юм бэ?

-Засгийн газрыг хууль хэрэгжүүлэхгүй байгаа үед Монголын хуулиудад энэнээс өмнө Засгийн газрыг шүүхэд өгөх бүх боломж нь хаалттай байсан. Засгийн газрыг гаргасан хуулиа хэрэгжүүлээгүй гээд хариуцлагад татах ямар ч боломжгүй байсан юм. Ийм учраас бид хуулинд өөрчлөлт оруулах алхмыг дахиж хийгээд, бүтэлтэй байсан учраас Засгийн газрыг шүүхэд өгсөн. Бид хуулийн заалтын тэр хаалтуудыг арилгасан гэсэн үг. 2010 оны арван сарын 20-нд Засгийн газрыг хариуцагчаар татаж шүүхэд өгч байсан юм. Гурван шатны шүүхээр яваад, Дээд шүүхээр ороод, нэг жилийн дараа Засгийн газрыг буруутай гэж үзээд, хууль хэрэгжүүлэхийг даалгасан шийдвэр гаргасан. Одоо тэр бүгд хэрэгжих ёстой. Одоо ч тэр шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүү дээ. Хуулийн заалтандаа Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд УИХ болон Засгийн газар ч мөн адил шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой юм. Гэвч шүүхийн шийдвэрийн эсрэг биднийг баригдаж байх тэр үед өөрсдөө хуулиа зөрчиж, хуулийг өөрчлөх гэж байсан юм. Тэр өдрийн Засгийн газар, хууль ёсны байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус үйлдэл байхгүй юу. Дээд шүүхийн шийдвэрийн эсрэг Засгийн газар хууль өргөн бариад, УИХ өөрчлөх гээд хуралдаж байгаа нь хуулиараа буруу үйл ажиллагаа шүү дээ.

-Та бүхний үйлдэл хуульд нийцэж байсан уу?

-Хуулиа өөрчлүүлэхгүй гээд хамгаалаад зогсож байгаа үйл явц маань хууль ёсны үйлдэл байсан. Бид тэгж ч бодож төлөвлөж хийсэн. Тэгтэл эсрэгээрээ болчихсон. Энэ бүх болсон процессыг хүмүүс сайн мэдэхгүй байгаа учраас шал өөр ойлголттой байгаа юм. Шат дараатай явсан гэдгийг мэдэхгүй байгаа юм. Биднийг хоёр хууль боловсруулаад, төрийн гажуудсан бодлогыг засаад залруулаад, УИХ, Засгийн газрыг шахаад шаардаад хуулийн дагуу  явсан гэдгийг мэдэхгүй байна. Ганцхан буу бариад зогсож эсэргүүцлээ илэрхийлсэн гэдгийг нь яриад байдаг юм.

-"УРТ НЭРТЭЙ” ХУУЛИЙН ТӨЛӨӨ ЯВСАН ОЛОН НӨХӨД МИНЬ АЛУУЛСАН ДАА-

-Та бүхнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн олон нийтэд мэдээлсэн. Та өөрийгөө буруугүй гэж үздэг бололтой?  

-Тэгсэн. Биднийг яаж харлуулах вэ гэсээр байгаад л сүүлд нь гүтгэж, ял сонсгож, төрийн эсрэг гэмт хэрэгтэн мэт болгосон. Үнэндээ Засгийн газар өөрөө хуулийн эсрэг үйлдэл хийж байсныг бид зогсоосон шүү дээ. Намайг шоронд орсноос хойш гүтгэлэг их хүчтэй явагдсан. Шоронд сонин очдог болохоор сөхөөд харахаар намайг гүтгэсэн мэдээлэл их байсан.

-Хамгийн гол нь та бүхний тэмцлийн зорилго тухайн үедээ биелсэн шүү дээ. "Урт нэртэй” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг зогсоосон?

-Ямар ч байсан биеэрээ хааж байгаад хуулийг өөрчлөхийг хориглож чадсан. Яг тэр өдөр өөрчлөн батлах байсан бол УИХ хэлэлцэхээ хойшлуулсан. Нэмэлт, өөрчлөлт нэртэйгээр хуулийг үйлчлэхгүй болгох гэсэн санаа байсан. Тэгэх байсан боловч бид нар чээжээрээ хаасан. Гэвч харамсалтай нь биднийг шоронд байлгаж байгаад, 2015 оны хоёр сарын эхээр таван стратегийн орд газрыг тусгай хамгаалалтын жагсаалтад авсан. Тэгэхэд энэ хуулийг хүчингүй болгох ажил давхар явагдсан. Ингээд хэсэг мартагнуулж байгаад дахин хэлэлцээд хүчингүй болгосон.

-Уг нь хуулийн хүрээнд олон алтны уурхайн тусгай зөвшөөрлийг цуцалж чадсан шүү дээ?

-Ерөөсөө тийм. Ер нь 3000 гаруй тусгай зөвшөөрөл цуцлагдах байсан боловч заль хэрэглэсээр байгаад 1782 гаруй тусгай зөвшөөрлийг цуцалж чадсан. Тэдний үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. Тэдний 396 нь ашиглалтынх, үлдэж байгаа 1300 гаруй нь хайгуулынх байхгүй юу. Дандаа голтой, устай ай сав газар олборлолт хийж байгаа уурхайнууд. Энэ бас дутуу тоо. Яагаад гэхээр шат шатны төрийн албаныхан чинь бүгд авлига аваад, тусгай зөвшөөрлийг чинь хааж байдаг юм. Үүний цаана ил далд намуудыг санхүүжүүлж байдаг юм. Тэгэхээр энэ тэдний хувьд их том цохилт болсон. Тийм учраас удалгүй зүтгүүлж байгаад хүчингүй болгоод батлаад авсан юм даа.

-Тусгай зөвшөөрлийн асуудал замбараагүй болж, нутгийн иргэд малчид хүртэл тэмцээд нэмэргүй байна. Та энэ талаар юу хэлэх вэ?  

-Гараад ирсэн чинь уурхайнууд буцаад ухаад, олборлоод ажиллаад эхэлсэн байна. "Алт-2” хөтөлбөр хэрэгжээд, бүр зах замбараагүй, хуучин байснаасаа бүр дор болсон байна. Цаашид бүр л хэцүү болно гэсэн үг шүү дээ.

-Та бүхний арав гаруй жил зүтгэж батлуулсан байгаль, эх нутгаа хамгаалсан хууль байхгүй болчихлоо. Тэмцэж байснаас чинь бүр эсрэг эргэчихсэн?

-Үнэн үнэн. Яг тэмцэж байснаас эсрэгээрээ болсон байна. Одоо эргээд бүр долоон дор байна. Үүний төлөө тэмцэж байсан хүмүүс алуулаад дуусаж байна.

-Алуулаад аа?

-Бид тэмцэх хугацаандаа олон нөхдөө алдлаа шүү дээ. Хүмүүст тэр бүр мэдээлээд байх боломжгүй. Шоронд хоригдож байхад хоёр хүний амь нас эрсэдлээ. Их олон үйл явдал болсон. Тэрнээс өмнө ч олон нөхдөө алдаж байсан. Тэмцэл болгон их эрсдэлтэй. Цаанаа их хүнд сорилттой тулгардаг. Ихээхэн гарз хохирол амсаж байдаг ийм л хатуу тэмцэл. Гэхдээ тэр бүр бид ийм байна гээд байх боломжгүй. Тийм л байдаг. Энэ урт нэртэй хуулийн төлөө, байгаль орчны төлөө их олон хүн амиа алдсан даа. Тэр бүрийг би тоолж барахгүй байх. Шоронд орсон хэсэг хүмүүсийг л мэдэж байгаа. Тэрнээс цааш юуг ч хэн ч мэдэхгүй байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд танд хаалттай байна уу?

-Зарим нэг газар мэдээлэл гаргаж байна. Гэхдээ шүд зуун зүтгэж байгаа зарим ажлуудыг хэвлэл мэдээлэл мэдээлэхийг хүсэхгүй, ёстой хаалттай байна. Яг учир шалтгааныг нь гаргаж байгаа нөгөө талд халтай мэдээллийг огт гаргахгүй байна.

-ШҮҮХЭЭС МИНИЙ НЭР ТӨРИЙГ ЦАГААТГАСАН, ТЭРИЙГ ОДОО ХЭН Ч МЭДЭЭГҮЙ БАЙГАА-

-Нөгөө талд халтай мэдээлэл гэдэг нь?

-Нөгөө хуультайгаа холбоотой дахин сэргээх, нөхөн батлуулах асуудал байна. Мөн учирсан хохирлуудыг гаргуулна, хөдөлмөрийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэх мэтчилэн дандаа тогтчихсон хөтөлбөрүүд байдаг юм. Хүмүүс үүнийг сайн мэдэхгүй. Яг бидний буу барьсныг мэдээд байдаг болохоос биш, цаана нь яг хэний төлөө, юу хийгээд байсныг хэн ч мэдэхгүй. Их сонин. Яагаад ч юм, бүү мэд. Бид ч нэг их мэдүүлэх гээд яваагүй юм шиг байгаа юм. Гэтэл "Онги гол” хөдөлгөөн гээд 17 жил болж байгаа үйл явц дунд зөндөө олон ажиллагаа зэрэгцээд явсан. Тэрний нэг нь хуулийг батлуулсан явдал. Одоо хэрэгжилтийг нь хангуулах гэхээр барахгүй байна. Онги голын сав газруудад учруулсан хохирол нэхэмжлэх асуудал шүүхээр явна. Ингэхдээ байгаль орчны яамыг хариуцагчаар татсан. Буруутай гэдгийг нь тогтоосон. Хяналтын шатны шүүхэд яам гомдол гаргасан. Тэрийг нь шүүх авч хэлэлцээгүй. Яагаад гэхээр бидний зөв байна гэдэг утгаар байгаль орчинд учирсан хохирлыг нийтэд зарла гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Зарим нэхэмжлэл шүүхийн шатанд багагүй ахиж байгаа.

-Тийм үү. Юун нэхэмжлэл вэ?

-Хувь хүн талаасаа нэр төрөө сэргээлгэх ажлаа би шоронгоос гарч ирээд хийсэн. Намайг гүжирдсэн нөхдүүд эхнээсээ буруугаа хүлээсэн. Мөн шүүхээр миний нэр төрийг цагаатгасан шүү дээ. Тэрийг хүмүүс мэдэхгүй байна. Намайг хүндээрэмдсэн, ална гэж айлган сүрдүүлсэн зэрэг олон асуудал худлаа болох нь нотлогдсон. Намайг гүтгэсэн уурхайн нөхөр Мягмардорж гарч ирэхэд буруугаа хүлээгээд "Миний буруу, тагнуулынхан намайг айлгасан, сүрдүүлж байгаад ийм мэдүүлэг өг гэсэн. Тэгэхгүй бол чамайг адилхан шоронд хийнэ гэсэн” гээд хүлээсэн. Гэтэл энэ тухай огт мэдээлэхгүй байгаа юм. Түүнчлэн зарим нэг хүмүүс маань цагаатгагдсан. Мөн зарим нэг нас барсан хүнийхээ болон цаг хугацааны нөхөн төлбөрийг төрөөс нэхэмжилж авсан. Яагаад гэхээр хэрэг хийгээгүй байхад нь хорьсон учраас хуулиараа нөхөн төлбөр өгөх ёстой байдаг юм. Биднийг тухайн өдөр барьж хорьсон асуудал эргээд цагаатгагдсан. Би гэхэд хоригдсон асуудлаа шүүхэд өгсөн. Тэрний нэхэмжлэлийн шүүх хурал удахгүй болно гэх мэтчилэн явж байна даа.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт байна. Бүтэн өөрчлөлт хийхгүй бол монгол хүний амнаас болж байна гэдэг үг гарахгүй болсон. Энэ нь улс орон болохгүй байна гэдгийг л харуулж байна. Дээгүүрээ ч бужигнаж эхэлж байна. Одоо яг эгзэгтэй үе. Нөхдүүд болохоор Үндсэн хуульд 30-аад өөрчлөлтийг ард түмнийхээ төлөө оруулна гэж хэлээд өөрсдийнхөө төлөө хийж байна. Энэ бол маш том аюул. Тэгэхээр бид "Үгүй ээ, ийм замаар явна” гэдгийг тов тодорхой гаргаж ирэх ёстой. Бид одоо үүн дээр ажиллаж байна. Гол санаа нь улс төрийн нам улс орныг сүйдэлж байгаа. Энэ гол хүчийг эрс өөрчлөх хэрэгтэй. Тогтолцооны хувьд намгүйгээр байхаар гаргалгаа гаргаж байна. Үүн дээр гол анхаарлаа хандуулж байж ажиллахаар зэхэж байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.